НЦЕГ-ын Мөрдөн шалгах газрын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх албанаас энэ сарын 14-нд буюу өчигдөр хулгайн гэмт хэрэг хийдэг бүлэг этгээдүүдийг саатуулжээ. Үүнд насанд хүрээгүй буюу 13 настай хүүхэд М байсныг тогтоосон бөгөөд одоогоор саатуулсан этгээдүүдийг шалгаж байна. Тус бүлэг 2019 онд орон байрны 60 хэрэг хийснээс М 40 хэрэгт нь хамтран оролцжээ.
13 настай хүү М нь насанд хүрэгчидтэй хамтарч орон байрны хулгайн гэмт хэрэг хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэлээ. Түүний хамтрагчид нь удаа дараа энэ төрлийн гэмт хэргээр ял авч байсан, шүүхийн шатанд шалгагдаж байгаа, цагдаа прокурорын хяналтанд байгаа хүмүүс байжээ. М "Ар гэрийн байдлаас болж мөн амар аргаар мөнгө олох зорилготой хулгайн гэмт хэрэг хийсэн үүндээ харамсаж байна. Ихэвчлэн хичээлээ тараад эсвэл хичээлээ таслаад хулгай хийдэг. Үе тэнгийнхээ 13,14 настай хүүхдүүддээ хандаж хэлэхэд буруу хүмүүстэй битгий нийлээрээ" гэв.
Тэд ихэвчлэн өдрийн цагаар гэр хорооллын айлуудаар орж эзэнтэй үгүйг нь мэдээд хулгайлдаг байжээ. Хивс, зурагт, мөнгөн аяга, үнэт эдлэл, бэлэн мөнгө байвал авдаг ба хулгайлсан эд зүйлээ ломбард, худалдааны төвүүдээр зарж борлуулдаг байна.
НЦЕГ- аас 2020 оноос эхлээд шаардлага хангахгүй барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбардуудыг хаана гэв. Мөн 2019 оноос гэрт нь хулгай орж, хэрэг илрээгүй айл өрх мөрдөн шалгах газар хандаж болно. Сурагчдын амралт болсон тул эцэг эхчүүдийг ерөнхий боловсролын сургуулийн хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.
Н.Золзаяа