Британийн Парламентын Нийтийн танхимын дарга Л.Хойлын урилгаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланг айлчлах үеэр Оксфордын их сургуулийн захирал, ноён Уильям Хейг, Газарзүй, байгаль орчны сургуулийн захирал, профессор Жайлс Вигс нар бараалхжээ.
Тэд Монголын боловсролын салбар дахь зорилт, хөтөлбөрүүдийн талаар ярилцаж, хамтран ажиллах боломжтой судалгааны чиглэлээр санал солилцсон байна. Боловсрол, судалгааны чансаагаараа дэлхийд тэргүүлдэг Оксфордын их сургууль нь 45 коллеж, эрдэм шинжилгээний тэнхим, салбар сургуультай бөгөөд Монголын төлөөлөгчдийг очих үеэр монгол судлаач эрдэмтдийн уулзалтыг ч хийжээ.
Тус сургуулийн захирал ноён Уильям Хейг нь Гадаад харилцаа, Хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн сайд, Консерватив намын даргын албыг хашиж, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ялгаварлан гадуурхахын эсрэг хуулийг боловсруулж, НҮБ-ын дүрвэгчдийн асуудал эрхэлсэн тусгай элч Анжелиа Жоли-той хамтран Зэвсэгт мөргөлдөөний үед хүчирхийллээс урьдчилан сэргийлэх кампанит ажлыг санаачлан өрнүүлж байсан, парламентын гишүүнээр 26 жил ажилласан, Британийн Хаанд албан ёсоор зөвлөгөө өгдөг Приви зөвлөлийн гишүүнээр томилогдсон туршлагатай улстөрч юм.
Хааны уран зохиолын нийгэмлэгийн гишүүн тэрбээр өнгөрсөн сард Оксфордын их сургуулийн 160 дахь Ерөнхийлөгчөөр 10 жилийн хугацаатай томилогджээ.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!