Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Нөөцийн махны худалдаанаас бэлтгэлээ

Ангилал
Нийгэм COVID-19
Огноо
Унших
6 минут 52 секунд

Ялархах дуртай хотын даргад хаяглав

Цар тахлаас үүдэлтэй нийслэлд махны үнэ өсч, эрэлт нэмэгдсэнтэй холбоотой Засгийн газраас нөөцийн махны худалдааг цагаас нь өмнө эхлүүлээд байгаа. Хавар махны хомстол үүсч, үнэд орохоор идэх байснаа одоо идэж байгаа гэсэн үг юм.

Нийслэлд төвийн зургаан дүүрэгт 15 цэгээр дамжуулан өнгөрсөн бямба гарагаас худалдаалж эхэлсэн нөөцийн мах эрэлттэй байгаа. Баянзүрх дүүрэгт л гэхэд эхний өдөр дөрвөн цэгээр 19 тонн нөөцийн мах худалдсан гэх тооцоо гарсан. Тэгвэл худалдаа эхэлснээс гурав дахь өдөр буюу өчигдөр Жуковын талбайд зохион байгуулж буй нөөцийн махны худалдаагаар орлоо.

Эхний өдөр талбайд дөрвөлжлөн урт дараалал үүсгэсэн байсан бол өнөөдөр талбайн нэг талыг дагасан дугаар үүсжээ. Сонсогч нар хүмүүс хоорондын зайг хоёр алхмаар хэмжин зайг нь бариулан зохицуулах аж. Харин цагдаагийн алба хаагчид болон мэргэжлийн хяналтын улсын байцаагч худалдааны хэсэгт хяналт тавьж байв.

Хөргүүртэй том оврын ачааны машинаас иргэдэд шууд худалдан борлуулалт хийж буй ажлыг гурван хамгаалалтын хувцастай хүн хийж байна. Энэ удаа зөвхөн хонины махыг гулуузаар худалдаж байгаа бөгөөд кг нь 6700 төгрөг. Дундаж гулууз 20 кг заах аж.

Мах худалдан авах иргэд уут, шуудайгаа бэлдээрэй

Ийнхүү ажиглаж яваад цагдаад бичиг баримтаа шалгуултал сэтгүүлч ирснийг дуулаад тэгсэн үү, оочерт зогсож байсан ахимаг насны эрэгтэй, эмэгтэй хоёр “Та нар нэгэнт л ийм ажил зохион байгуулж байгаа юм бол уут савтай зар л даа. Эсвэл наад махаа хүнсний скочоор бүрчхээч. Ил задгай л барьж гүйлдээд байх юм. Махан дээр чинь юу ч наалдсан байгаа юм билээ” хэмээн ширүүхэн хэлэв.

Хэн нэгэн хажуугаас нь “Тийм л юм бол авахаа больчихгүй юу” хэмээн хэлж орхив. Гэтэл нөгөө ахимаг настай эмэгтэйн уур хүрч “Та нар авахаа боль гэж утгагүй юм ярихаа боль, Зарж л байгаа бол энэ аюултай өвчний үед халдвар хамгааллын дэглэмээ дага л даа. Би шаардлага тавьж байна” хэмээн дуугаа өндөрсгөв.

Гэтэл түгээлт хийж байсан худалдагч “Бид нар хавар махаа зарах гээд нөөцөлж байсан. Гэтэл гэнэт л одоо гаргаад зар гэсэн. Үнэндээ уут сав бэлдээд, скочдоод суух цаг ч байсангүй. Би гэхэд энэ байгууллагын жолооч байна. Хөл хорио гэнэт тогтоочихно гэж хэн мэдэх вэ дээ. Манай байгууллагын олон хүн махаа цуглуулж яваад орон нутагт хөл хорионд орчхоод байна. Тэгсэн ч би л гэхэд заавал жолоочоо хийнэ ээ гээд байгаа юм алга. Та бүхэнд аль болох хямд үнээр махыг нь хангах гээд л ингээд явж байна” хэмээн учирласан юм. Ингэснээр маргаан намжиж худалдаа хэвийн үргэлжиллээ.

