Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газар өнгөрсөн шөнө бүрэн бүрдлээ. Одоо “Нэг бодлого – Нэг зүтгэл” уриатай засаг хэрхэн ажиллахыг хамтдаа харах л үлдлээ. Харин шинэ Ерөнхий сайдын кабинетаа бүрдүүлсэн байдлыг ажиглахад маш сонирхолтой улс төр уншигдаж байна. Мөн Засгийн газарт орох урилгаас татгалзсан Н.Номтойбаярын үйл явдал ч араасаа хүчтэй улс төр дагуулах нүүдэл юм.
НЭГ, Ганцхан шөнийн дотор 80 оныхны улс төрийг хойш нь суулгалаа
Юуны өмнө түүний кабинетын бүтцийг харах нь зүйтэй. Хамгийн түрүүнд үеийн төлөөллүүдийг анзаарах ёстой. Эндээс дараагийн улс төр. Саарал ордны намар, өвлийн уур амьсгал шууд уншигдах болно. Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газарт 1980-аад оны төлөөлөл ердөө гуравхан багтав. Бусад нь бүгд 1970-аад оны төлөөлөл багтав.
Гэхдээ Э.Батшугарын хувьд хуучин МАХН-ын квотоор аав нь түүнийг сайд болгосон. Н.Энхбаяр даргын нөлөө маш их орсны ачаар 80 оны төлөөлөл Э.Батшугар орсон. Хэрвээ ийм “кран” байгаагүй бол түүнийг оруулах эсэх нь эргэлзээтэй. Н.Учралын хувьд өмнөх ЗГ-аас багагүй муу нэр зүүж байж “Женко” Х.Баттулгатай үзэлцэж гарч ирсэн. Ачааны хүндийг үүрч, “гал”-ын ширүүнийг атгаж явсан тул Ерөнхийлөгч түүнийг засагт үлдээхийг дэмжсэн нь ойлгомжтой. Ч.Ундрамын хувьд яалтчгүй 80-аад оны төлөөлөл. Өнгөрсөн хугацаанд Л.Оюун-Эрдэнийн ЗГ-ыг унагах үйл явц эхлэх үеэс л нэг талдаа гарсан тул аяганыхаа хариу өдөртөө авсан нь энэ. Ингээд харахаар 1980 оноос багтсан гурван нь хүртэл том учир шалтгаантай байж л орж ирлээ. Бусдаар бол ах нар дүү нараа энэ удаад бүрэн утгаар нь хашааны гадаа үлдээлээ.
Өөрөөр хэлбэл, нэгхэн шөнийн дотор 1980 оныхныг бүхлээр нь хойш нь суулгалаа. Энэ нь цаанаа том эрсдэл дагуулна. Дөрвөн жилийн өмнө 1980 оны төлөөлөл болох Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарт эрх мэдлийн жолоо, цулбуураа хураалгасан 1970 оныхон одоо хэр удаа үргэлжлэх вэ. Хэрвээ эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулж, улс төрийн хүлээлтийг бага ч гэсэн тайлж орхивол нийгмээрээ “80 оныхон чинь болоогүй байсан юм байна” гэдэгтэй эвлэрнэ. Сая Ерөнхий сайд томилогдоход л ийм харьцуулалт өрнөж, 1970 оны Ерөнхий сайдын хариулт, бодлого, агуулга нь илүү гарлаа гэдэг дүгнэлтийг олон хүн хэлж байв.
Тиймээс дахин “амилсан” 1970-аад оны төлөөллүүд ажлаа сайн хийвэл багадаа 6 жил. Уртдаа дахиад 8-10 жил засаглана гэсэн үг. Ингээд 1980 оныхон хүндэрч, 10 жилийн дараа гэхэд 1990 оны төлөөллүүд 40 гарчихсан ороод ирэх болно.
Төлөвлөгөөний дагуу бол энэ засаг сонгууль хүртэл яваад Г.Занданшатар сонгогдвол 6 жилийн хугацаатай үргэлжилдэг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө. Түүний мэдээж 1970 оны төлөөллөөс дахиад нэг хүн Ерөнхий сайд болоод 2028 оны сонгуульд орно. Байдал эвгүйтвэл У.Хүрэлсүх буцаад намын даргын дүрээр Ардын намд ирэх хувилбар ч бий.
Ингээд харахаар 1980 оны том эргэлтийг хийж чадсан Л.Оюун-Эрдэнэ буух цагаа буруу төлөвлөж үеэ бүхлээр нь суулгаад чирч явсан онгоц нь далайн голд гацлаа. Д.Амарбаясгалан одоо хайчин галд үлдсэн. Үеэ гээд хөдлөх гэвэл өөрөө ч УИХ-ын даргаа алдах осолтой.
Тиймээс одоо 1980 оныхон бодолтой тоглож, өөрсдийгөө хэн ийм байдалд хүргэснээ бодож, ирээдүйгээ төлөвлөх нь зүйтэй.
ХОЁР, Улс төрийн зургаас хасагдсан 80 оныхон хуучин НАМЗХ дээр тулгуурлан нэгдэнэ
70-аад оны ах нарын энэ шахалт эргээд 80 оны бүх төлөөллүүдийг нэгтгэх болно. Улс төрийн үе гэдэг зүйл ганц намаар тогтохгүй бие биедээ “халдварлаж” явдаг зүй тогтолтой. Одоо АН-ын асуудал ч гэсэн 1970 оны төлөөлөл рүү очно. 1970 оны төлөөллөөс намын дарга нь тодорно.
