Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөл хориог тойрсон асуудлууд

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 7 секунд

Монгол улс КОВИД-19 халдварыг дотооддоо алдаад долоо хонолоо. Өнөөдрөөс долоо хоногийн өмнө буюу арваннэгдүгээр сарын 10-нд тусгаарлалтаас гарсан ачаа тээврийн жолооч Д-ээс халдвар илэрснийг мэдэгдэж бүх нийтийн бэлэн байдлыг зарласан. Энэ хугацаанд гаднаас зөөвөрлөгдөн ирсэн иргэдийн давтан шинжилгээ болон дотоодоос илэрсэн нийт халдвар авсан иргэдийн тоо хэдийн 57-оор нэмэгдсэн. Мэдээж ойрын болон дам хавьтлуудын цөөн хэдэн хувиас л халдвар илэрч байгаа. Халдвар авсан байж болзошгүй иргэдийг даруй илрүүлэн тусгаарлах ажлыг Улсын Онцгой Комиссын албан хаагчид өдөр, шөнө харгалзалгүй цаг алдалгүй хийж байна.

Хөл хориог тойрсон асуудлууд шил дараалан үүссээр байна. Гарч буй асуудлуудыг ерөнхийд нь хоёр хуваан авч үзэж байна. Нэгдүгээрт, Засгийн Газрын шийдвэрийн улмаас үүсэж болзошгүй байсан асуудлууд хөндөгдсөн. Үүнд хотоос гарах хөдөлгөөнийг түр хугацаанд хориглосноос үүдэн хөдөө, орон нутгийн иргэд ар гэртээ хүрч чадахгүй хотод “түгжигдсэн” асуудлууд, үйл ажиллагаа нь зогссон албан байгууллага, аж ахуй нэгжүүдийн ажилчдын цалин хөлс, байрны түрээсийн асуудал, орлого нь зогссон ард иргэдийн зээлийн асуудал зэрэг хэд хэдэн асуудлууд цааш үргэлжилнэ.

ЦАХИМ ЛУЙВАР ХӨЛЖСӨӨР

Хоёрдугаарт, төрөөс хамааралгүй асуудлууд хөл хориог “далимдуулан” хөвөрч эхэллээ. Юун түрүүнд гэртээ байгаа иргэдийн уйдааг гаргах нэрийдлээр “ёндоогоо үзэх лайв” буюу цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулж иргэдийн талхандаа зарах мөнгөнөөс хумслах явдал сүүлийн хэдэн өдөр цар хүрээгээ тэлсээр. Цахим мөрийтэй тоглоом байгуулан олсон ашгаараа ББСБ нээсэн тохиолдол, цахим мөрийтэй тоглоомд донтон гурван хүүхэд, эхнэрээ орхин амиа хорлосон тохиолдол зэрэг хэргүүд ч гарсан. “5000 төгрөгөөр азаа үзээд тав нугалаад ав” гэх уриалга дор цахим луйвар хөлжсөөр.

ШАГЧИД “АЖИЛДАА” ОРЛОО

 Мөн архи, согтууруулах ундаа худалдаалахыг хориглосонтой холбоотой өнөөх л шагчид “ажилдаа” орлоо. Иргэдийн мэддэггүй юм шиг хэрнээ мэддэг шөнөөр согтууруулах ундаа шагладаг хэд хэдэн байршлууд бийгээс гадна архи, пиво хүргэлтээр зөөж худалдаалах тохиолдол өмнөх хөл хорионы үеэс эхлэн газар авсан. Энэхүү дүр зураг одоо ч үргэлжилсээр. Үүнээс үүдэн ахуйн архидалт ихэсч, цаашлаад гэр бүлийн хүчирхийлэл болоод бусад гэмт хэргүүд нүднээс далд гарсаар байна.

