
Ерөнхий сайдыг орлогоо нотолж, огцрохыг шаардсан иргэд 21 хоног Төв талбайд жагсав. Тэд жагсаалын үр дүнгээ 22 дахь хоногтоо сонсож, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ суудлаасаа буусан. "Огцрох амархан" уриатайгаар, өдөр бүрийн хөтөлбөртэйгөөр үргэлжилсэн эл жагсаалын ард өрнөсөн үйл явц, гарсан мэдээллүүд, ил болон далдаар ирсэн дарамт шахалт гээд олон асуултад бид жагсаалыг "оройлсон" дүрүүдийн нэг болох “Ноорог креатив” ХХК-ийн захирал О.Уламсайхантай ярилцаж, хариулт авлаа
-“Огцрох амархан” жагсаал өндөрлөсөн. Ажлууд нь хэр овоорсон байв. Жагсаал түүний хажуугаар ажлуудаа зохицуулна явна гэдэг хэр байв?
-Ярилцлагыг маань үзэж байгаа бүх хамтран ажилладаг байгууллагуудаасаа хүлцэл өчье. Ажлуудыг нь маш их хойшлуулсан. Хувцасны брендийн нээлтийн гүйцэтгэлийн ажлыг манайх авчихсан байсан. Тэрхүү брендийн нээлт нь хүртэл хойшилсон. Дахиад нэлээдгүй олон бичлэгүүд, мэдээнүүд, эвентийн сурталчилгаанууд хойшилсон. Бид удаасан, үр дүнгүй хийсэн. Жагсаалын сенсацид дарагдаад яваагүй гээд зөндөө зүйл байна. Гэхдээ маш хүлээцтэй байж, бидэнтэй хамтарч ажилласаар байгаа байгууллагууддаа баярлалаа. Мэдээж жагсаалыг нь дэмжээгүй байх л даа. Бизнес талаасаа манай редакцын контентоо хийдэг арга барил, хийцийг дэмжиж ажиллаж байгаад баярлалаа.
-Жагсаал 22 хоног үргэлжилсэн гэвэл үндсэндээ нэг сар хүрэхгүй хугацаанд өрнөсөн байна. Жагсаалыг анх хэдүүлээ эхлүүлсэн юм бэ?
-Чатаар гэвэл хоёр л хүн /инээв/. Н.Өнөмөнх бид хоёр чатлаад, орой нь 5,6-уулаа болоод л маргааш нь гараад жагссан. Маргааш нь гараад жагсахад 20,30-уулаа л байсан юм уу даа.
-Ер нь жагсаалд ойролцоогоор хэчнээн хүн оролцсон гэх тоо харагдахаар байв уу?
-Шаардлагад маань гарын үсэг зурсан хүний тоо 100 мянга давсан. Тэгэхээр 100 мянган хүн жагсаалд оролцсон гэж харагдахаар байгаа. Хамгийн оргил үедээ хэдэн арван мянган хүн ирсэн. Тэр өдөр нь зургаадугаар сарын 03 буюу огцруулах Даваа гараг байсан. Эл өдөр нь Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ажлын сүүлийн өдөр байсан.
-Анх залуусын жагсаал гэх “нэршилтэй” явж байсан. Жагсаал үргэлжлэх хугацаанд нас насны төлөөллүүд оролцох болсон нь харагдсан. Арван жилийн сурагчид, оюутан залуус, идэр насны иргэд гэх мэтчилэн. Жагсаалын хамрах хүрээг та бүхэн тооцоолж байв уу. Анх “Орлогоо нотол” гэж эхэлсэн жагсаал хэр үйл явцтайгаар, хэр үр дүнтэйгээр үргэлжилсэн гэж та бүхэн харж байгаа вэ?
-Ер нь ингэж олон хүнийг хамарч, Ерөнхий сайдыг огцруулчихна гэдэг төсөөлөл байгаагүй. Гэхдээ ямартай ч огцруулж чадна гэдгээ мэдэж байсан. Учир нь огцруулах үндэс, шалтгаан нь бөөгнөрчихсөн л байсан. Гол нь олон нийтийн бухимдал О.Тэмүүлэнгийн кейсээр л тэсэрч байгаа болохоос Л.Оюун-Эрдэнэ огцрох ёстой хүн байсан.
-Анх яаж эхэлсэн юм бэ. Хоёр хүн чатлаад л эхэлчихсэн хэрэг үү?
-Би “Өөр оронд ийм зүйл болох юм бол bye bye шүү дээ” гэж бичлэг хийсэн. Тэр бичлэгийг нэг өдрийн дотор 1-2 сая хүн үзчихсэн байсан. Түүний араас Ч.Ганжавхлан ах нэг пост оруулсан. Хувь хүн маань яаж хурцлагдсан бэ гэвэл, Ч.Ганжавхлан ах “Ийм зүйл зөндөө л болж байдаг. Та нар дээрээсээ баалгаж шээлгээд удахгүй л мартчихдаг биз дээ” гэчихсэн байсан. Тэгэхээр нь л би гэдэг хүн чинь “Үгүй шүү дээ” гээд л эхэлсэн. Тэгээд л араас нь Хар Төөгөө ах “Огцруулах ёстой юм биш үү, арай л дээрэлхээд байна” гэж пост бичсэн. Түүнийг нь хараад л ер нь жагсъя гэж бодсон. Эхлээд ажлынхандаа хэлтэл “Үгүй ээ. Чи өөрөө жагс” гэсэн. Би өөрөө жагсъя гэж бодож байхдаа найз н.Өнөмөнх рүү бичсэн. н.Өнөмөнх бид хоёр нэлээн олон жил найзалж байгаа. Найз руугаа бичиж, орой нь уулзаад л жагссан. Бидний хоорондох эхний чат “Жагсах уу” л байсан.
-Үзэл бодлоо, эсэргүүцэж буйгаа илэрхийлэх олон талын арга хэлбэр байна. Тэр дундаа яагаад жагсаал вэ гэдэг ч сонирхолтой. Учир нь манай нөхцөлд ямар ч жагсаал хардлага дундуур явдаг зүйл. Өнгөрсөн хугацаанд болсон жагсаалуудаас органик гээд нэрлэвэл бид тун цөөнийг нэрлэх байх шүү. Нэр хүнд муутай болчихсон арга хэлбэр. Тийм ч учраас асууж байгаа юм. Яагаад жагсаал гэж?
