Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орон нутгийн сонгуулийн хуулийн төсөлтэй холбогдуулан 23 нам УИХ-д санал хүргүүлжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 36 секунд

ШИНЭ нам болон парламентад суудалгүй намуудын төлөөлөл Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төслөөр байр сууриа илэрхийлж байна.

Орон нутгийн сонгуультай холбогдуулан улс төрийн 23 нам хамтран хэлэлцэж хуралдсан байна.  Тус ажлын хэсгийн ахлагч Монгол үндэсний ардчилсан намын дарга Б.Цогтгэрэл орон нутгийн сонгуульд улс төрийн нам оролцохгүй байх саналыг  УИХ-д хүргүүлснээ мэдэгдэв. Уг саналд  5 заалтыг тусгаж  өгсөн байна. Үүнд:
1. “Сум, дүүргийн нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын сонгуульд иргэн нэрээ дэвшүүлж өрсөлдөнө.”, “Улс төрийн нам орон нутгийн сонгуульд оролцож үл болно.” гэсэн заалтууд оруулахаар тусгасан. Түүнчлэн Улс төрийн намын тухай хуульд “Сум, дүүрэгт улс төрийн намын салбар нэгж байгуулж үл болно” гэсэн заалт нэмж хуульчлах санал гаргалаа. Сум, дүүрэгт нам байгуулахыг хязгаарласнаар улс төрийн намуудын санхүүгийн хэрэгцээ багасаж, хөрөнгө чинээтэй хүмүүсээс хамаарах хамаарал буурна. Төрийн албаар дамжин санхүүжилт босгох шаардлага хумигдана. Орон нутгийн хөгжлийн бодлого тогтвортой, залгамж чанартай болно. Халаа сэлгээ багасаж, төрийн алба хаагчдын ажлын байр баталгаажиж, мэргэжлээрээ мэргэших, хөгжих боломж бололцоо нэмэгдэнэ. Намууд хоорондоо өрсөлдөж, хөрөнгө хүчээ барах бус, сум, дүүрэг, хороо, багууд хөгжлөөрөө уралддаг болох эерэг үр дагавартай.
2. Сурталчилгааны хугацааг нэг сар болгох
3. Мөрийн хөтөлбөрт ёс төдий аудит хийлгэх үүрэгжүүлсэн заалтыг хасч, сонгогчдоор шүүлгэдэг болох
4. Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх, төрийн албанд 10 жил хүртэл ажиллахгүй байхаар хуульчлах.
5. Сонгуулийн ирцийг 50+1 хувь байхаар хуульчлах зэрэг санал тусгалаа.

Монгол үндэсний ардчилсан намын дарга Б.Цогтгэрэл : “Хамгийн их төвлөрч байгаа 1 заалт бол орон нутгийн сонгуульд улс төрийн нам оролцдог үндсэн хууль зөрчиж ирсэн энэ гажигаасаа салах хэрэгтэй. МУ-ын үндсэн хуулийн 59-р зүйлд орон нутгийн удирдлага иргэдийн хурал  байна гэж заасан байдаг. Аймаг, сум, нийслэлд иргэдийн төлөөлөгчдийн хурлыг намын төлөөлөгчдийн хурал болгож байна. Үүнээс болоод орон даяар намчирхал, талцал болж, үүний үр дүнд баялаг бүтээгчид  туйлдаж  дууслаа.  2 намын 20 жилийн байлдаанд баялаг бүтээгчид хохирч байна. 330 сум хоорондоо хөгжих ёстой гэтэл аймаг бүрт намчирхсан үзэл оршиж байна” гэв.

Намгүй сум, дүүргийн хөдөлгөөний тэргүүн Д.Батбаяр:   “Байгуулагдаад 3 жил болж байгаа манай хөдөлгөөн УИХ –д  уриалга хүргүүлсэн. Орон нутгийн сонгуульд иргэн өөрөө нэр дэвшүүлдэг эрхийг нь нээж өгөөч ээ. Улс төрийн нам бол улс, эх орны бодлогод нөлөөлдөг институт юм. Харин  аж ахуйн ажил, тухайн орон нутгийн хөгжил  шийдлийг иргэд бид өөрсдөө шийдэж чадна” гэсэн юм.

Б.Баярчимэг

Америк, Хятад худалдааны
Америк, Хятад худалдааны "анхан шат"-ны гэрээнд юу тусгагдав?
 
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.