Ерөнхий сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөрийн албан өрөөнд чагнах төхөөрөмж суурилуулсан нь баригджээ. Хэрэг явдалтай холбогдуулж ЗГХЭГ-ын мэдээлэл технологийн нэг ажилтныг сэжиглэн шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна. Ковидын сүрэнд дарагдаж нам гүм болсон улс төр алсуураа бужигнасаар байгаа бололтой. Төрийн ордонд ер нь юу болоод байна вэ?
Өнгөрөгч наймдугаар сарын 24-нд Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын өрөөнөөс чагнах төхөөрөмж илрүүлсэн тухай шуугиж төрийн тусгай хамгаалалтын ажилтныг холбогдуулан шалгаж байгаа гэх мэдээлэл гараад сураг алдарсан. Тэгвэл зарим эх сурвалж үүнийг төрийн нарийн бичгийн даргын өрөөнөөс биш Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын өрөөнөөс олсон гэж мэдээлж байв.
Мөн ЗГХЭГ-ын Л.Оюун-Эрдэнэ өөрийг нь хоёр жилийн өмнөөс тагнаж чагнаж ирсэн гэх гомдлыг УИХ-ын тусгай хяналтын дэд хороонд гаргаж улмаар прокурорын байгууллага хэргийг шалгаж эхэлсэн. Эдгээр дуулиан шуугиантай зэрэгцэж Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл, дэд дарга Б.Энхсүх нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг.
Л.Оюун-Эрдэнэ өөрийг нь тагнаж чагнасан гэх асуудлаар “ТЕГ-ын дарга Эрдэнэтийн 49 хувийн процес өрнөж байхад надад хэд хэдэн шаардлага тавьж би 2,3 удаа зөрчилдсөн... Шулуухан хэлэхэд Д.Гэрэл гэдэг хүн УИХ-ын гишүүдтэй уулзаад одоо боль, зүгээр орхи гэдэг юм яриад байгаа. Би зүгээр орхихгүй эцсийг нь үзтэл явна” гэж ярьсан юм.
Засгийн газрын гишүүдийг тагнаж чагнаж байгаа гэх сэжиг хар төрснөөр сайд нар өрөө тасалгаагаа нэлээд шалгуулжээ. Энэ үеэр Ч.Хүрэлбаатар өөрийнхөө өрөөнд нууц камер байршуулж шөнийн цагаар нэвтэрч чагнах төхөөрөмжөө сольж байсан ажилтныг газар дээр нь барьж авсан гэдэг албан бус мэдээлэл ч бий.
УИХ-ын гишүүнийг бүрэн эрхийг нь түтгэлзүүлэхгүйгээр гүйцэтгэх ажиллагаа явуулах нь хуулиар хориотой. Тэр тусмаа жирийн нэг сул гишүүн биш У.Хүрэлсүхийн танхимын давхар дээлтэй “дөрвөн бэрх”-ийн хоёрыг нь ингэж тагнаж чагнана гэдэг ноцтой асуудал. Нэлээд том толгойтой хүний л хийж зүрхлэх үйлдэл бөгөөд Г.Занданшатарын зүрх нь хүрэхгүй, арга барил нь ч тийм биш гэж МАН-ынхан дотроо ярих болов.
Гэтэл Ерөнхий сайдын PR төлөвлөгөөг хариуцаж зохион байгуулдаг гол зөвлөхийг нь тагнаж чагнасан гэх асуудал дахиад үүслээ. Товчондоо У.Хүрэлсүхийн багаар оролдоод байна. Энэ бүхнийг хэн зохион байгуулаад байна вэ? Ерөнхий сайдаа ухаж төнхөх хоншоортой амьтан МАН-д одоохондоо байхгүй. Дээрх үйл явдлууд бүгд хоорондоо уялдаа холбоотой бөгөөд У.Хүрэлсүхийн эсрэг хууль хүчнийхнийг хөдөлгөж чадах нэг л хүн байгаа. У.Хүрэлсүх энэ хэвээрээ Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдвөл тэр хүн улс төрөөс нэг мөр арчигдаж ч мэднэ. Тэр хүн “шилэн”-гээр шүгэл үлээлгэж МАН-ыг дотроос нь хагалах операцаа хэдийн эхлүүлсэн бол өдгөө У.Хүрэлсүхийн багт тагнуулаа шургуулж илүү гүнзгий тулж ажиллах болсон гэж саарал ордны тамхины цэг дээр яригдаж эхэлжээ.
О.Цагариг