
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, "Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалд уул уурхайн бодлогыг зөв зохистой авч явах ёстой байдаг.
"Алт-3" хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай УИХ-ын тогтоолыг төслийг өргөн барихаар бэлдэж байна. "Алт- 3" хөтөлбөрийг хэрэгжүүлэх Засгийн газрын шийдвэр гарсан бөгөөд одоо УИХ-ын шийдвэр зайлшгүй шаардлагатай байгаа. Ер нь эдийн засгийн хүндрэлийн үед хамгийн том амь тариа болдог салбар бол алт. Тиймээс "Алт-3" аяныг хэрэгжүүлэх тогтоолыг 2025 оны төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлнэ" гэлээ.
Мөн тэрбээр, "Шатахуун импортлогчдод хөнгөлөлттэй зээл олгож, нөөц бүрдүүлнэ. Ойрхи Дорнодын бүс буюу Иран, Израилд болж буй нөхцөл байдалтай холбоотойгоор нефтийн брент үнэ 5.5 хувиар өссөн байна. Цаашдаа маш тогтворгүй, таамаглах аргагүй нөхцөл байдалд орох эрсдэл байгаа учраас Монгол Улс нефть бүтээгдэхүүний захиалгаа нэмэгдүүлж, сав суулганы багтаамжаа тэлэх замаар 8, 9-р сарын хэрэгцээгээ нөөцлөхөөр төлөвлөлөө. Мөн ОХУ-ын Роснефть компанийн Ангарский дахь үйлдвэр наймдугаар сарын 10-наас есдүгээр сарын 20-ны хооронд урсгал засвар хийхээ мэдэгдсэн.
Иймд, нефть импортлогчдод нөөц бүрдүүлэх хүрээнд хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг Монголбанкнаас гаргуулах асуудлыг Сангийн сайдад даалгасан Засгийн газрын тэмдэглэл гарсан" гэлээ.