Хил, гаалийн сүлжээний доголдлоос болж нүүрсний нэвтрэлт Шивээхүрэнгийн боомтоор удааширчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 23 секунд

Нүүрсний үнийн уналтаас шалтгаалсан экспорт саарсантай холбоотой Засгийн газар, Сангийн яамнаас хилийн боомтуудын нөхцөл байдалтай танилцана гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан мэдээлсэн билээ. Тэгвэл уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг богино хугацаанд эрчимжүүлэх, валютын нөөцийг нэмэгдүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэг Ханги, Гашуунсухайт болон Шивээхүрэнгийн боомтуудад ажиллаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцжээ.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Сангийн сайд Б.Жавхлан, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нар тэргүүлж, холбогдох албаны хүмүүст үүрэг чиглэл өгсөн байна. Мөн аж ахуйн нэгжүүдээс тавьсан зарим асуудлыг Засгийн газрын хуралдаан танилцуулан хэлэлцүүлэхээр болов.

Монгол Улсын экспорт, импортын хамгийн том боомтуудын дунд Ханги боомт байршдаг бөгөөд гадаад худалдааны эргэлтэд хүч нэмэх чухал гарцуудын нэг. Тус боомтын хүчин чадлыг өргөтгөх замаар уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх бүрэн боломжтой. Мөн хоёр улсын хил төмөр замаар холбогдсоноор Замын-Үүд, Гашуунсухайтын боомтын ачааллыг хуваалцах төдийгүй хүлээгдэж буй уул уурхайн төслүүдийн үйлдвэрлэл эхлэхэд Ханги боомт экспортын гол гарц болох юм.

Нүүрсний тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулах, хил дээрх нүүрсний овоолгын асуудлыг яаралтай шийдвэрлэхэд Ажлын хэсэг төвлөрч буй.

Гашуунсухайтын боомтоор Монгол Улсын нүүрсний экспортын 55 хувь, зэсийн баяжмалын экспортын 60 хувь нь гардаг. Тус боомтоор өдөрт нүүрс тээврийн 1000 гаруй автомашин хил давж байна.

Гашуунсухайт боомтын өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа ч нүүрсний зах зээлийн үнийн уналтаас үүдэн хилийн татан авалт буураад байгаа. Яг энэ байдал Шивээхүрэнгийн боомт дээр ч яригдаж байна.

Шивээхүрэнгийн боомтоор Нарийнсухайтын бүлэг ордод үйл ажиллагаа явуулж байгаа дотоод, гадаадын хөрөнгө оруулалттай найман аж ахуйн нэгж нүүрс экспортолж байна. Компаниуд нүүрсний олборлолтын өртгөө бууруулах, экспортын бодит хэмжээгээ нэмэгдүүлэх зорилт тавьсан бөгөөд энэ онд 25-26 сая тоннд хүргэхээр төлөвлөж, шийдвэрлүүлэх асуудлуудаа нэгтгэн Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Тус боомтоор ААН-үүд өнгөрсөн онд 24 сая тонн нүүрс экспортолжээ.

Өдгөө уурхай гүнзгийрч, хөрс хуулалтын хэмжээ нэмэгдэж, тээврийн зай уртсан, нүүрс олборлолтын өртөг жил бүр өсөж байгааг аж ахуйн нэгжүүд хэллээ.

Мөн нүүрсний АМНАТ тооцох жишиг үнийг эргэн харах, хөдөлмөрийн зах зээл дээрх ажиллах хүчний хомсдол аж ахуйн нэгжүүдэд тулгамдсан асуудлын нэг болж байгааг дурдлаа.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан экспортыг нэмэгдүүлэх Ажлын хэсгийн түвшинд аж ахуйн нэгжүүдэд тулгарч байгаа асуудлыг цаг хугацаа алдалгүй шийдвэрлэж, хамтдаа зах зээлийн сорилтыг даван туулна гэлээ.

Сүүлийн өдрүүдэд хил, гаалийн дотоод сүлжээний доголдлоос үүдэн нүүрсний тээврийн нэвтрэлт Шивээхүрэнгийн боомтод удааширсан байна. Энэ байдлыг даруй сайжруулах, сүлжээний доголдол цаашид үүсэхгүй байх арга хэмжээ авахыг холбогдох албаныханд сайд нар даалгалаа.

Ажлын хэсэг томилолтын хүрээнд Шивээхүрэн-Сэхэ боомтын нарийн царигийн төмөр замын хил холболтын бүтээн байгуулалт, Шивээхүрэн чингэлэгт терминал, AGV тээвэр болон “Тэлмэн Ресурс” компанийн хэрэгжүүлж буй нүүрсний давхаргын метан хийн төслийн талбайгаар зочилж, төслийн явцтай танилцлаа. Нүүрсний давхаргын метан хий олж илрүүлэх гурван ч төсөл Өмнөговь аймагт хэрэгжиж байна. Нүүрсний давхаргын метан хийг ашигласнаар агаарын бохирдлыг багасгах, эрчим хүч, дулааны шинэ эх үүсвэр бий болох боломжтой.

Б.Бейсен: Дотоодын гурилын үйлдвэрлэл 57 хувиар буурчхаад байна. Импортын татварыг эргэж сэргээх хуулийн төслийг даруй хэлэлцэх ёстой
Б.Бейсен: Дотоодын гурилын үйлдвэрлэл 57 хувиар буурчхаад байна. Импортын татварыг эргэж сэргээх хуулийн төслийг даруй хэлэлцэх ёстой
 
О.Батнайрамдал: БЗС дээр хэн ч ирж авдаггүй 15 мянга гаруй диплом хураалттай байна
О.Батнайрамдал: БЗС дээр хэн ч ирж авдаггүй 15 мянга гаруй диплом хураалттай байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!