Доналд Трампын сүрдүүлэг Хятадыг биш Монголд айдаст автуулав

Огноо
Унших
9 минут 15 секунд

2025 он гарсаар манай улсын эдийн засагт нүүрсний үнийн уналтаас үүдсэн экспортын гацаа "шок" үүсэв. Хилийн цаана 9.4 сая тонн нүүрс овоорч, ам.долларын урсгал татарсан нь төсвийн орлого тасрах, валютын нөөц буурах, улмаар тэнцэл алдагдалтай гарч, инфляц халах зэрэг савлагаа үүсгэв. Энэ онд манай улс 83 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн 33.5 их наяд төгрөг байхаар төсөөлж байгаа ч бодит байдал бүр ч дордохыг үгүйсгэхгүй бололтой. Нүүрсний үнийн уналтаас үүдэн орлого дутах нөхцөл үүссэн нь бид үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнахад хүрлээ. Ямартай ч нүүрсний дутсан орлогыг алт, зэсээр нөхөх "амь тариа"-наас өөр найдвар бидэнд үлдсэнгүй. Хэдий өнөөдөртөө валютын нөөц гурван тэрбум ам.долларт хүртэл доошилж улаан гэрэл асаагүй ч орлогын гол эх үүсвэр болсон нүүрсний үнэ унасаар байгаа нь аваарын дохиог анивчуулах боллоо. Хэрэв Америк, Хятад хоёр том гүрний хоорон дахь худалдааны дайн хурцадвал дэлхийн донсолж, энэ савлагаанд нь бид тогтож үлдэх үү, үгүй юу гэх асуудал бидэнд эрсдэл бас болгоомжлол дагууллаа.

ХЯТАДЫН ХАНИАД МОНГОЛД ХАТГАЛГАА БОЛОХ НЬ

Нүүрсэн дээр эдийн засаг нь тогтсон хөгжиж буй улсын хувьд түүхий эдийн үнэ хэлбэлзэх төдийд бужигнадаг нь гэм биш зан. Энэ удаа АНУ, Хятадын дайны мөргөлдөөн хурцдаж, тарифын асуудал өндрөө авч байгаа нь дэлхийд төдийгүй Монголд шок болох нь. Хятад найтаах төдийд бид ханиад хүрдэг байсан бол магадгүй хатгалгаа болох нь энүүхэнд байна. Хэрэвзээ АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Хятадын бараанд 50 хувийн нэмэлт тариф ногдуулах сүрдүүлэг нь хэрэгжвэл АНУ-ын компаниуд Хятадын бараанд нийтдээ 104 хувийн тариф төлөхөд хүрэхээр байгаа юм. Энэ нь гуравдугаар сард тавьсан 20 хувийн тариф дээр өнгөрсөн долоо хоногийн 34 хувь, одоогийн 50 хувийн тарифыг нэмсэн тооцоолол юм. Үүний улмаас Хятадын эдийн засгийн өсөлт энэ онд 1.5-2 нэгж хувиар буурах эрсдэлтэй гэж Морган Стэнли банкнаас мэдээлсэн.

Хэдий АНУ-ын тарифын бодлого шууд утгаараа Монголд нөлөөлөхгүй ч мөнхийн хөрш Хятадын эдийн засгийн агшилт, гангийн үйлдвэрлэлийн хямралаар дамжин нокаут болохоор байна. Муугаар бодоход Хятад хилээ хаахгүй ч нүүр буруулбал нүүрс л хог болно. Энэ л Монголд айдас хургуулж буй.

Эдийн засагч Г.Батзориг хэлэхдээ "Одоо хэлэхэд эрт байгаа ч гадаад зах зээлд тодорхой бус байдал өндөр байна. Магадгүй манай улсад сөргөөр нөлөөлөх вий гэсэн айдас бий. Хятадын эдийн засаг саарч байна, гангийн үйлдвэрлэл тарифаас өмнө буурсан байсан шүү дээ. Нүүрсний үнэ 40 хувь уналаа. Тоо хэмжээний хувьд бид их хэмжээгээр гаргаж чадахгүй байна. Бидэнд сөрөг талын эвент хүлээгдэж байна гэж харж байна. Хэрэв алтны үнэ унавал эдийн засаг элгээрээ мөлхөх дээрээ л тулна шүү дээ. Ам.долларын орлого байхгүй болно" гэж хэлсэн нь оргүй биш. Угтаа бол нүүрсний үнэ гэнэт л хэлж ирдэггүй, хийсч ирдэг өвчин шиг өглөө сэрэхэд л огцом уруудсан юм биш. 2024 онд нүүрсний үнэ буурах тул төсвөө төсөөллөөр биш эрсдлээ тооцож төсөвлөхийг эдийн засагчид сануулсаар байсан. Гэвч үүлэн чөлөөний нар шиг нүүрсний үнийн өсөлтийг дагаж орлого нэмэгдэхэд эрх баригчид үрэлгэн зангаа барьж дийлээгүй юу хэт өөдрөг төсөөлсөн нь төсвөөр тогтохгүй цохилт боллоо.Үүний тод жишээ нь л энэ онд 83 сая тонн нүүрс экспортолж тонн тутмыг нь 105 ам.доллараар үнэлсэн. Харин өнөөдөр манай улс нүүрсээ дунджаар 80 гаруй ам.доллараар дөнгөн данган зарж байхад дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ 100 ам.доллараас бууж 97 ам.доллар боллоо. Цаашид ч нүүрсний үнэ буурах эрсдэл ч бий.