-Би сэтгүүлзүйн салбарын хүн биш, маркетинг чиглэлийн хүн. Энэ талаас нь харвал жагсаал гэдэг үг маш уначихсан байсан. Жагсаал гэхээр нөгөө л А.Отгонбаатар, “дух” Цэцэг бодогддог болчихсон цаг үе. Ер нь маш муу брендингтэй болчихсон байсан. Тэр брендингийг аврах ажил хийсэн гэж бодож байгаа. Анхнаасаа ч үүнийг зорьсон. Cool жагсаж үзүүлье гэж зорьсон. Яриад байдаг Солонгосчууд шигээ жагссан. Яагаад жагсаал юм бэ. Бодит, биет талаасаа маш үнэ цэнтэй. Жишээлбэл, Төрийн ордны гадна талд, Ялалтын талбайд жагсах хоёр тэс ондоо. Тэмцэж байгаа субъектийнхээ урд гараад жагсах, тийш орилох. Нөгөөтээгүүр төв талбай гэдэг бол үзэл бодлоо илэрхийлэхэд зориулагдсан хэсэг. Төрийн ордны нүүрэн талын дизайн хүртэл өөдөөс нь орилоход цуурайтуулах дизайнтай хийгдсэн. Бид үүнийг энэ жагсаалаар л анзаарсан. Ямар нэгэн биет зүйл байж үр дүнд хүрч, массыг хамарч, хүмүүсийн анхаарлыг татаж, бүх насныхан ирж байгаа. Энэ маш чухал. Тэгээд л жагсаал гэдэг арга хэлбэрийг сонгосон юм.
-Сайн талаасаа харвал, зохион байгуулалтын хувьд жишиг тогтоож чадсан. Гэхдээ ийм зохион байгуулалттай байна гэдэг эргээд хардлага төрүүлээд байдаг талтай. Нээрээ л санхүүжилттэй болоод ийм зохион байгуулалт сайтай байгаа биш үү гэдэг ч юм уу?
-Монголд ийм хэмжээний жагсаал зохион байгуулах чадвартай улстөрч байсан юм бол өмнө хийж байхгүй яасан юм. Байхгүй л байгаа биз дээ. Ийм хэмжээний жагсаал санхүүжүүлчих компани байсан юм бол өмнө хийхгүй яасан юм. Томоохон компаниудын улс төр хийдэг арга хэлбэр нь ч жагсаал биш. MCS зэрэг компаниудтай холбоотой гэх хардлага гарсаар л байсан. Гэхдээ MCS нөөц нь байгаагийн хувьд үүнээс ч илүү лаг жагсаал хийчих байлгүй дээ. Гэхдээ MCS-ийн улс төр хийдэг арга барил жагсаал цуглаан хийх огт биш. Үүнийг жагсаалд ирсэн экспертүүд ч хэлж байна лээ. Тэр нь үнэн байх. Улс төр рүү ил цагаан оролцдог бизнес ч биш байх гэж бодож байна. Гэхдээ MCS дээр өөрийн зүгээс хардалттай, зэмлэж явдаг зүйл биш. Хэрэглэгчдийнхээ өмнө зэмлүүлэх ёстой зүйл бол, MCS үүнд албан ёсны тайлбар хийх буюу хардалтад хариу өгөөгүй явдал. Үүгээрээ MCS буруутай.
-Буруутай гэдгийнх нь завсарт та нар ч буруутан болоод явчихсан?
-Би хэлсэн шүү дээ. MCS өөрсдийнхөө нэрийг өөрсдөө л хамгаал л даа. Бид нар ямар та нарын ажилтан юм уу гэж. Бид яахаараа MCS гэж хардуулаад, түүнийгээ залруулах гээд тайлбар хийх ёстой гэж. Бид өдөр бүр л тайлбар хийсэн шүү дээ. Өдөр бүр орлогоо нотолсон. Энэ спикерийг Айр Трансын Чука ах өглөө, энэ аккумляторыг ингэлээ шүү гээд бүгдийг л зарласан. Юм зохион байгуулалттай байхын тулд заавал төлбөртэй, санхүүжилттэй байх албагүй. Юм цэгцтэй, хөтөлбөртэй байхын тулд заавал төлбөртэй байх албагүй. Юм соёлтой, эерэг, стратегитай байхын тулд заавал ард нь “том хүн” байх албагүй. Яагаад гэвэл манай үеийн залуус маш ухаантай болчихсон. Манай багт би өөрөөсөө гадна зөндөө залуучуудыг нэрлэж чадна. Дор бүрнээ тэмцлүүд хийж үзсэн, хүнийг хамгаалах чиглэлээр ажиллаад үзчихсэн, хэвлэл мэдээлэлд ажилладаг гээд мундаг залуус бий. Манай жагсаалын редактор хийж, хоёр ч сонин гаргаж өгсөн Unread-ийн редактор н.Түшигт гээд залуу ч байна. Энэ жагсаалд миний мэдэх хамгийн ухаантай залуус нэгдсэн шүү. Тиймээс л жагсаал ийм үр дүнд хүрсэн.
-Тэгэхээр санхүүжилт байхгүй гэж байгаа байх нь?
-Тийм ээ.
-Баттай юу?
-Баттай хэлнэ. Өчигдөр бид хэд огцруулсан баяраа гэх юм уу, үйл явдлаа ч гэх юм уу тодорхой түвшинд хааж хуралдангаа тэмдэглэсэн. Тэмдэглэхэд хүртэл тооцоогоо бие биеэсээ босгоод л хуваагаад хийж байгаа байхгүй юу. Ухаад гаргаад ирэх зүйл байсан бол өдийд гаргаад ирчихсэн л байгаа шүү дээ. Ухаад ч юм байхгүй юм чинь. Гүтгэлгүүд маш их явсан. Санхүүжилттэй гэж маш их гүтгэсэн. Түүнийг нь монгол дахь нэг ч мэргэжлийн редакц постлоогүй. Яагаад гэвэл худлаа учраас. Үнэн, тавилттай, төлбөртэй байсан бол монголд байгаа мэргэжлийн редакциуд ийм тэнэг зүйлд тархидуулах хүмүүс биш. Хэдийнэ постлоод цаана нь хэн байгааг гаргаад ирчихсэн, эрэн сурвалжилга хийчихсэн байгаа.
