–Буруутай зүйл хийгээгүй тул аавынхаа санаа бодол, мэргэжлийн ёсзүй,итгэл үнэмшлийг нь хүндэтгэхээс аргагүй-
–Эс,эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулуун эмчид холбогдох хэргийг давж заалдах шатны шүүхээс буруутай гэж үзэн ялыг хэвээр үлдээснээр нийгэм даяар “Эмчийг сулла” “FreeBatchuluun” давлагаа өрнөөд байгаа билээ.
Төрийн соёрхолт,гавьяат эмч П.Батчулууны ар гэрийнхнээс байр суурийг нь сонсохоор түүний охин Б.Хонгорзултай ярилцлаа. Тэрээр аавтайгаа адил анагаах ухаан, эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа бөгөөд АШУҮИС-ийн Био-Анагахааны хүрээлэнгийн судалгаа борлуулалтын төвийн эрхлэгч, АУ-ын Доктор нэгэн байжээ.
–Давж заалдах шатны шүүхээс П.Батчулуун эмчийн ялыг хэвээр үлдээлээ.Нийгэм даяараа энэ хэрэгт буруугүй эмчийг яллах ёсгүй гэж нэлээд хүмүүс үзэж байгаа нь анзаарагдаж байна. Өнгөрсөн хугацаанд эмч өөрөө болон ар гэрийнхэн нь ямар нэг байдлаар мэдээлэл хийсэнгүй. Яагаад энэ болтол дуугүй байв, энэ хэрэг анх шуугьж байх үед аав тань юу гэж хэлж байсан бол?
-Анх энэ хэрэг цахимаар сэвэгдээд цагдаа дээр дуудаг даж байх үед аав маань “Аав нь буруу юм хийгээгүй болохоор санаа зоволтгүй ээ. Би зүгээр нотлох баримтууд л бүрдүүлж өгч байгаа” гэж байсан. Ээж маань, би өөрөө, нөхөр маань Анагаахын салбарын хүмүүс. Бүгдээрээ Анагаахын хүмүүс учраас үүнд ямар нэгэн алдаатай зүйл байхгүй, цагдаад шалгагдаж асуудал болно ч гэж үнэндээ бодоогүй. Өөрсдөө үйл явц яаж явдгийг мэдэх хүмүүс учраас тэр шүү дээ. Гэмт хэрэг гэгдэж буруудахгүй гэж бодож байсан учраас аавын үгэнд итгэсэн. Гэхдээ бас айлын том охины хувьд “Аав аа ер нь хуульч авъя” гэхэд “Юу ч болсон процессоо тайлбарлаад, нотлох баримтуудаа аваачаад өгчихөд болно. Хуульч хэрэггүй, аав нь ямар буруу юм хийсэн биш” гэсэн үгэнд нь орсондоо, анхнаас нь хуульчид хандаагүйдээ, олон нийтийн сүлжээнд гар буй зүйлд шууд тэр даруйд хуулийн үүднээс арга хэмжээ аваагүйдээ одоо харамсаж сууна.Бас аавын хамт ажилладаг хүмүүс, найз нөхөд, ах дүү нар гээд бүгд л санаа зовнин асуухад мөн л тайлбараа өгч байсан. Бүх зүйлээ шалгуулсан, эрх ашигт хөтлөгдөж хүмүүсээс мөнгө төгрөг авсан байна уу, танил тал хүмүүст эрхтэн шилжүүлэх боломж олгосон байна уу гээд бүгдийг нь шалгаад үгүй гэдэг нь нотлогдсон шүү дээ. Тэгсэн хэрнээ 15.3.2-аар хуурч залилах арга замаар авсан гэдгээр буруутгана гэж үнэхээр бодоогүй. Хөөрхий аав маань нэгдүгээр сарын дүн хүйтнээр костюм өмд, хавар намрын гутал, нимгэн куртка өмсөөд очсон байсан. Шүүхээ хүндэтгээд бас өөрөө буруутай гэж бодоогүй учраас ингэж яллана гэж бодохгүй тэгж очсон хэрэг шүү дээ.