УИХ-ын дарга агсан Л.Энэбишийн хүү УИХ-ын гишүүн асан Э.Мөнх-Очир Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөхөөр ажиллах болжээ. Тэрбээр 2013-2019 оны хороонд Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсын Стамбул хотод суух Ерөнхий Консулаар ажиллаж байсан бөгөөд үүрэгт хугацаа нь өнгөрсөн онд дуусгавар болж, ийнхүү Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байна.
Тэрбээр МАН-ын гишүүн бөгөөд цагтаа тус намын Удирдах зөвлөлийн гишүүн, Нарийн бичгийн дарга гэсэн сонгуульт улс төрийн албан тушаалыг хашиж байсан юм. Мөн хоёр ч удаа МАН-ын итгэлийг хүлээж, Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан. Улмаар 2007-2008 оны хооронд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаар ажиллаж байгаад 2008 онд Булган аймагт МАН-аас нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон удаатай.
Түүний Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсын Стамбул хотод суух Ерөнхий Консулын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, эх орондоо ирсний дараа Булган аймгаас УИХ-д нэр дэвшин хэмээн улс төрийн хүрээнийхэн ярьж байсан юм. Харин хэвлэлээр Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк улсад суугаа Элчин сайд Р.Болдын оронд Элчин сайдаар суухаар санаархаж байгаа талаар бичиж байсан юм.
Сануулахад, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар намынхаа эсрэг буюу нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн эсрэг ажиллаж, Ц.Элбэгдоржоос Ерөнхий консулын албан тушаал хүртсэн хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичиж байсан удаатай. Тэрбээр “Мэдээж намын гишүүний хувьд үүргээ хүлээнэ. Намынхаа төлөө ажиллана гээд гишүүд нь бодоод явж байхад урдаас зарчимгүй, тулгасан, уламжлалд нь, өөрийнх нь соёлд байгаагүй юмыг тавиад эхлэхээр л гишүүдийнх нь сэтгэл хөрөөд эхэлдэг байхгүй юу. Би ийм л гишүүдийн нэг. Ийм учраас бүх асуудлуудад оролцоогүй. Одоо бол дугарахаас аргагүй болоод ирлээ. Яагаад гэвэл энэ чинь намын асуудал биш болчихоод байна. Яагаад гэвэл угаасаа Ерөнхийлөгч гэдэг хүн чинь гарч ирснийхээ дараа улс төрийн намаасаа түдгэлзээд, улс орныхоо төлөө ажилладаг ёстой. Тэгэхээр улс оронд, ард түмэнд маань ямар хүн очих ёстой вэ гэдэг дээр нам өөрөө асар хариуцлагатай шийдвэр гаргаж байх ёстой юм” хэмээн 2013 онд МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан Б.Бат-Эрдэнийг эсэргүүцэж байсан юм.