Цар тахлын хуулийн хэрэгжилтэд хяналт тавих түр хороо Төрийн ордонд хуралдаж, цаг үеийн мэдээлэл, цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл сонсч буй. Энэ үеэр Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Я.Содбаатар "Хотод “гацсан” иргэдийг аймаг, орон нутаг руу буцаах бэлтгэл ажил хангагдаж байна. Ирэх арванхоёрдугаар сарын 1-ний өдөр гэхэд орон нутгийн иргэдийг буцаана. Одоогоор Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт гацсан иргэдийн судалгааг гаргаж дууссан. Эдгээр иргэдийг бүртгэх аппликейшн бэлэн болсон" гэж мэдэгдэв.
Хотоос гарах хүсэлтэй иргэдийг www.119.mn гэсэн бүртгэлийн системд бүртгэсний дараа шинжилгээнд хамруулах юм. Хэрэв шинжилгээний хариу сөрөг гарсан бол орон нутгийн иргэд цагдаагийн хяналт дор гэртээ харина гэсэн үг. Тухайн аймаг, орон нутаг иргэдийг нэвтрүүлэхдээ амны хаалт зүүсэн байх, амны хаалттай байх шаардлагатай юм.
Хотоос гэртээ харьсан иргэн 14 хоног өөрийгөө тусгаарлахыг УОК-оос анхааруулжээ. Мөн гэрийн тусгаарлалтад орох иргэдэд хяналт тавихыг аймаг, сумын удирдлагууд, шат шатны байгууллагад үүрэг болгосон байна.