Үнэхээр өнгөрсөн хугацаанд арай ч ийм хэрэгт буруутгахгүй биз дээ, үнэн мөн тодрох биз дээ гэж манай гэр бүлийнхэн итгэж найдсаар энэ хүрлээ. Хуульч, өмгөөлөгч нар нь ямар нэгэн мэдээлэл гаргахгүй, шүүхэд нөлөөлөх алхам хийж болохгүй гэхээр бид ч үгэнд нь ороод тэмцье жагсъя, хэвлэлийн хурал хийе гэсэн найз нөхөд, хамтарсан багийнхан, өвчтөн гээд олон хүнийг хорьсоор ирсэн. Анагаахын салбарын онцлогийг өөр хүмүүс мэдэхгүй шиг бид ч хуулийн салбарыг сайн мэдэхгүй. Тиймээс тэд үнэн зөвийг гаргаад ирэх байх гэж хүлээсэн, харамсалтай нь давж заалдах шатны шүүхээс ялыг хэвээр үлдээлээ. Хаалттай хуралдаан учраас бид юуболсныг нь нарийн мэдээгүй сууна. Хуульчдынхаа аавыг асуудалд оруулсан шиг олныг уриалах, турхиран, талцуулах байдлаар хийж болохгүй, бүх зүйлийг хуулийн хүрээнд хийнэ гэснийг зөв гэж үзэн дагасаар ирсэн. Одоо ч Дээд шүүхэд давж заалдахад үнэн мөнөөр нь тунгааж өгнө гэдэгт итгэн хүлээж байна. Олон түмэн эмчээ аваръя, хамгаалъя гээд биднээс хамаарахгүй давлагаалж байна. Тэр олон хүмүүст чин сэтгэлээсээ талархаж байгаагаа танай сониноор дамжуулж хэлье ээ.
– Та нар анагаахынхүмүүс. Энэ үйл явцад ямар нэгэн алдаа гараагүй гэдгийг мэдэж байсан гэж байна. Харин мэдэхгүй хүмүүсийн хувьд элгийг цөсний замтай нь, бөөрийг шээсний суваг замтай нь шөрмөсийг бэхлэх ястайг нь авдаг гэдгийг эмч нарыг тайлбарлаад хэлэхээр нь ойлгож байна. Тэр болтол зөвшөөрөл авснаасаа өөр эрхтнүүд авсан гэж буруутгаж байсан?
– Эс, эд эрхтэн шилжүүлэн суулгах салбар нь Монголдоо шинэ тутам болохоор нийгмийн хүлээж авах ойлголт, ухагдахуун нь хүмүүст зуун хувь хүрч чадаагүй. Гэхдээ энэ хэрэг нийгэмд шуугиан тарьж, аав маань хоригдсон ч яг энэ ажлыг хийж байгаа хүмүүс яаж ажилладаг, юуны төлөө зорьж юуг давж туулж ирсэн. Донор хүлээн суугаа тэр хүмүүсийн хувь заяаны талаар илүү ойлголттой болж байх шиг байна. Хэдийгээр бидний хувьд хүнд байгаа ч бүх зүйл хоёр талтай байдаг болохоор нөгөө талдаа хүмүүсийн ойлголт нэмэгдсэнд баяртай л байна. Ер нь ямар ч төрлийн эмчилгээг хийхдээ хамгийн сайн эмчилгээний үр дүн гаргах тэрхүү батлагдсан, судлагдсан аргуудыг л сонгодог. Энэ нь өөрөө олон улсад судлагдан, батлагдсан практикт үндэслэн гарсан зааварзөвлөмж, удирдамжийн дагуу л хийгдэж байгаа гэсэнүг. Одоо энэ талаар хүмүүс жаахан ойлголттой болсон байх гэж найдаж байна.
–Эд, эрхтэн зөвшөөрөлгүй авсан гэж бодож байгаа хүмүүс олон байна л даа?