Албажаагүй, аман шийдвэрүүд алба хаагчдад дарамт болж байна

Уг нь ахимаг настай эмэгтэйн оочер болоод байсан юм. Гэтэл урдуур нь дугаар авсан гэх хэд хэдэн иргэн ороод, мах худалдан авлаа. Учрыг асуутал, цагдаагийн алба хаагч “Махны худалдаа 11 цагаас эхэлж байгаа. Гэтэл иргэд өглөөний 8 цагаас хойш оочерлоод байсан юм. Тэгэхээр нь дугаар өгөөд хүмүүсийг тараасан. Өглөө дугаар авсан хүмүүс нь хэзээ ч хамаагүй ирээд дугаараа үзүүлээд махаа шууд авч байгаа” гэсэн юм.

Борлуулалтын цэг дээр хяналт тавьж ажиллаж буй Мэргэжлийн хяналтын улсын байцаагчаас зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр “Уг нь анх бид нарт хоёр хоног л худалдаа хийнэ гэсэн үүрэг ирсэн. Гэтэл сунаад л байна. Яг хэзээ хүртэл махны худалдаа үргэлжлэх нь ч тодорхойгүй болчихлоо. Ямар ч шийдвэр нь цаасан дээр бууж албажаагүй, дарга нарын үгээр л ажлаа хийж байна. Энэ нь хууль, хяналтын байгууллагад ажлаа хийхэд хүндрэлтэй болгож байна. Дүүргийн Засаг даргын тамгын газраас нэг хүн ирээд л ингэ тэг гээд явна. Удалгүй Нийслэлийн Захирагчийн албанаас хүн ирээд л ингэ тэг гээд явна. Иргэд зайгаа бариад, хүлээцтэй үйлчлүүлж байна. Харин дарга нарын өөр өөр шийдвэр л ажил хийхэд хүндрэл учруулж байна” хэмээн хэлсэн юм.

Уг нь, Нийслэлийн захирагчийн албанаас үүрэг өгөхдөө дугаар тараах талаар огт хэлээгүй ч БЗД-ийн Засаг даргын орлогч гэх хүн ирээд дугаар тараа гэсэн үүрэг өгчээ. Дугаар тараалт дээр тусгай хүн томилж илүүлээгүй бөгөөд, энэ ажлыг сонсогч нар хийж байсан.

Тиймээс эргүүлд гарч буй алба хаагчид тушаал, шийдвэр, захирамжаа албажуулж, цаасан дээр буулгаж тараамаар байна аа. Хэн нэгэн дарга цэргийн өөдөөс үзүүлэх юмтай болмоор байна гэдгийг хэлж байлаа.

Үүнээс харахад, бидэнд корона вирустай тэмцэх бэлтгэл байсан уу. Эрх баригчид ямар нэг төлөвлөгөө, шийдвэр гаргасан байсан уу хэмээх нөгөө л асуулт гарч ирнэ. Корона вирус манай улсад тархаад найм хоночхоод байхад машины тусгай зөвшөөрөл, тараана тараахгүй гэдэг дээрээ маргаад л иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг шаардаад л сууна. Тэгснээ та бүхний өмнөөс бид ядартлаа ажиллаж байна хэмээн уурлахыг нь яана. Тэгж л их ялархах байсан юм бол УИХ даа байж, зөөлөн сандал дээрээ тухлахгүй яасан юм бэ, хотын дарга аа. Хэрэгжүүлж буй ганцхан ажлыг нь сурвалжлахад ийм асуудал байна.

Ялархаж суухын оронд тушаал шийдвэрээ албажуул. Нөөцийн махаа уут савтай худалдах нөхцөл боломж бүрдүүл...

Л.Халтар: Төмөр замын хоёр ажилтнаас коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн
Л.Халтар: Төмөр замын хоёр ажилтнаас коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн
 
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.