Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сарангэрэл сайд хөл хорионы дараа энхсаран сувиллын жинхэнэ эзнийг зарлах уу?

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 49 секунд

Ковид-19-ийн дотоод халдварын голомт Энхсаран сувиллын газар байсан нь хөдлөшгүй баримтаар нотлогдож, энэ хэний сувиллын газар вэ? гэдэг асуулт олны анхаарлыг татаж эхлэв. Зөвхөн олны анхаарлыг татаад зогсохгүй эрх баригчдын дунд ч нэлээдгүй талцал маргааны сэдэв болж байгаа ажээ. Дотооддоо халдвар алдаагүй цөөхөн улсын нэг гэж дэлхийд гайхагдаж, Засгийн газрын алдар гавьяаны талаар олон улсын хэвлэлийнхэн баримтад кино ид хийж явах үед бид дотооддоо халдвар алдсан.

Ковидын аюулыг хоолуур тойруулж чадсаныхаа төлөө үнэмлэхүй ялалт байгуулсан эрх баригчдын нэр хүнд, Засгийн газрын эв нэгдэл ч эмзэг цэг дээрээ иржээ. Байдал тайван болсны дараа нэг биш нэжгээд хүний хариуцлагын асуудал яригдах нь тодорхой болсон гэнэ. Өмнөх хөл хорионы үеэр төр засгийнхаа шийдвэрийг хүндэлсэн, дэмжсэн өнгө аястай коммент, асуултууд сошиал, хэвлэл мэдээллээр хөвөрч байсан бол өдгөө нэлээд галтай ширүүн уур амьсгал давамгайлах болжээ. Шинэхэн хотын дарга Д.Сумьяабазар ч ажлын гараагаа амаргүй шүүмжлэлтэй эхлүүлж байна.Ийнхүү ковидын халдварыг дотооддоо алдсан нь цаашдын улс төрийн нөхцөл байдал ч нэлээд нөлөөлөх шинжтэй байгаа гэдгийг ордны эх сурвалжууд баталж байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Засгийн газрын гишүүдийн дунд багагүй ан цав үүссэн ажээ. Халдвар алдахгүй байх талаас нь бүхий л нөхцлөөр хангаж, өндөр итгэл хүлээлгэж мэргэжлийн гэх тодотголтой хүмүүсээр багийг нь бүрдүүлж өгсөн байхад хариуцлага алдсанд бухимдах их хурлын гишүүд ч байгаа гэнэ. Нэг хэсэг нь Т.Мөнхсайхан сайдад хариуцлага тооцох ёстой гэсэн битүүхэн жиргээ нисгэж байгаа бол өөр нэг хэсэг нь Энхсаран сувиллыг Д.Сарангэрэл сайдтай холбосон мессежийг сошиал сүлжээгээр зохион байгуулалттай явуулах болсон байна.

Харин Д.Сарангэрэл сайд өөрийн фээсбүүк хуудсаараа “Энхсаран сувилал таных уу, хэлээд өгөөч гэж таван ч сэтгүүлч асуулаа. Бишээ. Надад хамааралгүй гэж хариулья. Хөл хорио сунгачихаад байхад жон жон гэх нь муухай юм. Сайхан цаг ирэхээр харин ч нэг яринаа. Тэр үед нь “Ну Погоди” гэж хариу мэдэгдэл хийв.

Үгэнд дунд үг, үхэр дотор гиван гэгчээр энэхүү мэдэгдэлд “хөл хорионы үеэр олон юм яриад яахав, цаг тайван болохоор ямар учиртайг нь зарлана” гэсэн санаа тодорхой харагдаж байгаа юм. Иргэдийг тусгаарлах сувиллыг Д.Сарангэрэл сайд сонгосон, энхсаран сувиллын газар түүнтэй холбоотой гэх зэргээр түүн рүү зохион байгуулалттай чиглэсэн галд ч хариу   өгч цаад эзэнд нь хандан “ну погоди” гэж сануулга өгөв. Тэгэхээр хөл хорио дууссаны дараа ямар ч байсан нэг юм болох нь ээ. Харин Д.Сарангэрэл сайд юу хэлж, юу зарлах вэ? гэдэг нь түр хугацаандаа оньсого хэвээр үлдлээ.Энхсаран сувилал нь Энхсаран ХХК-ны харьяа бөгөөд Очирпүрэвийн Түмэнбаяр гэх нэр дээр бүртгэлтэй байна.

Д.Дэлгэр

ЭМЯ: Корона вирусийн батлагдсан тохиолдол 473 боллоо
ЭМЯ: Корона вирусийн батлагдсан тохиолдол 473 боллоо
 
Хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт дархлаажуулалтад 13,4 сая толгой мал хамруулахаар ажиллаж байна
Хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт дархлаажуулалтад 13,4 сая толгой мал хамруулахаар ажиллаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.