УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр (2025.02.26) ”Ирээдүйн шинжлэх ухаанч хотын Эрчим хүчний хөндий”-д байрлах “Чайна энержи групп”-ийн “Гүө Хуа” хөрөнгө оруулалтын компанийн BIPV төв болон Цэвэр, бага нүүрстөрөгчтэй эрчим хүч судлалын хүрээлэнд ажиллалаа.
БНХАУ нүүрстөрөгчийн бага ялгарлын бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд эрчим хүчний ногоон шилжилт, шинэ технологи, инновацыг бүтээж буйгаа танилцууллаа. Тухайлбал, барилгын дээвэр болон фасад нь эрчим хүч үйлдвэрлэж, хэрэглээгээ хангаж эхэлжээ. 2024 оны эцсээр Хятадын эрчим хүчний үйлдвэрлэлийн 42 хувийг нар, салхины цахилгаан станц эзэлж буй нь сэргээгдэх эрчим хүчийг хэрэгжүүлж буй хамгийн тод жишээ гэдгийг тодотголоо.
Хятад Улсын баруун хэсэгт нөөц ихтэй боловч эрчим хүчний хэрэглээ багатай бөгөөд зүүн хэсэгт хэрэглээ өндөр боловч нөөц бага байдаг байна. Тиймээс зүүн хэсгийн эрчим хүчний өндөр хэрэглээг хангахын тулд барилгын дээвэр, хана зэргийг фотоволт аргаар буюу нарны үүсгүүртэй болгож, далайд нарны цахилгаан станц барьж буй нь үр ашгаа өгч эхэлсэн талаар “Гүө Хуа” хөрөнгө оруулалтын компанийн BIPV төв, Цэвэр, бага нүүрстөрөгчтэй эрчим хүч судлалын хүрээлэнгийнхэн онцлов.
Ийнхүү БНХАУ нүүрстөрөгчийн бага ялгарлыг бий болгох хүрээнд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг хөгжүүлж, эрчим хүчний ногоон шилжилтийг хийж эхэлжээ. БНХАУ-ын “Ирээдүйн шинжлэх ухаанч хотын Эрчим хүчний хөндий”-д 700 гаруй технологийн компани байрладаг бөгөөд аж үйлдвэржилтийн гол хөшүүрэг нь болж байна. Устөрөгч, зай хураагуур, шинэ үеийн нар, салхины технологи болон нүүрснээс газрын тосны бүтээгдэхүүн гаргах зэрэг олон инновацыг бий болгож талаар дурдлаа.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн зүгээс баруун бүсийг эрчим хүчний төвлөрсөн төв, говийн бүсийг эрчим хүчний дэд төв болгох зорилгын хүрээнд БНХАУ-ын сэргээгдэх эрчим хүчний шинэ технологи, инновацыг нэвтрүүлэх, хөрөнгө оруулалтыг төвлөрүүлэх, найдвартай эх үүсвэрээр хангаж, улмаар эрчим хүч БНХАУ руу экспортлох талаар онцлов.
Энэ удаагийн айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар, УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн, Аж үйлдвэржилтийн байнгын хорооны дарга С.Ганбаатар, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн Б.Батбаатар, Б.Жаргалан, Б.Найдалаа, Н.Номтойбаяр, Б.Тулга, М.Энхцэцэг, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж болон бусад албан ёсны төлөөлөгчид багтаж байна.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!