– Хүний эд, эрхэтнийг зөвшөөрөлгүй авбал эд эрхтний наймаанаас урьдан эмч, эмнэлгийн ажилтны ёс зүйн хэм хэмжээний асуудал болно биз дээ. ДЭМБ-аас эрхтний наймаа, хүний наймаа хийдэг улс орнуудад эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг шууд таслан зогсоодог. Үүний эсрэг тогтмол хяналт тавьдаг. Аав маань, баг хамт олон нь эрхтний наймааны асуудал гаргуулахгүйн тулд хууль эрх зүйн орчныг нь тусгуулахад ажиллаж, “TTS” буюу эрхтэн шилжүүлэн суулгах дэлхийн хамгийн том холбоонд элсэн орсон. Эд эрхтний наймааны эсрэг Станбулын тунхаглалд Монгол Улс нэгдэн орсон улс. Гадны улс орнууд руу өндөр үнэтэй хагалгаанд явалгүй эх орондоо даатгалаар, хямд үнээр хийлгэх боломжийн төлөө энэ олон хүн нойр хоолоо хугаслан ажиллаж ирсэн. Монголд энэ төрлийн хагалгаа хийгдэж байна гэдэг нь ёс зүйн хэм хэмжээний хүрээнд ийм наймаа байдаггүй учраас л хийгдэж байгаа гэж ойлгож болно. Аав маань юу гэж өөрийнхөө, энэ олон эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн хичээж зорьж ирсэн үйлсийнхээ эсрэг ажиллах вэ дээ. Энэ бүхэн бидэнд тодорхой байсан учраас хүмүүсийн буруу ойлгож, буруутгаад байгаа зүйл аандаа тодорхой болно гэж бодож байсан. Гэвч буруу ойлгосоор байгаа хүмүүс байгааг харж байна. Дахин хэлэхэд, ярьж хэлж байснаасаа өөр эд эрхтэн аваагүй. Анхнаасаа таниулах хуудас дээрээ элэг, бөөр, шөрмөс гэж бичсэн байсан. Түүний дагуу багууд эдгээр эрхтнээ авсан. Нөгөө айл шөрмөс гэж сонсоогүй гэж хэлж байгаа гэсэн. Бүх зүйлийг процедурын дагуу хийсэн учраас ямар ч асуудалгүй гэж аав ч, аавын албаныхан ч хэлдэг. Сэтгэл санаа тайван бус, үймэрч, сандарсан хүмүүс тэгж хэлэхийг ойлгож байна. Талууд гарын үсгээ баталгаажуулж зурсан таниулах хуудасны дагуу авсан гэдгээ эрхтэн шилжүүлэх багийнхан ч хэлж байгаа. Гарын үсэг бүхий материалууд нь бүгд шүүх дээр байгаа. Энэ хуудас уг нь нууцын зэрэглэлтэй байх ёстой юм. Гэхдээ сошиалаар аав руу маань дайрч байх үед сэтгүүлч тэр нууцлалтай байх баримт бичгийг уншиж, дэлгэцээр харуулж байсан.Тэр үед өөрөө ч элэг, бөөр, шөрмөс гээд уншиж байсан нь одоо ч байгаа. Бас Нийгмийн даатгалын сангаас донорын ар гэрторшуулгын зардалд өгдөг тэтгэмжийг төр өгөөгүйд өмнөөс нь уучлал хүссэнийг эмч өөрөө буруутайдаа уучлал хүсч байгаа мэтээр олон нийтэд ойлгуулсан нь харамсалтай.
– Амьгүй донор нь заавал даатгуулагч байх ёстой байдаг. Хэдэн жил дараалж даатгуулсан байх ёстой ч энэ хэрэг дээр амьгүй донор хэдхэн сар даатгал төлсөн гэсэн шалтгаанаар тэтгэмжийн мөнгийг өгөөгүй. Үүнд ар гэр нь гомдолтой байснаас бүх хэрэг үүссэн гэж харагдаж байгаа?
-Даатгуулагч гэдэг үг олон зүйлийн эхлэл болсон байх. Гэхдээ энэ хэргээс хойш даатгуулагч биш байсан ч гэсэн яамнаас тэтгэмжийн мөнгийг өгдөг болсон гэж ойлгосон.
