
Үндэсний их баяр наадам хаяанд иржээ. Өдийд автомашин ёстой л талх шиг зарагддаг үе. Хэдий амралт, аяллын улирал эхэлж баярын сезон орсон ч “Да хүрээ” эль хуль байна. Зогсоолын талбайд автомашинууд төрөл төрлөөрөө ярайна. Харин зарагдаж байгаа нь өдрийн од шиг. Ченжүүд тамхилах зуураа “буу халцгаана”. Зарим нь машинаа зүлгэсэн шиг хүн харуулдана. Ченжүүдийн зүгээс наадмын үеэр автомашин зардаг байсан үе ард нь хоцорсныг дуу нэгтэй хэлж байлаа. Учир нь иенийн ханш чангарч үнэ нь тэнгэрт хадсан машинуудын урьдчилгаа төлбөр ч мөн 40 хувь болж хаданд гарав. Санхүүгийн зохицуулах хорооноос энэ оны хоёрдугаар сараас автомашины урьдчилгаа 10 хувь байсныг 30 болгосон ч бодит байдал дээр урьдчилгаа төлбөр 40 хувь болсон нь энэ босгыг давах хүн ховорджээ.
ЦАГААН САР, НААДМААР ХҮМҮҮС МАШИН АВАХАА БОЛЬСОН

Ченжүүдийн төлөөлөл Н.Сайнбилэг “Да хүрээ” зах дээр 9 жил машин борлуулж буй. Өдийд сезон ороод завгүй байдаг ч сүүлийн үед зогсоолын төлбөр төлж, машинаа зүлгэхээс хэтрэхгүй болжээ. Тэрбээр “Урьд жилүүдэд цагаан сар, наадмаар хүмүүс машин авдаг байсан. Одоо машин авч байгаа хүн алга. Урьдчилгаа төлбөр өндөр, бэлэн мөнгөөр машин авдаг хүн ховор байна шүү дээ. Иргэддээ нийцэхгүй бодлого явуулж төр засаг нь ямар чадваргүй болох нь харагдаж байна л даа” гэв.
“Даарин дээр нь давс нэмэв” гэгчээр Монголбанкнаас өр орлогын харьцааг 50/50 болгож хэрэглээний зээлийг хумих бодлого барьснаар цалингийн орлоготой иргэдийн хувьд машинтай холбох нь мөрөөдөл болжээ. Хэдий урьдчилгаа төлбөр өндөр болсон ч иргэдийн ярьж байгаа шиг автомашины үнэ буураагүй байна. Эсрэгээрээ үнэ нь өссөн болохыг ченжүүд ярьж байлаа.
ИЕН ЧАНГАРЧ МАШИНЫ ҮНЭ ӨССӨН

Тэдний төлөөлөл А.Гантулга “Автомашины үнэ буураагүй. Иен гэхэд хоёр төгрөгөөр чангарч нэг сая иенээр авдаг байсан машин хоёр сая иен болж үнэ өссөн. Тиймээс автомашины үнэ буурахгүй” гэв.
Шатахуун бага зарцуулдаг тоёота приус маркийн автомашиныг монголчуудын дийлэнх олонх унадаг. Улаанбаатарын замаар "урсаж" байгаа авто машиныг харахад л ойлгомжтой. “Да хүрээ” захад 2013 оны приус-41 загвар 32 сая төгрөг байхад 2018 оных 40 сая төгрөгтэй байна. Зарим хүмүүс приус-30 машинаа зараад 41 болгох сонирхолтой ч үнэ нь өссөн тул зээл авахаас өөр аргагүй болж байгааг ярьж байсан юм.
АВТОМАШИНЫ ҮНЭ НЭМЭГДСЭН БАЙНА, МӨНГӨ ДУТЧИХЛАА

Баяраас урьтаж машинаа шинэчлэхээр явж буй иргэн Б.Мөнхзаяа “Машины үнэ хямдарсан гэж байсан ч өссөн байна. Машинаа сайжруулахаар Приус-41-тэй болохоор 25 сая төгрөг хүрэх байх гэж бодсон ч дутлаа. Дахиад таван сая төгрөг хэрэгтэй болоод дөрвөн саяыг нь оллоо. Банк бусаас зээл авна гэхээр хүү өндөр юм. Ямартай ч машинтай болчих байх аа” гэж байв.
ХҮМҮҮС АВТОМАШИН АВАХААС ИЛҮҮ САЙЖРУУЛАХ СОНИРХОЛТОЙ БАЙНА

Ченжүүдийн хэлснээр баяр наадмаар хүмүүс шинэ машин авч унахаас илүү он хуучинтай автомашинаа сайжруулах сонирхолтой болжээ. Мөн баяр угтаж хүмүүс жийп шинээр худалдан авдаг байсан бол одоо автомашинаа зараад жийп төрлийн автомашин унах сонирхолтой болсон байна. Гэхдээ жийп төрлийнх ч байсан, приус ч ялгаагүй автомашины борлуулалт муудсан тул зарим нь арга буюу ярьж тохироод үнээ буулгаж өгөх болжээ.
АВТОМАШИНЫ УРЬДЧИЛГАА ТӨЛБӨР 40 ХУВЬ БОЛСОН ТУЛ ББСБ-УУД ЗЭЭЛИЙН ХУГАЦААГ 72 САР БОЛГОВ

Банк бус санхүүгийн байгууллагуудын тухайд өдийд зааланд нь багтахгүй хүний хөл хөдөлгөөнд дарагддаг байсан бол одоо сэлүүхэн байна. Ганц, хоёр хүн л гэрээ байгуулж харагдав.
Автомашины урьдчилгаа төлбөр 40 хувь болж нэмэгдсэнээр банк бус санхүүгийн байгууллагад автомашины зээлийн эрэлт буурсан байна. Иймд автомашины зээлийн хугацааг 60 байсныг 72 болгож эхэлжээ.
“Бичил” глобус ББСБ-ын “Дах хүрээ” дэх салбарын захирал А.Ариунзул “Урьдчилгаа 40 хувийн төлбөр бүрдүүлээд автомашины зээл хүсэхээр ирж байгаа иргэд маш цөөн байна. Манай байгууллагын хувьд автомашины зээлийн хугацаа хамгийн урт 60 сая байсан бол 72 сар болсон. Мөн хүү уян хатан нөхцөлтэй байгаа” гэсэн юм.
