Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны V хуралдаан өчигдөр цахимаар болов.
Хуралдааныг Монголын хэсгийн дарга, БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, Солонгосын хэсгийн дарга, БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ли Тэ Ху нар ахалж, хоёр талаас голлох төр, засгийн байгууллагын төлөөлөл оролцлоо.
Хуралдаан нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлог юм.
Энэ үеэр талууд Монгол Улс, БНСУ-ын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хөгжүүлэх бэлтгэл хангах, хоёр улсын стратегийн яриа хэлэлцээний механизм бий болгож, тогтмолжуулах, салбарын яам, байгууллага хоорондын зөвлөлдөх уулзалтыг тасалдуулахгүй зохион байгуулах талаар ярилцав. Мөн дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд хийсэн ажлаа дүгнэлээ.
БНСУ-ын Хөгжлийн албан ёсны тусламжийн үр өгөөжийг дээшлүүлэх, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэж, эрчимжүүлэх юм. Тухайлбал, “Солонго 1”, “ Солонго 2”, “10 аймгийн төвийн дулааны станц барих”, “Аялал жуулчлалын нэгдсэн сургалтын төв” байгуулах зэрэг төслийн хэрэгжилтэд анхаарахаар болов.
Талуудын дээд, өндөр түвшинд тохирсон худалдаа, эдийн засаг, зам тээвэр, дэд бүтэц, эрчим хүч, байгаль орчин, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, соёл, боловсрол зэрэг салбарын хамтын ажиллагааны олон чухал тохиролцоог урагшлуулж, бодит ажил хэрэг болгох талаар санал солилцлоо.
Энэ хүрээнд Солонгосын ухаалаг хот байгуулсан туршлагыг судлах, Монгол, Солонгосын “Ногоон хэрэм” төслийн 3 дугаар шатыг хэрэгжүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний хорио цээрийн стандартыг тохирох чиглэлээр хамтран ажиллахаар тогтсон юм.
Монгол Улс “Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр”-т нэгдэн орсон нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд түлхэц үзүүлнэ гэдэгт хоёр тал санал нэгдэв.
Солонгосын тал хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжихээр Монгол Улс, БНСУ-ын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах талаарх хамтарсан судалгаанд үндэслэн тоо, баримтыг шинэчлэх чиглэлээр үргэлжлүүлэн ажиллахыг санал болгожээ.
Талууд цар тахлын өнөөгийн хүнд нөхцөл байдалд ойр дотно түнш орнуудын хувьд мэдээлэл, туршлага солилцож, нягт хамтран ажиллахаар ярилцлаа.
Цар тахлын улмаас хоёр улсын агаарын замын зорчих хөдөлгөөн түр зогсоосонтой холбогдуулан нутаг буцах хүсэлтэй иргэдийг татан авах, тусгай үүргийн нислэг үйлдэхэд харилцан дэмжлэг үзүүлж ирснийг тэмдэглээд, цаашид ч энэ чиглэлээр ойр дотно ажиллахаар болов.
Хоёр тал олон улс, бүс нутгийн тавцанд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Зүүн хойд Азийн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.
Талууд дараагийн хуралдааныг ирэх онд Сөүл хотноо зохион байгуулахаар тогтлоо.