–Аавын тань албаныхан гэр бүлийн хүнээ алдсан хүмүүстэй нүүр тулж уулзах хамгийн хэцүү үүргийг хүлээдэг юм байна даа. Уг нь эрхтэн шилжүүлж суулгах багт байдаг байсан даа?
– Донороос эрхтэн шилжүүлэх энэ үйл явц өөрөө маш нарийн мэдрэг ажиллагаа учраас бүгд хууль журамд заасны дагуу дагуу хийгддэг нарийн үйл явц. Тархины үхэлд орсон гэдгийг тодорхойлдог баг тусдаа. Эмнэлгүүд, хөдөө орон нутгийн эмнэлгүүд дээр тус тусдаа багууд байгаа. Тэд тодорхойлсны дараа аавын алба руу мэдэгддэг. Шөнө орой хэзээ ч бай утасдахад аав бэлэн байдаг.Тэгээд ар гэрийнхэнтэй нь уулзаж нөхцөл байдлыг танилцуулаад, бусдад амьдрал бэлэглэх боломж байгааг хэлж зөвшөөрвөл бусад багууддаа мэдэгддэг. Би эрхтэн шилжүүлэх багт ажилладаггүй болохоор нарийн мэдэхгүй ч ерөнхийдөө энэ үйл явц тун нарийн. Аль эрхтнийг түрүүлж авах вэ гэдгийг ч зааж өгсөн байдаг. Багууд өөр, өөрийн хүлээлгийн жагсаалтад байгаа хүмүүсийн цусны бүлэг, дархлаа нийцлээр нь судасны диаметр, жагсаалтад орсон дараалал минут секунд, амин заалт гээд олон үзүүлэлтээр хэнд шилжүүлэн суулгахыг тогтооно. Хүлээлгэнд байгаа хүмүүс миний өмнө тэдэн хүн байгаа, сая нэг хагалгаа болсон гээд бүр хуруу дараад хүлээж байдаг юм. Гадагшаа яваад хагалгаанд орно гэвэл хэдэн зуун саяас эхлэх болохоор явах чадалтай нь хэд билээ дээ. Хүлээж байгаад амь насаа алдсан хүмүүс ч цөөнгүй. Үнэхээр тэр хүмүүсийн төлөө энэ багийнхан маань энэлж шаналж байдаг. Гэхдээ манай уламжлал шүтлэгтэйч холбоотой юм уу, амьгүй донор олдох нь тун ховор. Аав маань 2012 онд зүрхний шигдээс болох хүртлээ хагалгаагаа хийж байсан. Аавын талынхан чихрийн шижингээр өвдөх талтай. Зүрх судасны өвчний суурь нь ч үүнтэй холбоотой. Тэр удаад нэлээд хэдэн өдрийн ачаалалтай ажлынхаа үеэр эмнэлэг дээрээ зүрхний шигдээс болж ухаан алдаж унасан. Өрөөндөө ч юм уу, гэртээ ч юм уу ухаан алдсан бол хүн анзаарахгүй асуудал болсон бол яана гэж боддог.Гэхдээ үнэхээр ус уух хувьтай. Тэр удаад зүрх нь зогсоод 15-16 минут болсон. Азаар сэргэсэн ч группт орохоос аргагүй болсон. Зүрхэндээ тэр үед стент суулгуулж, дараа нь хэд хэдэн стент нэмж тавиулсан. Тэр цагаас хойш энэ албаа хариуцаж ажилладаг болсон юм.
–Аав чинь Монголд шинэ тутам энэ салбарыг босгох гэж насаараа ажиллаж иржээ. Их ачаалалтай ажилладаг байсан уу?