-Ямарваа нэгэн байдлаар хууль хяналтын байгууллагаас ч юм уу та бүхнийг, энэ жагсаалыг улс төрийн тодорхой зорилготой, нөлөө орсон, санхүүжилт хийгдсэн гэх байдлаар гогцоо гаргаад ирвэл ямар тайлбар хийх үү, О.Уламсайхан гэдэг хүний хувьд?
-Тийм гогцоо гаргаж ирэх боломжгүй. Байхгүй учраас. Баттай хэлнэ. Бид жагсаалд дэмжиж ирж байгаа зарим улстөрчдийг дэмий юм байна, оролцоог нь хязгаарлая гэдэг байдлаар хандсан. Жагсаалыг улс төрийн нөлөөгүй байлгах бүх арга замыг ашигласан. Өмнөх ямар ч улс төрийн акцын түүхгүй хүмүүс байсан. Хэн нь ч өмнө худалдагдаж байгаагүй, улс төрийн намыг дэмжээрэй гэж хэлж үзээгүй, инфльюнсер хийж үзээгүй хүмүүс байсан.
-Бидний улс төрийн луужин бол НАМ БУС байсан-

-Бодлогын хувьд та бүхэнд дэмжлэг үзүүлж байсан хүмүүс байв уу?
-н.Энхбадрал, н.Амарзаяа, н.Өнөр гэж хүн бий. Зөндөө л хүмүүс байгаа. Дандаа судлаач, иргэний нийгмийн активист, ТББ-ын тэргүүнүүд. Бидний аюулгүй байдлыг хангахад хүртэл хүний эрхийн байгууллагууд ирж ажилласан. Түүнээс биш лаг айхтар төрийн байгууллага ирж ажиллаад байсан зүйл байхгүй шүү дээ.
-Бодлогын дэмжлэг гэж тодруулж байгаа нь, зургаан УИХ-ын гишүүн та бүхэнтэй нэгдэж буйгаа илэрхийлж, Ерөнхий сайдыг огцруулах шаардлагад гарын үсэг зурсан шүү дээ?
-Тэр хүмүүсээс бодлогын дэмжлэг аваагүй. Авах шаардлагагүй.
-Гэхдээ ямар ч жагсаал улс төрийн дэмжлэггүйгээр хол явах боломжгүй гэж ярьдаг шүү дээ?
-Тэр зургаан гишүүн жагсаал дээр ирсэн. Тэгвэл тэр үлдсэн гишүүд нь ирэхгүй яасан юм бэ. Ер нь тийм дэмжлэг байхгүй бол хол явахгүй гэдэг нь үнэн. Улс төрийн дэмжлэгүүд органикаар орж ирж байгаа. Манай жагсаал дээр ирсэн намуудыг би бүгдийг нь дурдъя. Бүртгүүлж амжаагүй байгаа Либерати нам, Иргэний оролцооны нэгдэл нам, Эрх чөлөөний эвсэл, ХҮН болон АН-ын зарим гишүүд, МАН-ын Оюутны холбоонд байдаг зарим залуус. Манай жагсаалд маш олон намууд нэгдсэн. Гэхдээ органикаараа. Тэглээ гээд аль нэг нам, аль нэг улстөрчийнх нь өмч болохгүй, бодлогын дэмжлэг аваагүй. Бидний бодлогын дэмжлэг, улс төрийн луужин бол НАМ БУС байсан.
-Ерөнхий сайдаа орлогоо л нотолчих гэж эхэлсэн жагсаал улс төрийн асуудал болж хувирсан. Асуудал Засгийн газар руу халтирсан. АН-ыг Засгийн газраас хөөх асуудал хүртэл үүссэн. Улс төрийн үйл явц руугаа нэлээн хөврөөд орчихсон?
-Гэхдээ улс төрийн үйл явц болгохыг бид хийгээгүй.
-Тийм ээ. Үүнийг л асуух гээд байгаа юм. Яагаад орлогоо нотол гэсэн жагсаалыг улс төр рүү оруулчхав. Магадгүй энэ жагсаалыг Ерөнхийлөгч талын МАН-ынхан, эрх мэдэлд очих гэсэн хоёрдугаар ээлжийнхэн хожил болгоод ашиглачхаж байгаа юм биш үү л гэдэг асуулт?
-Хэн нэгэн хожиж байвал бид түүнийг нь удирдаж чадахгүй шүү дээ. Ямар ч улс төрийн хүн, нам субъект үүнд оноо авч байвал бид түүнийг удирдаж чадахгүй. Гэхдээ дэмжиж байгаа бол тэр л биз. Сайн л биз. Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг би бодож л байсан. Тэр бол маш сайн бичсэн үг байсан. Манай Ерөнхийлөгчөөс гарахааргүй ухаантай үгс байсан. Маш сайн текстүүд байсан. Улс төрийн мэдрэмжтэй байсанд нь сайшаалтай. Хоёрдугаарт, маш поп байсан. Гуравдугаарт, хэдийгээр ингэж итгэл цуглуулж байгаа ч гэсэн Ерөнхийлөгч гэх субъектэд бид тогтмол эргэлзэж л байх хэрэгтэй. Биднийг дэмжиж ирсэн АН-ын таван гишүүн, ХҮН намын нэг гишүүнд ч бид эргэлзэж л байх ёстой. Хэн ч итгэл цуглуулж болно. Итгэлээ өгсөн хүмүүс нь хяналт хийдэг. Бидэнд хэчнээн удаа гоё зүйл ярьсан бай ямар ч улстөрчид бид эргэлзэж байх ёстой. Энэ жагсаалыг санхүүжилттэй гэж хардаж байгаа хүмүүс ч, жагсаалыг дэмжиж байгаа хүмүүс ч жагсаалд эргэлзэж байх ёстой. Гэхдээ нэг тийш нь харлуулах гэж байгаа бол факт хэрэгтэй.
-Оюутнууд нэлээн оролцож байсан...
