Манай улсад өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр Ковид-19 цар тахлын анхны тохиолдол бүртгэгдэж, хилээ хаасан. Улмаар гадаадад гацсан монголчуудаа тээвэрлэн авч ирж, тусгаарласны хүчинд найман сарын турш уг халдварыг дотооддоо алдаагүй. Үүний ачаар бид нууцаар цагаан сараа тэмдэглэж, хүүхдийн баяр, улсын баяр наадмаа цахимаар хийж, сэтгэл амар сонгуулиа явуулж эрх баригчдаа сонгоод авсан.
Тэгвэл энэ сарын 10-нд “Энхсаран” сувилалд тусгаарлалтад байсан тээврийн жолооч Д-гээс халдвар илэрсэн. Жолооч Д тусгаарлалтаас гараад долоо хоног гадуур явчихсан байхад ийнхүү илрүүлснээр бид дотооддоо вирусийн тархалтыг алдсан нь батлагдсан билээ. Үүнтэй холбоотойгоор “Энхсаран” сувилалд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Ингэхдээ зөрчил гэж үзэх үү, эрүүгийн хэрэг гэж үзэх үү гэдгийг шалгалтын явцад тогтооно хэмээн албаныхан хэллээ. “Энхсаран” сувилал хариуцлага алдсан уу, халдвартай иргэд сахилга батаа алдсан уу... ямартаа ч тус сувилалд байсан 81 хүнийг өөр газар нүүлгэн шилжүүлж, тус сувиллын үйл ажиллагааг зогсоосон. Тус сувилалд тусгаарлалтад байсан хүмүүс болон халдвар авсан ажилчид нийлээд 45 хүн халдвар авсан болох нь тогтоогдсон.
Гэтэл жолооч Д zindaa.mn сайтад өгсөн ярилцлагадаа хилээр нэвтрэхээс өмнө, тусгаарлалтад орсон гурав, 13 болон 20 дахь хоног дээрээ шинжилгээ өгөхөд сөрөг гарсан тухайгаа хэлээд халдвар авсан талаараа “Би “Энхсаран” сувилал дотор байхдаа халдвар авсан болов уу гэж таамаглаж байна. Яагаад гэвэл тэнд энд тэндээс ирсэн олон хүмүүс нэг дор тусгаарлагдаж байгаа. Магадгүй, хоолноос юм уу, эсвэл нийтийн халуун усны газраас халдвар авсан байх эрсдэлтэй гэж таамаглаж байна. Хамгийн сонин нь тусгаарлалтад байх хугацаанд гурван удаа шинжилгээ авахад бүгдэд нь сөрөг гарсөн мөртөө дөрөв хоногийн дараа гэртээ ирсэн хойно авсан шинжилгээнээс яагаад Ковид-19 илрэх болов гэдэг асуултыг бүх хүн тавьж байгаа байх. Би ч бас ийм асуултыг өөрөөсөө олон асууж байна. Коронавирусний шинж тэмдэг, халдвар тархалтын хугацаа тэр гэхийн аргагүй хувьсан өөрчлөгдөж байх шиг байна. Тэгэхээр мэргэжлийн байгууллага, эмч нарын дүгнэлтээс бүх зүйл тодорхой болох болов уу гээд хүлээж байгаа” гэсэн байдаг.
Жолооч Д-гээс гадна “Энхсаран” сувиллаас халдвар авсан бас нэгэн иргэн ergelt.mn сайтад өгсөн ярилцлагадаа “Би аравдугаар сарын 19-нд БНСУ-аас ирээд, “Энхсаран” сувилалд 22 хоног тусгаарлагдаад, 23 дахь хоног дээрээ халдвартай авсан нь батлагдсан. БНСУ-д нэг, эх орондоо ирээд гурван удаа коронавирусийн шинжилгээ өгөхөд хариу нь сөрөг гарсан юм. Бидний тусгаарлалтын хугацаа дууссан ч гаргахгүй, дахин 14 хоног тусгаарлана гэж хэлсэн. Бид тэмцэл хийсээр байгаад 23 дахь хоног дээрээ ХӨСҮТ-д ирсэн. ХӨСҮТ-д ирэхэд бага зэргийн халуурч эхэлсэн учраас маргааш өглөө дахин шинжилгээ авсан. Ингээд “Халдвар илэрлээ” гээд эмчилгээний тасаг руу шилжүүлсэн. Одоогоор эмчилгээгээ хийлгээд, бага зэргийн халуунтай хэвтэж байна. Хамар байнга битүү, цээжээр бага зэрэг хатгуулж байгаа зовууртай байна” хэмээн яриад халдвар авсан талаараа “Миний хувьд “Энхсаран” сувиллаас халдвар авсан хүний олонхийг нь халуун усны газраас авсан гэж бодож байгаа. Харин би болон надтай хамт байсан хүн халуун усны газраар үйлчлүүлээгүй, өрөөндөө шүршүүртэй байсан. Бид “Энхсаран” сувиллын ажилчдаас халдвар авсан байх магадлал маш өндөр байгаа юм. Одоо ХӨСҮТ-д “Энхсаран” сувиллын хэд хэдэн ажилтан коронавирусийн халдвар авсан гээд бидэнтэй хамт эмчлүүлж байгаа. Тэгэхээр халдвар халуун усны газарт тархаад, тус газрын ажилчид халдвар аваад, тусгаарлалтад байсан хүмүүст тэд тараасан байх магадлалтай байгаа биз. Би гэхэд л хоол тараадаг хүнээс халдвар авсан байх гэж бодож байгаа. Бид "Энхсаран" сувилалд коронавирусийн голомт байна гэж тэмцэл хийсний үр дүнд албаныхан халдвартай жолоочийг олж илрүүлсэн. Тэрнээс тэд сайн дураараа тэр жолоочийг олж халдвартай эсэхийг нь шинжилж, тогтоогоогүй. Хэрвээ бид тэмцэл хийгээгүй бол одоогийнхоос ч хүнд нөхцөл байдал бий болох байсан байх” хэмээн ярьсан.