Тэгвэл буланд шахагдаж, ганцхан шөнийн дотор улс төрийн газрын зургаас хасагдсан 1980 оныхон бүхлээрээ нэгдэх ажилдаа өчигдөр ханцуй шамлан орлоо. Энд тэндгүй нэгдэх, цэгцрэх хөдөлгөөнүүд өрнөж буй сураг дуулдав. Ялангуяа эрх мэдлээсээ болоод хоёр хуваагдчихсан байсан хуучин НАМЗХ-ныхон ордны гадаа, дотор байгаа бүх хүмүүсээ эргүүлэн цуглуулах бодлого барих нь гарцаагүй. Н.Номтойбаяр гишүүн ч засагт ороогүй шалтгаанууд нэг нь энэ мөн байх.
Өөрөөр хэлбэл, Ардын нам дотор дахиад жил гаруй жинхэнэ утгаараа тоос манарсан хэрүүл зодоон ил далд өрнөнө. Энэ нь үеэ хоорондых байх болно.
ГУРАВ, Хоёроос дээш сонгогдсон гишүүд болон Ерөнхийлөгчийн хүмүүсээр ЗГ бүрдлээ
Энэ засгийн бүтцийг дахиад харвал дандаа хоёроос дээш сонгогдсон гишүүдийг оруулах бодлого барьжээ. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн талд ойрхон явдаг бараг бүх хүн сайдаар орлоо. Уг нь амьдрал дээр бидний хэрэгжүүлж буй хуулиараа Ерөнхийлөгч гүйцэтгэх засгийн томилгоонд орох ёсгүй. Гэхдээ хөшигний ард түүнийг байгааг бүгд мэдэж байна. Түүний оруул гэсэн хүний оруулж, хас гэсэн хүнийг хасдаг нь заншил мэт болов. Сайдаар томилогдож байгаа хүмүүс Ерөнхийлөгчийн өрөө рүү хар хурдаараа гүйж орохоос эхлээд л энэ үйл явц эрүүл саруул ухаантай хүнд ил тод уншигдана.
ДӨРӨВ, Бүтцийн хуулиа УИХ руу оруулбал сайдуудын орон тоогоо хасуулах аюултай байв
Үндсэн хуулийн зөрчилтэй юу гэдэг асуудлыг араасаа дагуулсан үйл явдал бол Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-аар бүрэлдэхүүнээ оруулж батлуулсангүй. Хамгийн гол нь яамгүй гурван сайдын орон тоог бүрэлдэхүүнээсээ хасчихаад бүтцээ яагаад батлуулахгүй шууд сайдуудаа томилчихсон бэ гэдэг асуулт юм.
Тэгвэл өнгөрсөн өдрүүдийн улс төрийг харахад Г.Занданшатар Ерөнхий сайд хэрвээ бүтцийн хуулиа УИХ-аар оруулж батлуулах гэж оролдвол нүд рүүгээ хуруугаа хийхээр байв. Учир нь АН-ынхан сайдуудын тоогоо 50 хувь бууруулахыг шаардсан. Нам дотор нь 30 гишүүний ил тод нэгдэл гарч ирээд өөрт нь шахалт үзүүлээд эхэлсэн. Хөшигний ард Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын далд ажиллагаа тасралтгүй үргэлжилж байна. Ингээд 70 гаруй кноп түүний кабинетын бүрэлдэхүүнээс шадар сайдууд, бусад сайдын орон тоог хасахаар санал хураагаад батлуулчихвал жинхэнээсээ тэнэг байдал үүснэ. Орон тоо нь буурах тусам хамтралын төлбөр үнэтэй болж, нам доторх гомдогсдын тоо нэмэгдэнэ. Тиймээс л тэр шууд сайдуудаа томилуулах хувилбарыг сонгосон юм.
ТАВ, Жендэрийн эрх тэгш байдлын хувьд маш ТОМ УХРАЛТ хийлээ
Ямар ч байсан жендэрийн эрх тэгш байдлын хувьд том ухралт хийлээ. Багадаа 30 хувь, цаашлаад 40 хувь хүртэл эмэгтэй сайдуудын төлөөллийг оруулж байж зөв жишигт хүрэх байв. Бид үүнийг хийхээр сонгуулийн хуулиа хүртэл өөрчлөн найруулсан. Гэвч энэ удаад 20 сайдаас Б.Батцэцэг, Ч.Ундрам гэсэн хоёр л эмэгтэй сайдтай ажиллуулахаар авсан нь ердөө 10 хувь юм. Энэ бол гарцаагүй том ухралт.
Улс төрд зөв жишиг гэж зүйл бий. Зарим бүх зүйлийг хуулиар зохицуулах боломжгүй. Зохицуулах ч шаардлагагүй. Харин парламент, улс төрийн тавцанд тодорхой мөрддөг, түүнийгээ ёс болгон тогтоодог уламжлал бий. Хэрвээ тогтсон ёс уламжлалаас нэг л ухарвал цаашдаа бүх хүнд барьцах “барьцыг” олгох болно.
Г.Лхагвадорж