-Миний хүүхэд насны дурсамж аавтай өнгөрүүлсэн өдрүүд их цөөхөн байдаг. Харамсалтай ч гэсэн үнэн. Аав өглөө эрт өвчтөнүүд рүүгээ явна. Хагалгаа, хуралд орохын өмнө тэр хүмүүстэйгээ уулзах нь зөв байдаг гээд. Жижүүрээсээ буусан ч гэртээ ирэхгүй нөгөө л өвчтөнүүдээ сахина. Бас гадны маш олон улс оронд явж суралцаж ирсэн. Анх 1996 онд АНУ- ын Арканзас руу судасны хагалгаа сурахаар аав маань явж байлаа. Ирээд л явна. Харин долдугаар ангид байхад ээж хагас жилээр сургалтад гадагшаа явах үед аавтайгаа бараг дахин танилцаж байлаа шүү дээ.Цоо шинэ салбарыг үүсгэн байгуулж, хөл дээр нь босгохын төлөө энэ багийн хүмүүс хувийн амьдралаа хойноо тавьж энэ хүргэсэн. Хүний амь амьдрал, эрүүл мэндийн төлөө маш бага цалингаар зөвхөн сэтгэл зүрхээ дагаад энэ хүртэл ажилласан эмч, эмнэлгийн ажилтнуудаа өөрөөр харах цаг болсон гэж санадаг.Хэдийгээр хангалттай цаг бидэнд гаргаж чадаагүй ч ийм том ажлын ард гарсан ааваараа бид бахархдаг. Бас аавын маань энэ хүргэж ирсэн амжилтын цаана ээжийн маань тэвчээр, хичээл зүтгэл байдаг. Ээж маань хүний их эмч. Бидний төлөө, арай цаг нартай ажилтай байх гэж анагаахын лабораторийн салбарт шилжиж ажилласан. Өглөө эрт эхэлдэг, тэрнийхээ хүрээнд ажлын цагтаа тардаг гэсэн үг. Олон түмний эрүүл мэндийн төлөө насаараа зүтгэж ирсэн аав, ээж хоёроороо үр хүүхдүүд бид үнэхээр бахархдаг. Гэхдээ сүүлдээ ийм байдалд ороод ингээд яриад сууж байгаа маань үнэхээр харамсалтай байна.
– Өөрөө ч бас аавээжийнхээ мэргэжлийг өвлөж авсан. Японд доктор хамгаалсан. Басл манайдаа цоо шинэ салбар үүдэл эс, генийн чиглэлээр мэргэшсэн гэж ойлгосон…
-Оюутан болохоосоо өмнө гоо сайхны мэс засалч болно гэж боддог байлаа. Яагаад ч юм гоё санагддаг байсан юм. Гэхдээ тухайн үед хамгийн шинэ, олон улсад хөрвөж ажиллаж чадах, анагаахын салбарын нэг био-анагаах гэдэг салбарыг судалж орсон. Эсийн эмчилгээ, генийн эмчилгээ гэсэн чиглэлээр ажиллаж байна даа. Аав шиг эрхтэн шилжүүлэн суулгах биш ч гэсэн ирээдүйд маш чухал салбарт судлаачаар ажиллаж байна. Бидний хэрэгжүүлж байгаа төсөл анагаахыг шинэ түвшинд гаргана гэж манай багийн залуус итгэл төгс, маш их баяртай байдаг. Гэхдээ ч сүүлийн үед аавыгаа харахаар ингэж зүтгэж ирчихээд ийм байдалд байгааг нь харахаар халширмаар ч юм шиг, ухармаар ч юм шиг.