-Тэгсэн. Анагаахын нэг билүү хоёрдугаар курсийн нэг ангийн оюутнууд ирсэн. Хамгийн эрт ирээд хамгийн урдуур цүнхээ бариад суудаг. Өөрсдөө бид нараас ч түрүүлж ирээд суучихсан байсан. Тэр хүүхдүүд үнэхээр хайр байсан. ШУТИС-ийн н.Сэрдарам багш оюутнуудаа дагуулаад ирсэн. МУИС-ийн хоёр, гурван багш ирж үг хэлсэн. Асуултаа асуугаарай, уучлаарай...
-Оюутнууд гэж онцолж асуусан учир нь, би яриандаа жагсаалыг хожил болгож ашигласан хүмүүс байгаа талаар хэлсэнтэй холбогдож байгаа юм. Тэдгээр хүмүүсийн зүгээс та бүхний жагсаалыг "хүч зузаатгаж" харагдуулах зорилгоор оролцуулсан зүйл байж болох уу?
-Жинхэнээсээ оюутнуудад мөнгө өгөөд жагсаачихвал дорхноо баригдчихдаг юм билээ шүү дээ. Түүнийг нь хэдүүлээ харсан. Хүч зузаатгаж хүн нэмсэн бол тэд нар нь баригдсан л байх даа. Төлбөртэй жагсаалыг барих чинь амархан л юм билээ шүү дээ. Чатны скрийншот нь дэлгэгдэж чатаар орж ирээд л. Ингэж хүмүүсээ цуглуулсан юм байна, тэр сургуулийн гадна очоод хүүхдүүдийг "ачиж" байна гэх мэтээр мэдээллүүд ирээд л байсан. Хүч зузаатгах гэж оролдсон оролдлогууд байх юм бол сайн л биз. Бидний хүчийг зузаатгаад өгч. Гэхдээ бид нар өөрсдөө тэр хүмүүсийг мөнгө өгч цуглуулаагүй л бол болоо шүү дээ.
-Жагсаалд найз охины маань найзууд ч оролцсон. Ар гэрийнхнээс ч дэмжиж байгаагаа илэрхийлсэн хүмүүс байсан. Дүү гэж гарч ирсэн хүн нь ч төрсөн дүү нь биш. Таних ч үгүй-

-Ер нь өдөр бүр өөрийн гэсэн хөтөлбөртэй явья гэсэн санаа яаж гарсан юм бэ?
-Эхний өдөр жагссан. Хүмүүсийг олон цагаар уйдаахгүй байлгах хэцүү юм байна лээ. Тэр үед спикер ч үгүй байсан юм бид. Муу жижиг спикертэй байсан л даа. Тэр спикер нь сонсогдохгүй. Спикерийнхээ хэмжээгээр хүн цуглуулдаг юм биш үү гэж л бодож байлаа. Аргагүй шүү дээ. Хүн сонсохгүй байгаа юмаа яаж дэмжих юм. Маш их стрессдэж байсан ч орой нь ярилцаад хөтөлбөр гаргаад явахаар шийдсэн. Оройны уулзалтууд дээрээ л бид ярилцаж байгаад ингэе, тэгье гээд явсан. 15 м урт, 1.5 метрийн өргөнтэй инфльюнсерүүдийн марафоныг хүртэл бид хийсэн. 2004-2024 оны сонгууль хүртэл худалдагдсан инфльюнсерүүдийг марафондсон.
-Тэр марафон чинь хүртэл хардлага дагуулсан байх шүү. Хаанаас, хэн хэвлэж өгсөн бэ гээд л?
-Тийм ээ. Софтлинкийн хэвлэлийн Ариунболд гээд ах бидэнд хэвлэж өгсөн. Өөрөө хэвлэлийн үйлдвэртэй юм билээ. Өөрөө UBCAB-ынх нь мөнгийг төлөөд авчирч өгсөн.
-Хөтөлбөртөө шүүлтүүр хийсэн үү. Магадгүй хөтөлбөртөө намайг оруулчих гэсэн улстөрчид байхыг үгүйсгэхгүй шүү дээ?
-Бид харин эсрэгээрээ хүмүүсийг урьж оролцуулсан. Дандаа судлаачид, иргэний нийгмийн байгууллагын хүмүүсийг урьж сургалтууд орсон. Хамгийн сүүлийн өдрийн хөтөлбөр дээр "Эх орондоо л очихсон" гээд гадаадад гацсан монголчуудтай холбоотой баримтат кино хийсэн Эрдэнэзул гээд эгчийг гуйж, урьж авчирсан. Мөн ахмад жагсагчид амархан гэдэг зүйл явсан. 90 онд жагсаж байсан хүмүүсийг ч бид урьсан. Ялангуяа С.Цогтбаяр ахыг "Та тухайн үед жагсаж байсан ойр тойрны найзуудаа дуудаад өгөөч" гэж хэлсэн. Бидний урьсан хүмүүс намын төлөөлөл биш.
-Жагсаалын үеэр ирсэн дарамт шахалт юу байсан бэ?
-Дарамт, шахалт, харлуулалт, доромжлол. Би сэтгэл хөдлөлийн хувьд тэсрэх гээд байсан. Энд ирээд л... Хажууд барих хүмүүс байсан л даа. Намайг унах болгонд тэврээд л. Эвгүй пост хийх болгонд устгаарай, болиорой гэж зөвлөөд л. Би өөрөө л бичиж байгаа юм л даа. Гэхдээ жишээлбэл н.Өнөмөнхөөр хянуулсан. н.Энхбадрал ахаар ч хянуулсан. Учир нь бодлогын хувьд, ийш тийш эргэх харлуулалтын хувьд хэн нэгний өгөөш болчихож магадгүй шүү дээ. Тиймээс өөрийнхөө сэтгэл хөдлөлийг дарах гэж маш их хичээсэн. Маш их харлуулалт, сүрдүүлэг ирсэн. Ална, тална гэсэн чатууд одоо ч орж ирсээр л байгаа.
-Та яриандаа "Надад нурах үе байсан" гэж хэллээ. Хувь хүн рүү чиглэсэн харлуулах зорилготой мэдээллүүдийг хэрхэн хүлээж авсан бэ. Түүнийг давах сэтгэлзүй хэр байсан юм. Нөгөө талдаа гэр бүлийнхэн, эргэн тойрны хүрээллийнхэн чинь хэрхэн хүлээж авсан бэ. Магадгүй "Одоо боль" гэх "зөвлөгөө" ирсэн үү?
