НЭГ ДОРООС: Б.Пүрэвдорж АН-ынхаа сайд нарыг өмөөрч “Хамтарсан ЗГ-аас гар“ гэсэн бол П.Сайнзориг Үндэсний эвсэл, ИЗНН-аас өөр сөрөг хүчин байхгүйг САНУУЛАВ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 9 секунд

Өчигдөр /2025.03.25/ УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайланг хэлэлцэв. Тухайлбал,

-Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2021-2024 оны хэрэгжилт дунджаар 67 хувь,

-Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4 бодлогын 16 чиглэлийн 620 зорилтын хэрэгжилт дунджаар 34 хувь,

-Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөнд бодлогын тэргүүлэх 8 чиглэлийн хүрээнд төсвийн ерөнхийлөн захирагчийн 24 үр дүн, хөтөлбөрийн 53 үр дүн, 194 төсөл, арга хэмжээ, 205 шалгуур үзүүлэлт тусгагдсан ба төлөвлөгөөний биелэлт дунджаар 57.2 хувь байна гэж Ажлын хэсгээс танилцуулсан юм.

Байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцсон зарим гишүүдийн зүгээс "Зарим зорилтын биелэлтийг эргэлзээтэй үнэлсэн, үнэнд нийцэхгүй байна" гэж шүүмжилж байв.

Г.Лувсанжамц: Ажлынхаа үр дүнг хэзээ бодитоор тайлагнадаг болох юм бэ

-УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц "Эрчим хүчний салбарыг ЭЗ-ийн үр ашигтай болгох зорилтын биелэлт 100 хувь гэсэн байна. Үнэхээр 100 хувь биелэсэн юм уу.

Авлигын гэмт хэргийг бууруулах ажлын хэрэгжилт 100 хувь гэнэ. Авлига, албан тушаалын гэмт хэргийн тоо 2021 онд 335 байсан бол 2024 онд 577 болж өссөн байна. Ажлынхаа үр дүнг хэзээ бодитоор тайлагнадаг болох юм бэ" гэсэн юм.

О.Номинчимэг: Сайд нар баримт нотолгоотой мэдээлэл өгөх хэрэгтэй

Хуралдааны үеэр Монгол Улсын авлигын индексийн асуудал хөндөгдөв. Тодруулбал УИХ-ын гишүүн О.Номинчимэг "Монгол Улсын авлигын индекс сүүлийн 2-3 жилд тогтмол 114-т байгаа. Та нар ямар индексээр тооцож, ахиц гарсан гээд байгаа юм бэ" гэж ХЗДХ-ийн сайдаас асуухад "Бид төсөөллийн индексийг ашигладаг. Хамгийн сүүлд гарсан индексээр Монгол Улс 5 байраар урагшилсан үзүүлэлттэй байгаа" гэх тайлбарыг өгсөнд гишүүн О.Номинчимэг шүүмжлэлтэй хандаж "Сайд нар баримт нотолгоотой мэдээлэл өгөх хэрэгтэй" гэсэн юм.

Б.Пүрэвдорж: Хамтарсан гэчхээд хамгийн их гал авч байгаа АН-ын сайд нар руу дайрч байна

Мөн энэ асуудлаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Монгол орныг авлига хэрэн сүлжчихсэн байхад авлигыг бууруулах ажлын хэрэгжилт 100 хувь гээд оруулаад ирэхээр чинь хүмүүс бухимдах нь аргагүй" гэв.

Үргэлжлүүлэн тэрбээр "Хамтарсан ЗГ гэчхээд хамгийн их гал авч ажиллаж байгаа АН-ын сайд нар руу дайруулдаг ажлыг МАН хийж байна. Ийм байдлаар дээрэлхүүлээд явна гэвэл манай намынхан засгаасаа гарсан нь дээр" гэж намын сайд нараа өмөөрч байв.

П.Сайнзориг: Эд нар чинь АН-ын сайд биш Монгол Улсын сайд нар

Харин УИХ-ын гишүүн П.Сайнзориг "Сөрөг хүчний үүргийг Үндэсний эвсэл, ИЗНН гүйцэтгэж байгааг ойлгох хэрэгтэй. МАН, АН, ХҮН намынхан Засагт хамтарч буйгаа ойлго. Асуулт асууж, мэтгэлцэхээр "АН-ын сайд нар руу дайрлаа" гэж байна. Эд нар чинь АН-ын сайд биш Монгол Улсын сайд нар.

Б.Пүрэвдорж гишүүн чинь П гэдэг үгийг харамгүй хэлдэг хүн байна. Хэдэн бүсгүйчүүдийг барьж аваад, янз янзаар хэлээд байх юм" гэв.

Мөн тэрбээр "Дэд сайд нарыг томилж чадахгүй байгаа хэрнээ ямар ч хуульд байхгүй менежерүүдийг томилж байна. ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөр хэлэлцэж байхад Ерөнхий сайдыг орлох 3 Шадар сайдын хэн нь ч алга. Н.Учрал сайд бол бүхний сайд болоод НОХОЙД БАРЬДАГ МОД ШИГ явж байна" гэж шүүмжилж байлаа.

Ж.Бат-Эрдэнэ: Асуултад хариулахын тулд нэг төрийн байгууллага тэр чигээрээ ирж байна

Ийнхүү байнгын хороодын хамтарсан хуралдааны төгсгөлд ТББХ-ны дарга Ж.Бат-Эрдэнэ зарим сайд нарын үйл ажиллагааг шүүмжилж "Нэгэнт Засгийн газарт ороод "ХАРИУЦЛАГА ҮҮРНЭ" гэж байгаа бол ажлаа судал.

Асуултад хариулах гэж баахан төрийн албан хаагчийн ажлыг нь хийлгэхгүй дагуулаад ирсэн. Бараг нэг байгууллага тэр чигээрээ ирж байна. Энэ бол АЖЛАА МЭДЭХГҮЙ БАЙГААГИЙН шинж" гэсэн юм.

Засгийн газрын гүйцэтгэлийн тайланг энэ долоо хоногийн УИХ-ын чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ.

МАРГААШ: Улаанбаатарт -5 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -5 хэм хүйтэн байна
 
Гадаадаас ажиллах хүч авах, гадаадад ажиллах хүч зуучлах тусгай зөвшөөрөл, ажлын байрны төлбөртэй холбоотой гомдол мэдээллийг хүлээн авч байна
Гадаадаас ажиллах хүч авах, гадаадад ажиллах хүч зуучлах тусгай зөвшөөрөл, ажлын байрны төлбөртэй холбоотой гомдол мэдээллийг хүлээн авч байна
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!