Дубайн гэрээний хэрэгт буруутгагдаж буй Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг “удахгүй монголдоо очиж хэвлэлийн бага хурал хийнэ” гэх мэдээлэл баттай эсэх нь эргэлзээтэй байна. Энэ мэдэгдлийг “Чимэдийн Сайханбилэг” нэртэй фэйсбүүк хуудсанд нийтэлсэн юм. Тус постод “Гүтгэлэг бүхэнд хариулт өгнө. Зугтаасан гэх зохиолтой жүжиг хэзээ дуусах вэ? Өмгөөлөгчөөрөө дамжуулж тогтмол хууль хүчний байгууллагатай холбоотой ажиллаж байгаа. Улс төрийн зохиомол жүжгийн гол дүр нь болж хэлмэгдэх ёстой бол төрийн хамгаалалт нь хамт явж байгаа эхлээд та бүхэн шаардлагын дагуу шалгалтаа хийнэ үү?” гэжээ. Гэвч энэхүү хуудас нь 500 хүрэхгүй дагагчтай бөгөөд саяхан нээсэн шинэ хуудас гэдэг нь маш бага мэдээлэлтэй, сүүлийн үед л идэвхтэй ашигласнаас нь харагдаж байна.
Ч.Сайханбилэгийн албан ёсоор ашиглаж байсан өөр фэйсбүүк хуудас бий. 10 мянга орчим дагагчтай Saikhanbileg Chimed хуудсыг тэрээр ерөнхий сайд байхдаа албан ёсоор ашиглаж байсан бөгөөд 2016 оноос хойш ямар ч мэдээлэл нийтлээгүй байна.
Ч.Сайханбилэгийн гэх албан бус хуудсанд нийтлэсэн өөрөө ирж хэвлэлийн хурал хийнэ гэх мэдээлэл нь үндэслэл багатай юм. Хэрвээ экс ерөнхий сайд ийм мэдээлэл түгээх байсан бол өөрийнхөө олон дагагчтай, өмнө нь ашигладаг байсан хуудсаараа дамжуулах нь ойлгомжтой.
Монгол улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг энэ сарын 11-ны өдөр эрэн сурвалжилж эхэлсэн талаар мэдээлсэн. Тодруулбал Дубайн гэрээ буюу Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээнд гарын үсэг зурахдаа албан тушаалаа ашиглаж, бусдад эрх олгосон байж болзошгүй хэмээн үзэж авлигатай тэмцэх газар, эрүүгийн цагдаагийн албаны хамтарсан ажлын хэсгээс яллагдагчаар тооцон шалгаж эхэлсэн юм. Тэрбээр шалгагдаж байх үедээ гадаад руу эмчилгээгээр явна гээд амалсан хугацаандаа ирэлгүй оргон зайлсан гэж цагдаагийн байгууллага мэдээлсэн юм.