УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргах үүрэг бүхий шинжээчийг томилох тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.
НДҮЗ-ийн гишүүнд нэр дэвшигчийн талаар дүгнэлт гаргах шинжээчид нэр дэвшигч Ч.Энхбаяр сүүлийн 20 гаруй жил МУИС-д ажиллаж байгаа бөгөөд Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн проректор, Бизнесийн сургуулийн захирлаар ажиллаж байсан туршлагатай юм.
Харин ЭМДҮЗ-ийн гишүүнд нэр дэвшигчдийн талаар дүгнэлт гаргах хараат бус шинжээчид нэр дэвшигч Л.Хоролсүрэн АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуульд 2023 оноос багшилж буй бөгөөд 2021 оноос тус сургуулийн захирлын албан үүргийг эрхэлж байна.
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигчийн мэдлэг, мэргэжил, ур чадвар, ёс зүй, туршлагын талаар мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргах үүрэг бүхий шинжээчээр Ч.Энхбаярыг, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигчийн мэдлэг, мэргэжил, ур чадвар, ёс зүй, туршлагын талаар мэргэжлийн хараат бус дүгнэлт гаргах үүрэг бүхий шинжээчээр Л.Хоролсүрэнг тус, тус томилох байнгын хорооны тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж баталлаа.