Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, Ч.Лодойсамбуу, Ж.Баясгалан, С.Эрдэнэболд, С.Цэнгүүн, Б.Жаргалан, Д.Батбаяр, Б.Батбаатар, Г.Ганбаатар нар УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн талаар бид өмнөх мэдээллээрээ хүргэсэн.
Тэгвэл хууль санаачлагч УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Өнөөдөр УИХ-д Ерөнхий сайдын суудлыг УИХ-ын толгой дээрээс буулгах хуулийн төслөө өргөн барилаа.
Энэ хууль зөвхөн сандал суудлын хуваарийн асуудал бус, эрх мэдэл хуваарилалтын хил заагийг тогтоох, парламентын ардчиллын гол амин сүнс болсон олонхи цөөнх тэдгээрийн байр суурь, эрх мэдлийн байршил, мэтгэлцээнийг зөв зохион байгуулалтад оруулах, УИХ-ын хяналтыг оновчлох, том дүр зургаараа Үндсэн хуулийн дэг журмыг хамгаалах зорилго бүхий хуулийн төсөл.
Хуулийн төслийг УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд болон УИХ-д бүлэггүй намын гишүүд болох 40 гаран гишүүд хамтран өргөн мэдүүллээ (Ардчилсан нам, Хүн нам, Иргэний Зориг Ногоон нам, Үндэсний эвсэл)
Олон улсын парламентын жишигт танхим дахь суудлын байршил нь олонхийн эрх мэдэл ба цөөнхийн хяналт, хариуцлагын илэрхийлэл болдог учраас улс төрийн соёл, шийдвэр гаргах арга барилд шууд нөлөөлдөг гэдгийг хууль санаачлагчид онцолж байна" гэлээ.