-Ирсэн. Боль гэж намайг шахсан, загнасан. Гэхдээ миний хувийн асуудлаас илүү том зүйл эхэлчихсэн байсан учраас би болиогүй. Би жагсаалын 3,4 дэх өдөр нэг ч микрофон аваагүй. "Чи жаахан хойшоо суу. Больчих" гэж надад хэлсэн зүйл байсан. Гэхдээ би ямар ч нөхцөлд дуугаа хориулж чадахгүй юм билээ. Үнэхээр түүнийгээ мэдрээд үргэлжлүүлсэн. Манай найз охины өөд болсон зүйлийг маш их гаргаж тавьсан. Жагсаалд найз охины маань найзууд ч оролцсон, хамт байсан. Найз охины маань ар гэрийнхнээс ч дэмжиж байгаагаа илэрхийлсэн хүмүүс байсан. Дүү гэж гарч ирсэн хүн нь ч төрсөн дүү нь биш. Таних ч үгүй. Илт худал мэдээллүүд байсан учраас нурах нь бага байсан. Гэхдээ л нурчихмаар үеүд байсан уу гэвэл байсан.
-Нөгөөтээгүүр урам хугарах үе байсан уу. Жишээлбэл, "Огцрох амархан" жагсаалтай зэрэгцээд сөрөг жагсаалууд болсон. Дан ялангуяа биднээс дээш үеийн ах, эгч нар жагссанд "Та нар маань юу хийгээд байна вэ гэж хандах хүмүүс ч байсан?
-Ичмээр юм бэ л гэж бодсон. Одоо ч бодож байна. Тэр хүмүүст өөрсдөд нь ичиж үхмээр санагдаж байгаа байх. Яагаад гэвэл ийм башир аргаар тэмцсэндээ. Тэгээд ийм башир аргаар тэмцээд ялагдсандаа бүр их ичиж байгаа байх. Хохь нь л гэж хэлье дээ.
-Баримт байгаа юу, та бүхэнд?
-Талбай дээр байгаа бүх бичлэг л баримт.
-Бусад цаг үед байгаа юу. Жишээлбэл, жагсаал тараад явж байхад араас чинь дагасан гэдэг зүйлийг ярьсан байсан?
-Байгаа. Дагасан машины зураг, ардаас шууд хөдөлж байгаа бичлэг, масктай шилтэй хүмүүсийн дагаж байгаа зураг ч байгаа.
-Эдгээр нотлох баримтуудаа хууль хяналтын байгууллагад шалгуулахаар өгсөн зүйл бий юу?
-Тэр юмнууд нь явж байгаа. Гэхдээ манай багт залуу хуульчид, ах эгч нар байгаа. Тэр хүмүүс үүнийг хийх байх. Би чинь сошиал медиаг хариуцсан.
-Өөрийгөө худалдахгүй хүмүүс "Огцрох амархан"-д жагссан. Надад мөнгөний санал ирдэггүй-

-Дараагийн асуултаа илүү дутуу хачиргүйгээр асуух нь зөв болов уу гэж бодож байна. Мөнгөний санал ирсэн үү. Өөрт чинь, та бүгдэд?
-Надад ирээгүй. Энэ жагсаалыг 50 саяар хийсэн байна гэсэн гүтгэлгүүд яваад л байна лээ. Бид хамгийн сүүлийн өдрөө санхүүгийн тайлангаа нээлттэй хийсэн юм. Улмаагаас, Өнөмөнхөөс тэдэн төгрөг гарсан түүнчлэн энэ жагсаалд ажилласан залуусын мөнгөн бус хандив буюу оролцсон цаг хугацааг мөнгөөр үнэлж үзвэл 50 сая төгрөгийн ажил үнэгүй хийжээ гэж ярьсан юм л даа. Тэгсэн чинь жагсаал 50 сая төгрөгөөр хийсэн гэдэг яриа гараад явчихсан. Ер нь энэ жагсаалыг мөнгөн дүнгээр үнэлэх боломжгүй. Яагаад гэвэл, энэ жагсаалд ирсэн инфльюнсерүүдийг л гэхэд аваад үзье. Амараа, Хану ах, Агнууш, Агиймаа Бүргэд, Манчестр руу дугуйгаар яваад ирсэн Wazza, жүжигчин Навчаа эгч, дуучин Маралжингоо эгч гэх мэт. Миний харснаар энэ хүмүүсийг ойрын 5-10 жил худалдагдсаныг харж байгаагүй юм байна. Худалдагдаад ингээрэй, тэгээрэй гэж байсныг ч санахгүй юм. Хэдэн төгрөг өгье, жагсаад өг гэсэн ч ирэх хүмүүс биш.
Би технологийн компаниудаар нэлээн удаан ажилласан. Энэ жагсаал дээр ирсэн залуусын 5-10 хувь нь технологийн компаниудад надтай цуг ажилладаг байсан зүс мэдэх найзууд байсан. Дэлхийн хаана ч цалингаараа амьдарчих боломжтой тэдгээр инженер залуусыг хэдэн төгрөг өгье хүрээд ир гэх боломжгүй. Хэзээ ч мөнгөөр худалдаж авах боломжгүй байсан шалтгаан нь тэр. Өөрийгөө худалдахгүй хүмүүс жагссан. Үнэхээр үнэлье гэвэл "маш үнэтэй жагсаал" л болох байсан байх.
Нөгөө талдаа над руу мөнгөний санал ирдэггүй. Ирж үзсэн. Гэхдээ тэр нь сонгуулийн өмнө. Ирдэггүй шалтгаан нь надаас ч хамаардаг байх. Би чинь өвчтэй юм шиг үгүй гэж хэлээд араас нь "Тэдийг санал болгож байна" гээд пост бичих байх.
-Тэгвэл уулзах оролдлого хийсэн улстөрчид байсан уу?
-Байсан. Уулзахыг хүссэн бизнесүүд ч байсан. Үгүй л гэсэн. Би лав хэнд нь ч үгүй гэсэн.
-УИХ-ын даргатай уулзсан. Уулзалтын уур амьсгал хэр болсон бэ гэдэгт мэдээлэл өгвөл?
