Цагдаад шалгуулахаас зайлсхийж, хүч хэрэглэсэн гэх жолоочийг шалгаж байна

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 19 секунд

Олон нийтийн цахим сүлжээнд “Цагдаагийн алба хаагчийг автомашинаар гэрлэн дохионоос буудал хүртэл чирлээ” гэх гарчигтай видео мэдээлэл нийтлэгдсэн.

Тодруулбал, өчигдөр /2025.02.26/ Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, Гурвалжингийн гүүрний уулзвар орчимд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хөдөлгөөнийг зохицуулах чиг үүргийг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийг албан үүргээ гүйцэтгэж байх явцад “Toyota Crown” маркийн тээврийн хэрэгслийн жолооч "Д" нь шалгуулахаас зайлсхийж, алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэх үйлдлийг Баянгол дүүргийн цагдаагийн газарт шалгалтын ажиллагааг явуулж байна.

Цагдаагийн алба хаагчийн хууль сахиулах чиг үүргийг хэрэгжүүлэх явцад тавьсан хууль ёсны шаардлагыг хүн, хуулийн этгээд биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг уриалсан, үйл ажиллагаанд нь саад учруулсан, хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцсэн, доромжилсон үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйл “Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах” зөрчилд заасны дагуу хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж хуульчилсан байдаг.

Мөн хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйл “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэгт заасны дагуу эрүүгийн хариуцлага оногдуулах хуулийн зохицуулалттай байдаг.

Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд иргэд Та бүхэн замын хөдөлгөөнд оролцох үедээ замын хөдөлгөөний аюулгүй байдлаа бүрэн хангаж, хөдөлгөөн зохицуулж байгаа алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, бие биедээ хүндэтгэлтэй хандаж замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг цагдаагийн байгууллагаас уриалж байна.

МАРГААШ: Улаанбаатарт -4 хэм хүйтэн, үүлшинэ
МАРГААШ: Улаанбаатарт -4 хэм хүйтэн, үүлшинэ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Шинэ Зеланд Улсын Шадар сайд Уинстон Питерс бараалхав
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!