Цар тахлын үеийн хөл хорионд гэртээ харьж чадахгүй гацсан иргэдийг энэ сарын 1-ээс эхэлж, зорчуулж байгаа. Анх 85 иргэн зорчих хүсэлтээ цахимаар бүртгүүлсэн ч одоо 104 мянга болж өсжээ. Энэ үеэр 0-12 насны хүүхэд аав, ээжтэйгээ хамт зорчиж байгаа бол заавал шинжилгээ өгөх шаардлагагүй юм байна. Харин хүүхдээ хүнд өгч явуулах, ах, эгчтэй нь хамт зорчуулах бол заавал шинжилгээ өгөх шаардлагатай гэдгийг ЭМЯ-наас хэллээ.
www.119.mn сайтад бүртгүүлж, шинжилгээний цаг авах, шинжилгээний хариугаа авахад гацаж, иргэдийн зорчих хөдөлгөөн саатаад байсан. ЭМЯ-наас иргэдийн шинжилгээний хариуг гар утсаар өгөх ажлыг зохион байгуулсан ч мөн л удааширсан. Тиймээс иргэний үнэмлэхтэйгээ постуудаар гарахыг зөвлөж байсан бол өчигдөр орой арваннэгдүгээр сарын 29, 30, энэ сарын 1-нд шинжилгээ өгсөн хүмүүсийн хариуг системд шивж оруулж дуусжээ. Тиймээс эдгээр өдрүүдэд шинжилгээ өгсөн бол иргэний үнэмлэхтэйгээ орон нутаг руу зорчих цагдаагийн постуудаар очиход хариуг нь шүүж үзээд саадгүй зорчуулах юм байна.