-Бид гурван субъект руу уулзах хүсэлт өгсөн юм. УИХ-ын дарга, АН-ын дарга, АН-ын бүлгийн дарга руу. Бид ер нь бүх л аргыг ашигласан шүү дээ. Зодооноос бусдаар. УИХ-ын даргатай уулзах шалтгаан нь, Монгол Улсын Ерөнхий сайдын ёсзүйн асуудал яригдаж байхад хамтарсан ЗГ-т итгэл хүлээлгэх асуудал орж ирж байгаа тогтоолын төсөл чинь алдаатай байна гэдэг зүйл. Цэцийн маргаан дагуулахуйц алдаатай тогтоолын төсөл байсан нь үнэн. Түүнийг нь сольж эсвэл өөрчилж болохгүй юм уу гэдгийг тодруулахыг хүссэн учраас бид "спикер"-тэй уулзсан. Талархууштай нь, өргөн бүрэлдэхүүнээр уулзсан. ТББХ-ны дарга Ж.Бат-Эрдэнэ, таван намын төлөөлөл бидэнтэй уулзсан.
Тэнд MPA агентлагийн камер бүх процессыг дүрсжүүлж байсан. Хүсвэл хэн ч тэр дүрсийг MPA-гаас аваад үзэх боломжтой.
Бид орохдоо ч, гарахдаа ч гурван шаардлагатайгаа байсан. Өмнө өмнөх жагсаалуудыг харахад, тэмцэгч ороод дэмжигч болоод гараад ирдэг зүйл байсан шүү дээ. Эсвэл ууртай ороод инээгээд гараад ирдэг тохиолдлууд ч байдаг. Бидний хувьд гэхэд, тэр дөрвөн "эвгүй" гар гурван шаардлагаа бариад л орсон. Гурван шаардлага дээрээ үндэслэн яагаад ийм алдаатай тогтоолын төсөл боловсруулагдсан юм бэ, өөрчилж болохгүй юм уу гэдэг асуултдаа хариулт авсан. Өөрчилж болохгүй, энэ чигээрээ хэлэлцүүлэгдээд явна гэсэн.
Уулзсан УИХ-ын гишүүд болон спикерийн зүгээс "Та нарыг органик гэдгийг мэдэж байна" гэдгийг хэлсэн. Ялангуяа спикер гэдэг хүн бол ҮАБЗ-ийн нэг гишүүн. Тэр хүнд тагнуул, цагдаагаас мэдээлэл авах боломж байгаа. Тийм мэдээлэлтэй хүн манай жагсаалын ард ямар ч санхүүжилт байхгүй гэдгийг мэдчихээд органик гэдгийг үнэлж буйгаа илэрхийлсэн. Тэглээ гээд энэ нь спикерийг дэмжиж буй агуулга биш. Ямартай ч энэ жагсаал органик гэдгийг зарласан тунхаглал маягийн зүйл болсон. Үүнд баяртай байгаа.
-Ярилцлага нэлээн тодорхой өрнөсөн гэж ойлгож болох уу?
-Маш тодорхой өрнөсөн. Бид өөрсдийн аюулгүй байдалд санаа зовж байгаагаа, жагсаал цуглаан хийх эрх чөлөөний тухай яриа өрнүүлсэн. УИХ ч гэсэн институцаараа ямар парламент байлгахыг зорьж байгаа вэ гэдгээ хэлсэн. Хоёр талаасаа албан ёсны харилцаа өрнөсөн. Бидний зүгээс шаардлагаа илэрхийлсэн. Өнгө аясын хувьд ч, маш албан ёсны болж өнгөрсөн.
-Та бүхэн алдаатай тогтоолын төсөл гэж дүгнэсэн байж. Гэтэл тэр алдаатай тогтоолын төсөл чинь батлагдчихсан шүү дээ?
-Жаахан ороогдох л зүйл болж байгаа. Хамгийн гол нь алдаатай гэж үзсэн шалтгаан нь, үндсэн асуудлаасаа холдуулж байна гэсэн өнцөг. Логикоор харахад, үндсэн асуудлаас холдуулж байгаа нь эцсийн үр дүн гарах магадлалыг багасгаж байсан. Хамтарсан ЗГ-т итгэл үзүүлэх төсөл орж ирвэл итгэсэн нь зөв шүү дээ гэсэн улстөрчид маш их байсан. Бидний үндсэн асуудал, зорилго нь "огцруулах" байсан. Энэ төсөл орсноороо Л.Оюун-Эрдэнэ унах боломж байсан уу гэвэл байсан. Гэхдээ бид үр дүндээ хүрсэн. Арга барил нь буруу байсан ч үндсэн асуудлыг шийдэж өгсөн.
-Дараагийн Ерөнхий сайдад "Огцрох амархан"-ы тугаа жаазлаад гардуулж өгөнгөө "Огцрох амархан шүү" гэж хэлнэ гэж бодож байгаа шүү-

-Таны хувьд жагсаалын үйл явцыг, жагсаалаар гарсан үр дүнг, жагсаалаар тогтоож чадсан жишгийг юу гэж дүгнэх вэ?
-Маркетинг талаас яривал, бид жагсаал цуглаан хийх, тэмцэл тэмцэгч гэдэг үгийг REW BRANDING хийж дахин гаргаж ирэхийг оролдсон. Түүндээ хүрсэн. Манай жагсаалын сошиал медиа суваг 22 хоногийн дотор 31,33 сая views авсан. Reach нь бүр өндөр байгаа. Органикаар буюу ямар ч бүүстгүйгээр. Дэлхийн өнцөг булан бүрт байгаа монголчууд энэ жагсаалд маш анхааралтай хандсан. Энэ жагсаал монголдоо үлдэх, монголдоо амьдрах, эх орондоо очих хүслийг, итгэл найдварын галыг бамбар шиг бөхөөхгүй барьж явах гэж хичээсэн.
-Улс төрийн нөхцөл байдал дээр бид дараагийн Ерөнхий сайдаа хүлээж байна. Дараагийн Засгийн газраас юуг шаардах вэ. Та бүхний зүгээс өргөтгөсөн шаардлага дээрээ дараагийн Засгийн газрыг хамтрал байхыг зөвшөөрөхгүй гэдэг агуулгыг хөндсөн байсан шүү дээ?
-Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэр өөрчлөгдөхгүй. Үүний адилаар Л.Оюун-Эрдэнэ дүрээ хувилаад өөр Л.Оюун-Эрдэнээр гараад ирвэл монголын ардчилалд хэрэггүй. Тийм учраас бид хамтарсан ЗГ-ыг тараах ялангуяа нэг том сөрөг хүчинтэй болъё гэж бодсон юм. Сөрөг хүчинтэй болсон. Түүндээ баяртай байгаа. Гэхдээ энэ нь АН-ыг дэмжсэн гэсэн үг биш. АН зэмлүүлэхээр зүйл олон хийсэн. Ямартай ч сөрөг хүчинтэй болчихсон юм чинь түүндээ баяртай байна.
-Одоогоор жагсаал үр дүнтэй болчихсон мэт санагдаж байж болох. Гэхдээ шинэ ЗГ байгуулагдаад та бүхний тавьсан шаардлагыг биелүүлэхгүй бол яах вэ?
-Манай жагсаалд байсан хүмүүсийн зарим нь гарч жагсана л гэж байна лээ.
-Дахин жагсах боломжтой юу?
-Боломж байгаа. Би лав залуу хүн. Надад хоёр сар жагсчих хэмжээний энерги байна. Гэхдээ би юмнаас амархан уйддаг төрлийн хүн л дээ. Яг үнэндээ жагсаалаас жаахан уйдсан шүү /инээв/
-Тэгэхээр боломжтой гэж харж байгаа байх нь?
-Тийм ээ. Ер нь "Огцрох амархан" мөнхөд үргэлжилнэ."Огцрох амархан" бол хяналтын тогтолцоо. Бид нар бүр дараагийн Ерөнхий сайдад "Огцрох амархан" гэх тугаа жаазлаад гардуулж өгөнгөө "Огцрох амархан шүү" гэж хэлнэ гэж бодож байгаа /инээв/
-Энэ үйл явцаас органик жагсаал гэдгийг юу гэж тодорхойлмоор санагдсан бэ?
-Органик жагсаалын дүрүүд нь худалдагдаагүй дүр байх ёстой юм билээ. Маш чухал. Худалдаж авах боломжгүй дүрүүд байх ёстой юм билээ. Манай дүрүүд худалдагдахааргүй зарчимтай хүмүүс байсан гэж бодож байгаа. Хоёрдугаарт, органик жагсаал дээр хүмүүс цугларахад хэцүү байдаг юм байна. Нэг дор олноор нь. Бид хүн цуглуулах гэж маш зовсон. Хөтөлбөрүүд гаргаж, постерууд хийгээд л. Тогтмол контентууд хийгээд л, харлуулсныг нь фактаар няцаагаад л, Ерөнхий сайдын ажлыг дүгнээд л, үндэслэлийг нь ярьж өгөөд л. Ингэж яваад байхад хүн цугларахгүй л байсан. 300,400 хүнтэйгээр олон өдөр явсан. Хамгийн сүүлийн өдрөө 20,30 мянган хүн ирсэн.
-Ноорог ирэх есдүгээр сард баримтат киногоо нээнэ. 9 сая төгрөгийн нэг процессороо авч чадаагүй байгаагаас киноны эдит рүүгээ орж чадахгүй л явна-

-Хоёулаа жагсаалын талаар нэлээдгүй ярилцлаа. Өөртэй чинь уулзсаных асуух ёстой зүйлс байгаа. Ноорогийн асуудал юу болсон бэ гэдэгт мэдээлэл өгөөч?
-Над дээр, Ноорог дээр хэрэг үүсэх боломжгүй. Ноорог компанийг яллагдагчаар татах боломжгүй. Аль нэг субъект л ял үүрэх ёстой. О.Уламсайхан, Хатансайхан гэх хоёр субъект байна. Энэ хоёрт Эрүүгийн хуулийн 13.14 буюу худал мэдээлэл зохион байгуулалттайгаар тараасан гэх хэргийг фейсбүүк чатаар ирсэн гомдолд үндэслэн нээн, хойшлуулшгүй ажиллагаа явуулж шалгаж байгаа.
Амьдралдаа би нэг л хэрэгт сэжигтнээр татагдан шалгагдаж байгаа нь 13.14.
Хоёрдугаарт, мөрийтэй тоглоомын асуудал. Манай байгууллагад нэг сард ажилд орсон залуугийн дансаар гүйлгээ орсон юм билээ. Би ажилд л авсан хүн. Түүнийг нь мэдэхгүй шүү дээ. Дансны хуулгыг нь шалгаж авах ажилд авах боломж байхгүй биз дээ. Тэр залуугийн ах нь гарч ирээд өөрөө хэргээ хүлээсэн. Дүү нь одоо 461-р ангид цагдан хоригдож байгаа. Харамсалтай л байгаа. Гэхдээ бид үүнийг өлгөж аваад хууль шүүхийг дарамтлаад байж таарахгүй. Үнэхээр хэрэг хийсэн бол тэр өөр асуудал. Одоо ч манайд ажиллаж байгаа. Би НДШ-ийг нь төлөөд л явж байна.
-Худал мэдээлэл тараасан гэх хэрэг нь шалгагдаад явж байгаа гэсэн үг үү?
-Шалгаад л байгаа шүү дээ. Яасан ч дуусдаггүй юм. 75 өдөр үргэлжилж байна.
-Баримтат киноны дүрсээ буцааж бүгдийг нь авсан уу?
-Авсан. Гол нь бидэнд кинон дээрээ ажиллахад хүчин чадал сайтай компьютер хэрэгтэй. Түүнийг нь өгөөгүй байгаа. Одоо байгаа компьютеруудын хүчин чадал арай л хүрэхгүй байгаа. Бидэнд 9 сая төгрөг бол маш их мөнгө. 9 сая төгрөгөөр авсан процессор байгаа юм. Буцаагаад авчихмаар л байна. Кинон дээр ажиллах эдитордоо өгмөөр байгаа юм.
-Киноных нь үйл явц ямар байгаа вэ?