ХӨЛ ХОРИОГ ХӨНДЛӨН ТУУЛАГСАД

  1. Арваннэгдүгээр сарын 15-нд Улаанбаатараас хоёр автобусанд 10 хүнийг нууцаар тээвэрлэн, Ховд аймгийн Бичигтийн боомтод очсон зөрчил илэрчээ. Эдгээр иргэнийг түргэвчилсэн болон PCR шинжилгээнд хамруулсан байна. Шинжилгээний хариуг ямар гарсан талаар Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Энхболдоос тодруулахад "Ачааны машинд нуугдан, Ховд аймагт өнөө шөнө 10 иргэн ирсэн. Тэдний PCR шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан буюу коронавирусийн халдвар илрээгүй. Харин тоглолт үзсэн нэг иргэн Ховд аймагт хоёр хоногийн өмнө ирсэн бөгөөд түүний PCR шинжилгээний хариу мөн сөрөг гарсан аж. Хэдий шинжилгээний хариу сөрөг гэж гарсан боловч тухайн иргэд хатуу хөл хорионы үеэр иргэний үүргээ биелүүлэлгүй нууцаар явсан нь шуугиан дэгдээгээд буй.
  2. Улаанбаатар хотоос хулгайгаар зорчигчдыг арваннэгдүгээр сарын 15-ны өдөр Багануурын Хэрлэнгийн постоос цагдаа нар хот руу буцаасан байна.  Гэвч иргэд голоор гарч Хэнтий аймгийн Дархан, Баянмөнх сумдаар дайрч аймгийн төвийн урд талын “Хангарьд” ШТС-аар үйлчлүүлж, Чингис хот дахь Хэрлэнгийн гүүрнээс 70 км зайд орших Баянхутаг сумын "Заан Ширээ" гэх газар өвөлжиж буй гэртээ харьсан гэж албаны эх сурвалж мэдээлсэн билээ. Одоогоор Цагдаагийн газар, Тагнуулын газраас хулгайгаар зорчигчдын маршрут гаргах, хавьтлыг тогтоох ажил үргэлжилж байна. Түргэвчилсэн шинжилгээгээр хоёр иргэний сорьцонд коронавирус илэрсэн бөгөөд PCR шинжилгээний хариу хараахан гараагүй байна.

ИРГЭД ТҮГШСЭН ХЭВЭЭР

Зах, худалдааны төвүүдийг зорин хүнс нөөцлөж, зохиомол хомсдол үүсгэх асуулдал хэдэн хоног үргэлжилсэн. Нэг дор олноор цуглаж халдвар хамгааллын дэглэмийг зөрчих, худалдаа үйлчилгээний байгууллагууд бараа бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөн борлуулж зарим нэг нь торгуулсан тохиолдол ч гарсан. Өнгөрсөн ням гарагаас эхлэн нөөцийн махыг Улаанбаатар хотын 15 байршилд худалдаалж эхэлсэн. Хүчний байгууллагын оролцоотойгоор хүн хоорондын зайг баримталж нөөцийн махаа үүрээд буцах иргэдийн цуваа уртаас урт. “Махны нөөц хангалттай бий” хэмээн УОК-оос байнга сануулж буй. Гэсэн ч иргэд оочерлосоор.

Энэ мэт төр засагт буруу өгөхөөс илүүтэйгээр иргэдийн ухамсраас үүдэн гарч буй асуудлууд олон. Гагцхүү коронагаас өөр санаа зовинох асуудал байхгүй мэтээр аяглах хүмүүс олон байна. “Корона л тусчихгүй юм бол бусад нь дүүрсэн” гэх хандлага нийгэмд газар авч буй нь харамсалтай. Хөл хориог тойрсон асуудлууд үүгээр эцэслэх болтугай!

 О.Жаргалбаяр

“Энхсаран” сувилалд юу болоод өнгөрөв өө?
“Энхсаран” сувилалд юу болоод өнгөрөв өө?
 
Эхнэрээ хардаж УДЭТ-ын жүжигчин Р-ийг хутгалсан Э-д эрүүгийн хэрэг үүсгэж, цагдан хорьжээ
Эхнэрээ хардаж УДЭТ-ын жүжигчин Р-ийг хутгалсан Э-д эрүүгийн хэрэг үүсгэж, цагдан хорьжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.