
УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.06.25/-ийн нэгдсэн хуралдаанаар 11 асуудал хэлэлцлээ. Тухайлбал, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцсэн юм. Дээрх хуулийн төсөлд Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, Хяналт, үнэлгээний Үндэсний хороо, "20 минутын хот" Үндэсний хорооны даргын орон тоог хасаж, үйл ажиллагааг нь зарим яамдад шилжүүлэхээр болсон юм.
Тодруулбал, Боомтын сэргэлтийн Үндэсний хороог Сангийн сайдад, Хяналт, Үнэлгээний Үндэсний хороог Тэргүүн шадар сайд бөгөөд ЭЗХ-ийн сайдад, "20 минутын хот" Үндэсний хороог Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайдад тус тус шилжүүлэхээр тусгасан.
Тэгвэл хуулийн төслийн УИХ-ын чуулган, байнгын хороодоор хэлэлцэж, эцэслэн батлах санал хураалт явуулахад, гишүүдийн олонх нь дэмжсэнээр дээрх хуулийн төсөл эцэслэн батлагдлаа.