Ард түмэндээ тараах мөнгө байхгүй хэмээн Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр хэлсэн. Тэгвэл ард түмэндээ өгөх мөнгөгүй ч дураараа авирлах мөнгө байгаа бололтой...
Өчигдөр УИХ дахь байнгын хороодын хуралдаан болж, чуулганы танхимд гишүүдийн ширээнд шилэн хаалт байрлуулсан байв.
Гэтэл өнөөдөр УИХ-ын чуулган болж, шилэн хаалтуудыг хуу хамаад авчээ. Өчигдөр сошиалд ард иргэд автобусандаа шахалдаж, шинжилгээ өгөхөөр бөөгнөрч байхад төр засгийн удирдлагууд өөрсдийгөө ийнхүү хамгаалж байгааг шүүмжилсэн. Гэтэл өнөөдөр ийнхүү хаалтуудаа авч хаясан байна. Энэхүү хаалтнуудын нэг бүрийн үнэ нь 180 мянган төгрөг, нийтдээ 150 гаруй сая төгрөг хэмээн хэвлэлүүдээр бичээд эхэлжээ.
Энэ талаар УИХ-ын дарга олон улсын парламент хэрхэн хуралдаж байгааг судалж байж нэвтрүүлсэн сайн жишиг хэмээн санал бодлоо хэллээ. Тэрбээр "Олон улсын туршлагыг Улсын Их Хурлын ПСХүрээлэн судалсан. Солонгос, Энэтхэг, Грек тэргүүтэй бусад улс орны парламент шилэн хаалтаар тусгаарлах хэлбэрээр хуралдаануудаа зохион байгуулж байгаа. Дэлхийн хэмжээнд, бүх улс орон эдийн засгийг уналтад оруулахгүйн тулд халдвар тархахаас урьдчилан сэргийлэх, хамгаалах дэглэмийг чанд баримтлаж, аливаа төрлийн үйл ажиллагааг хэвийн явуулах бололцоогоо хангаж байна. Хүн хоорондын зай барих, амны хаалт тогтмол зүүх, шилэн хаалт хэрэглэх тэргүүтэй халдвар тархахаас урьдчилан сэргийлэх, хамгаалах дэглэмийг Улсын Их Хурал чанд баримталж, жишиг болгон нэвтрүүлээд байна. Урьдчилан сэргийлэх, халдвар, хамгааллыг дэглэмийг үл хэрэгсэж байгаад цар тахлын халдвар дэгдвэл хэн хариуцах билээ. Нөгөөтэйгүүр, халдвар тархахаас урьдчилан сэргийлэх, хамгаалах дэглэмийг чанд баримтлаагүй шалтгаанаас бүх төрлийн үйл ажиллагааг хориглож байгаа, үүнээс үүдэх хохиролыг хэн хариуцах билээ" хэмээн хэлээд хаа хаанаа бодолцож, хариуцлагатай байхыг уриаллаа.
Үнэхээр судалгаа шинжилгээ хийгээд, улс орны бодлогыг тогтвортой явуулахаар шийдвэрлэсэн бол яагаад шилэн хаалтаа аваад хаячихваа. Одоо буцаагаад байрлуулалтай ч биш... Байрлуулахгүй гээд тэр олон шилэн хаалтыг хаана хэрэглэх нь тодорхойгүй...