Их Британи нь коронавирусний Pfizer / BioNTech вакциныг өргөнөөр хэрэглэхийг зөвшөөрсөн дэлхийн анхны улс боллоо.
Тус улсын Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний хяналтын албанаас уг вакциныг аюлгүй гэж үзсэн учраас зөвшөөрөл олгожээ. Их Британи одоогоор 40 сая тунг захиалаад байгаа ба ирэх долоо хоногоос иргэдээ вакцинжуулалтад хамруулж эхлэх юм байна. Энэ нь 20 сая хүнд хүрэлцэхүйц хэмжээ юм.
АНУ-ын “Pfizer”, Германы “BioNTech” компаниудын хамтран бүтээсэн вакцины туршилтад 43 мянган хүн оролцсоноос ямар нэгэн ноцтой гаж нөлөө илрээгүй байна. Уг вакциныг гурван долоо хоногийн зайтай хоёр тунг хийх шаардлагатай ба -70 хэмийн хүйтэнд зургаан сар хүртэл хадгалах боломжтой бол өрөөний температурт тав хүртэл хоног хадгалах боломжтой аж.
Эрүүл мэндийн нарийн бичгийн дарга Мэтт Хэнкок өөрийн твиттер хуудсандаа “Тусламж үйлчилгээ явагдаж байна. Ирэх долоо хоногийн эхээр вакцинжуулж эхлэхэд бэлэн байна” гэжээ.
Одоогоор 50 орчим эмнэлэг бэлэн байдалд байгаа бөгөөд вакцинжуулалтын төвүүд байгуулагдаж байгаа аж. Вакцинжуулалтыг эхлүүлж болох ч тархалтыг зогсоохын тулд хүмүүс сонор сэрэмжтэй байж, хаарандын зайг баримтлах хэрэгтэй гэж шинжээчид үзэж байна.
Эх сурвалж: BBC