ОБЕГ-аас түймрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
-------------------
ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр:
-Гуравдугаар сарын 11-ний өдрийн 11:00 цагийн байдлаар Сүхбаатар аймгийн Асгат суманд гарсан түймрийг цурманд оруулсан, бүрэн унтраахаар ажиллаж байна. Дорнод аймгийн Хэрлэн, Булган, Сэргэлэн, Дашбалбар, Баян-Уул, Хэнтий аймгийн Батширээт, Баян-Овоо, Архангай аймгийн Хайрхан суманд бүртгэгдсэн түймрийг бүрэн унтрааж орон нутгийн холбогдох хүмүүст хүлээлгэж өгсөн. Түймрийн хохирлыг тогтоох ажлын хэсэг сум, орон нутагт ажиллаж байна. 170 орчим мянга га талбай түймэрт өртсөн. Урьдчилсан байдлаар 38 гэр, 4 чингэлэг, 4 машин, 2 мотоцикл, 48 хашаа саравч, 3706 бог, 48 бод мал, 3500 орчим боодол өвс шатсан байна. Хохирлыг тогтоох ажил үргэлжилж байна. Улсын нөөцөөс гэр ачсан цуваа зүүн гурван аймагт ажиллана.
Өнөөдрийн цаг агаарын байдлаар зүүн аймгийн нутгуудад салхитай, Сүхбаатар аймагт бага зэрэг хур тунадастай байна. Монгол орны хавар, намрын цагт гарсан түймэр маш богино хугацаанд их талбайд тархдаг онцлогтой. Учир нь салхины хурд, хуурайшилт ихтэй байдагтай холбоотой. Энэ төрлийн түймрийг хүний оролцоотойгоор унтраахад маш өндөр эрсдэлтэй байдаг.
Түймрийн эрсдэлтэй 14 аймаг байна. Бага цагт их талбайг хамардаг онцлогтой. Түймэр гарсан газарт салхины хурд 6-18 м/секунд хүртэл салхилдаг учраас түймэр унтраах ажлыг зохион байгуулахад алба хаагчдын амь насанд аюултай.
Зарим тохиолдолд алба хаагчид салхиныхаа урд түймэрт өртөж болзошгүй айл өрхүүдийг түймрээс гаргах ажлыг хийдэг. Сүхбаатар аймгийн нутгаар цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедицийн үйл ажиллагааг эхлүүлээд байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!