-Ирэх есдүгээр сард кино театрт нээнэ. Гэхдээ кино театруудаар гаргахгүй. Нэг л кино театр дээр нээлттэй үнэгүй үзвэр хийж хандивлагч нартаа үзүүлээд, дараагаар нь юүтүбд байршуулна. Өнөө маргаашгүй л эдит рүүгээ орчихно байх. Өмнө хэлсэн шалтгаанаас үүдээд эдит рүүгээ орж чадахгүй л явна.
-Өөрийг тань Ноорог медиагаар нь залуус мэддэг. Гэхдээ залуу хүний хувьд, нэг байгууллага удирдаад явж байгаа хүний хувьд ямархуу бэрхшээлүүдтэй тулгарч байна гэдгийг нь асуумаар санагдлаа?
-Чанга шүү дээ. Бизнесүүд, улстөрчид нь бүгд маш увайгүй байгаа. Яг үнэндээ баривчлагдахаасаа өмнө санхүүгийн хязгаарлалтад орчихсон байсан. MCS-ийг манайхтай холбож хардаад байгаа болохоор тэднийхээс манайхтай хамтрах бүх сурталчилгааны ажлуудаа зогсоочихсон байсан. Мөн хоёр, гурван ч том компани манайхтай гэрээ хийхгүй гээд зарлачихсан байсан. Манай санхүү нэлээн чанга болчихсон. Одоо ч чанга хэвээр. 60 сая төгрөгийн татварын өртэй. НДШ-ээ саяхан арайчүү гүйцсэн. Миний хувь хүний амьдрал хэцүү л байгаа. Хоёр удаа өөрийн бүх эмзэг сэдвүүдээрээ харлуулалтад өртөж үзлээ. Угаасаа монгол сэтгэлзүйн эрүүл мэндийн хувьд асуудалтай орон. Үхлийн хамгийн өндөр шалтгаануудын нэгдүгээрт, амиа хорлолт байдаг.
Би ч амиа хорлох талаар бодож л байсан. Сэтгэлзүйн хувьд тийм ч тогтвортой биш байгаа. Гэлээ гэхдээ давах ёстой зүйлээ давах ёстой. Зарчим байгаа. Хариуцлага байгаа. Даваад л гарна. Амьдарна.
-Одоо хэчнээн хүнийг хариуцаж ажиллуулж байна вэ?
-НДШ-ийг нь төлөөд ажиллуулж байгаа нь 8 хүн.
-Ер нь монголын нөхцөлд бизнесээ хийгээд явах итгэл үнэмшил дээрээ хэр тулхтай зогсож чадаж байна вэ?
-Эрсдэлтэй, чанга. Гэхдээ чадна. Бизнес утгаараа харвал, асар боломжтой зах зээл. Асуудал их байгаа учраас шийдэл гаргаад явах боломжтой зах зээл. Жишээлбэл, би Ноорогийг эхлүүлэхээсээ өмнө монголын аль ч дижитал компанид ажил хийгээд явах боломжтой болчихсон байсан гэж өөрийгөө хэлнэ. Ажлын саналууд байдаг л байсан. Бизнес хийгээд болохгүй бол ажлаа л хийнэ дээ. Гэхдээ би үүний ардаас технологийн компани хийнэ гэж боддог.
-Ярилцлагын төгсгөлд асуулгүй үлдээсэн зүйлээ асууя гэж бодлоо. Та бүхнийг Ноорогийн хувьд ч, жагсаал дээр ч MCS-тэй холбоотой гэх асуудал дагаад байна. Ер нь өнгөрсөн хугацаанд танай байгууллага MCS-тэй ямархуу байдлаар хамтарч ажилласан юм бэ. Нууц биш бол хэд орчим төгрөгийн ажлыг хамтын ажиллагааны хүрээнд хийж байсан бэ?
-Нууц биш шүү дээ. Жилийн хамтын ажиллагаагаа дүгнэхэд 12 дугаар сард том компаниуд дээр тайлан гаргуулж авдаг. Манай нэг бичлэг 5.5 сая, 3.3 сая гэдэг дүнтэй байдаг. Ер нь медиа салбартаа нэлээн өндөр дүнтэйд тооцогдоно. Бид 700 гаруй бичлэг хийсэн. Түүний 30,40 нь MCS-ийнх байсан болов уу гэж бодож байна. 2024 онд MCS-тэй хийсэн гэрээ 84 сая 700 мянган төгрөг байсан. Гэхдээ тэр нь дундаа тасарч орж ирж байгаа шүү дээ. Зөвхөн MCS ч биш. Таванбогд, Макс, Тэсо гээд группуудтэй хамтарч ажилладаг шүү дээ. Манай баг энэ хэмжээнд чанартай контент хийхийг зорьж ажилладаг. Манай багийнхан муу баг биш. Тун дажгүй.
-Үе үеийн огцорсон Ерөнхий сайд нарын "түүхийг" сөхөөд харахад, өөрийн хүсэлтээр, сөрөг хүчний нөлөөгөөр гэх мэтээр огцрох үндэслэл өөр өөр байдаг аж. Харин ард түмний шаардлагаар гэдэгт Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын кейс дангаараа бичигдэж байна. Өөрөөр хэлбэл, та бүхэн энэ жагсаалаар улс төрийн соёл, хариуцлагыг нэхэж чадлаа. Үүндээ ямар дүгнэлт хийж байгаа вэ. Юуг хэлмээр байна вэ?
-О.Уламсайхан гэх хүнд хүч байгаа юм биш. Бүгдийнх нь нэрийг санаж байгаагаараа хэлээд явъя. Өнөмөнхөд, Энхбадралд, Амид, Тэргэлд, Цэвээнээд, Өэлүнд, Сийлэнд, Даваадалайд, Баяраад, Зэвээд, манай дүү Багаад, Түшигт-Эрдэнэд, Паламд, Дөлгөөнбаярт, Агнуушт хүч байгаа юм биш. Тэнд ажилласан 11 залууд хүч байгаа юм биш. Гэхдээ бүгдээрээ хамтдаа байгаад нэгдэж чадвал маш том хүч бий. Талбайн 1/4-ийг л дүүргэсэн шүү дээ. Тийм л олон хүн ирсэн. Одоо бүр талбайгаа дүүргэдэг болъё. Тайван замаар жагсъя.
Заавал нэг "том ах" байж жагсдаг юм биш шүү.
Ярилцсанд баярлалаа
ШУУД ҮЗЭХ: