Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа өнгөрсөн пүрэв гарагт УИХ-д хүргүүлсэн. Түүнийг хэвлэлийн хурал хийх үеэрээ хэргийн нууцыг задруулсан гэдэг үндэслэлээр бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх санал ирүүлсэн юм.Энэ дагуу өнгөрсөн пүрэв гарагт УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо, холбогдох байнгын хороод, нэгдсэн чуулган хуралдаж гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг хэлэлцэх байсан боловч халдашгүй байдлын дэд хороонд харъяалагддаг таван гишүүний хоёр нь гадаадад томилолтоор ажиллаж байгаа шалтгаанаар хурлыг хойшлуулсан. УЕП-оос ирүүлсэн уг саналыг 48 цагийн дотор УИХ-аар шийдэх хуультай юм. Гэвч халдашгүй байдлын дэд хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ шийдвэрлэх ёстой гэх үндэслэлээр уг асуудлыг хойшлуулж хууль зөрчсөн. Гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэхийг өнөөдрөөс л УИХ-ын халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаар хэлэлцэж эхлэх гэж байна. Өнөөдөр Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороо, УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаар Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэж, санал, дүгнэлтийг нь үндэслэн нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэх ёстой.
Түүнчлэн Н.Номтойбаяр гишүүний бусадтай зодолдож буй бичлэг хэдэн өдрийн өмнө цахим сүлжээнд ил болов. Мөрдөн шалгаж буй хэргийн нотлох баримт задарсан үндэслэлээр үүнийг шалгахаа Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан мэдэгдсэн байна.