НҮҮРСНИЙ ҮНЭ 97 АМ.ДОЛЛАР БОЛЖ 4 ЖИЛИЙН ӨМНӨХ ТҮВШИНД ОЙРТОЖ, ХАМГИЙН ДООД ТҮВШИНДЭЭ ХҮРЛЭЭ

Тонн тутам нь 150 ам.доллар хүрч байсан түүхий эдийн үнэ 97 ам.доллар болтол дэлхийн зах зээлд буурсан нь дөрвөн жилийн өмнөх хэмжээнд дөхөж очив. Гадаад зах зээлд нүүрсний эрэлт буурч нийлүүлэлт нэмэгдсэн нь нүүрсний үнэ 100 ам.доллароос доош буурахад ийнхүү нөлөөлөв. Эрэлт талаас нь авч үзвэл энэ оны нэгдүгээр улиралд дэлхийн нүүрсний импорт сүүлийн гурван жилийн хамгийн доод түвшинд хүрч бууржээ. Хятад, Энэтхэг, Япон, Өмнөд Солонгос сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээ нэмэгдүүлсэнтэй холбоотой нүүрсний худалдан авалтаа 10 гаруй хувиар бууруулж. Даарин дээр нь давс гэгчээр Доналд Трампын Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан татварын бодлого нүүрсний үнэ буурахад нөлөөлөв. Өнөөдрийн байдлаар нүүрсний үнэ нэг сарын хугацаанд 23.95 хувиар буурсан дүнтэй байна.

НҮҮРСНИЙ ҮНИЙН УНАЛТ ДЭЛХИЙН БАНКНЫ ТӨСӨӨЛСНӨӨС БУУРЧ 2026 ОНД 75 АМ.ДОЛЛАР БОЛНО. ХАРИН МОНГОЛД?

дэлхийн банкны нүүрсний үнийн таамаг

Дэлхийн нүүрсний нийлүүлэлт 2025, 2026 онд эрэлт буурч байгаатай уялдан буурах төлөвтэй байгааг таамаглаж 2025 онд тонн тутам нь 120 ам.доллар, 2026 онд 105 ам.доллараар төсөөлөв. Харин нүүрсний үнэ тонн тутам нь 97 ам.доллар болж 2026 онд 75 ам.доллар байх таамгийг Монголбанк дэвшүүлж буй. Нүүрсний үнийн уналт үргэлжлэх тухай дүнсгэрдүүхэн таамгийг шинжээчид дэвшүүлж байгаа бол Монгол Улсын хувьд нүүрсний үнэ 60 ам.долларт хүрэх, түүнээс доош буурвал "сэхээн"-д орж мэдэхээр байна. Магадгүй өнөөдөр шууд Ванга шиг нүүрсний үнийг тааж зөгнөх боломжгүй ч эдийн засагчдын зүгээс үүсэж болох эрсдэл таамаглал ч дүнсгэр байгаа юм.

НҮҮРСНИЙ ҮНИЙН УНАЛТ ЭДИЙН ЗАСАГТ ТОМ ХҮНДРЭЛ ҮҮСГЭНЭ

Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан: Нүүрсний үнийн уналт цаашид үргэлжлэх магадлал өндөр. Улмаар эдийн засагт томоохон хүндрэл үүснэ гэж харж байна. Өнгөрсөн жил нүүрсний үнэ 120 ам.доллар байсан бол энэ оны эхний гурван сарын гүйцэтгэл, дөрөвдүгээр сарын мэдээгээр нүүрсний экспорт ч буурсан байна. Нүүрсний биет хэмжээ, үнэ давхар буурч байгаа үед бид өнгөрсөн жил 8.6 тэрбум ам.доллар, энэ жил 24.8 орчим тэрбум ам.долларын орлогыг барьж авах боломжгүй. Ер нь нүүрсний биет хэмжээ, үнэ зэрэг олон давхар цохилт байна. Нүүрс өнгөрсөн жилийнхээс 30 гаруй хувиар буурсан. Биет хэмжээг өнгөрсөн жилийн түвшинд барилаа гэж бодоход 2.5 тэрбум ам.долларын асуудал үүснэ. Тиймээс бид үүнийг алт, зэсээр нөхөх боломж маш хязгаарлагдмал. Тиймээс бид төсвөө тодотгох, хязгаартай болгох, үргүй зардлуулаа багасгах гарц байна. Олон улсын нөхцөл байдал маш хурцадмал боллоо. Эдийн засгийн дайн болж, Хятадад нэмж татвар тогтооно гэлээ. Биднийг унтаж байхад Д.Трамп юу гэж хэлэх, ямар шийдвэр гаргахыг хэлж мэдэхгүй байна. Энэ жил төсвийн орлого тасалдана. Тиймээс эртхэн бэлтгэлээ базаах ёстой гэдгийг л сануулаад байгаа шүү дээ. Цаашид нүүрсний үнэ хэдэн ам.доллар болж буурахыг хэлэх боломжгүй

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Узбекистан Улсын парламент Олий Мажилисын сенатын танхимын дарга Танзила Нарбаевад бараалхав
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Узбекистан Улсын парламент Олий Мажилисын сенатын танхимын дарга Танзила Нарбаевад бараалхав
 
Маршал Х.Чойбалсангийн  нэрэмжит барилдаанд М.Лхагвагэрэл заан түрүүлэв
Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит барилдаанд М.Лхагвагэрэл заан түрүүлэв
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!