– Аавын тань бие нэлээд муу байгаа талаар хэвлэлээр бичээд байгаа. Шүүх танхимд тэргэнцэртэй орж ирсэн гэж дуулсан. байдал яг ямар байгаа вэ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
– Аав зүрхэндээ 7-8 стенттэй, ачигдсаныхаадараа хэд хоногоос биеийн байдал нь эрс муудан, эмнэлэгт хүргэгдэн гурвыг нэмж тавиулсан. Дахиад ч бөглөрөлтэй судас бий, нэмэх шаардлагатай гэж ойлгож байгаа.Хоригдсоноосоо хойш бие нь эрс муудсан. Ийм нөхцөл байдал үүсчихээд байхад аавыгаа ч харах боломжгүй, тогтсон өдөрт 20 минутаар уулзах ийм нөхцөлд байна даа. Насаараа хүний амь аврахын төлөө явсан аав маань өнөөдөр ийм нөхцөлд орчихоод байгааг нь харахаар хэлэх ч үг олдохгүй байна. Шүүх хуралд хүчилтөрөгчийн аппараттай, тэргэнцэртэй очсон. Шүүхийн шийдвэрийг сонсоод хөл дээрээ босно гээд өөрөө босоод алхсан. Өөрөө бүр сайн алхаж чадахгүй, хүнээр түшүүлээд гарсан л даа. Бид хэд хаалттай хуралд орж чадаагүй ч шүүх рүү очиж орж байх үе, гарч явахыг нь л хараад өнгөрсөн.
–Гадуур П.Батчулуун эмчийг “Эмч нарын өдөр”-өөр суллах ёстой гэсэн яриа нэлээд явж байна. Зарим хэвлэлээр уучлалыг Ерөнхийлөгч, өршөөлийг УИХ үзүүлдэг тухай мэдээ ч явж байна лээ. Гэхдээ аль тохиолдолд гэм буруугаа буруугаа хүлээнэ гэж. Табүхэн анзаарсан уу?
– Аав минь алдаа гаргаагүй,буруутай зүйл хийгээгүй. Тийм ч учраас бүх шатны шүүх хурал дээр хэргийг хэрэгсэхгүй, цагаатгана гэдгээр орж байгаа. Алдаа гаргаагүй учраас уучлалт гуйхгүй гэдэг дээр хатуу байх шиг байна лээ. Хамгийн гол нь энэ асуудал бол аавын ч асуудал биш, салбарын асуудал. Өөрийн эрүүл мэндийг бодоод буруутай гээд, өршөөл, уучлалаар гараад ирнэ гэвэл тэр баг хамт олны ажлыг ч гэсэн буруутгасан, энэ олон жилийн нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл, итгэл үнэмшил гээд бүх зүйлээ үгүйсгэсэн хэрэг болно.Буруу ойлголт тэр чигтээ тогтоно. Угаасаа үнэгүйдсэн байгаа салбар маань тэр чигтээ улам л үнэгүйднэ. Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах гэж хичээж ирсэн баг хамт олны асуудал, цаашлаад салбарын асуудал болох учраас өөрийгөө бодож тийм алхам хийхгүй л болов уу. Би энэ талаар дурдахад “Буруутай зүйл хийгээгүй болохоор уучлалт гуйж гарахын оронд ялаа эндээ эдлээд дууссан нь дээр” гэж байсан. Мэдээж, аавын маань эрүүл мэнд, амь нас бидэнд маш чухал байна. Үнэхээр аавынхаа эрүүл мэндэд санаа зовж байна. Гэхдээ аавынхаа санаа бодол, итгэл үнэмшлийг хүндэтгэхээс аргагүй.
–Донорын ар гэрийнхэн гомдолгүй гэж шүүх хурал дээр хэлсэн үү. Тийм байр суурьтай байгаа гэж Н.Өнөрцэцэг сэтгүүлч бичсэн байсан?
-Шүүх хурал нь хаалттай болж буй учраас бид оролцохгүй байгаа гэж би хэлсэн. Гэхдээ аль ч шатны шүүх дээр тэдний тал энэ үгийг хэлээгүй болов уу. Тэгсэн бол аав ч, өмгөөлөгч нар ч бидэнд дуулгах байсан. Зүгээр бие нь муу байгаа хүнийг хорих сонирхол байхгүй байна гэж хэлсэн талаар дуулсан.Түүнээс гомдолгүй гэж хэлээгүй байх аа. Эцэст нь нэмж хэлэхэд, шинжлэх ухааны салбар бүхэн өөрийн судлагдахуун, ойлголт, үнэ цэнэ гэдэг зүйлтэй байдаг. Бүх зүйлийг мэддэг мэтээр тайлбарлах боломжгүй гэж л хэлмээр байна даа.
Г.БАЛГАРМАА
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!