“Энхсаран” сувиллын нөхцөл байдал тусгаарлалт хийхэд тохиромжгүй. Нийтийн халуун устай, паар нь гэнэт халаад, гэнэт хөрдөг хэмээн тусгаарлалтад байсан иргэд ярьж байна. Бүр өрөөгөөр нь хулгана гүйж байгаа бичлэг ч бий. Ийм газрыг яагаад сонгож, тусгаарлалт хийх болов гэх асуултад УОК-ын хуралдааны шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян “Анх “Энхсаран” сувиллыг анх нисэх онгоцны буудалдаа ойр, байгаль сайтай хэмээн сонгож, тусгаарлалт хийх болсон” хэмээн хэлсэн. Манай улсад өмнө нь энэ мэт онцгой үйл явдал болж байгаагүй учраас алдсан зүйл байж болно. Гэвч анхнаасаа халдвар хамгааллын дэглэм сахиулж байгаа газрыг сонгохдоо нийтийн халуун устай сувиллын газар сонгосон нь зүгээр нэг тохиол гэж хэлж боломгүй юм.
Шадар сайд Я.Содбаатар саяхан л “Хариуцлага тооцох цаг хугацаа гарах байх аа. Битгий улс төржүүл” хэмээн сэтгүүлчдийн амыг таглаад байсан. Тэгвэл тусгаарлалтын ажил анхнаасаа улс төр байсан юм биш үү хэмээн хардаж байна. Нийтийн халуун устай, хулгана зурам гүйсэн, халаалт нь шийдэгдээгүй, хоол ундны чанар муутай энэ газрыг сонгосон нь улс төр байсан юм биш үү... танил талдаа даваа боломж олгосон асуудал байсан юм биш байгаа гэж хардаж байна.
Тахлын голомт болсон “Энхсаран” сувиллын эзнийг хүмүүс хайгаад эхэлсэн. ЭМ-ийн сайд Д.Сарангэрэлийг ч уг хэрэгт холбогдуулан яриад эхэлж. Харин сайд үүнд "Энхсаран сувилал таных уу, хэлээд өгөөч гэж таван ч сэтгүүлч асуулаа. Бишээ. Надад хамааралгүй гэж хариулъя. Хөл хорио сунгачихаад байхад жон жон гэх муухай юм. Сайхан цаг ирэхээр харин ч нэг яринаа. Тэр үед "Ну погоди"!!!" хэмээн тайлбар хийсэн байсан. Д.Сарангэрэл сайд сэтгүүлч хүн. Тэгвэл энэ асуултыг асуусан сэтгүүлчийг занаад байна уу, эсвэл “Энхсаран” сувиллын жинхэнэ эзэнг занаад байна уу. Ямартаа ч сайд ийнхүү үзэл бодлоо хэлсэн.
О.Түмэнбаяртай нэгэн хэвлэл холбогдож тодруулга авчээ. Тэрбээр “Тусгаарлалтын үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаас эхлээд би тэр байшин руу орох ч эрхгүй болсон. Би бол хамааралгүй хүн. Манай компани тусгаарлах байрны хэвийн үйл ажиллагааг хангах, телевизийг нь гаргах, хоол ундыг нь хариуцах л үүрэгтэй болохоос зохион байгуулалтын ажилд оролцдоггүй” хэмээн мэдэгджээ.
Гэвч энэ асуудал О.Түмэнбаяр гэгчтэй холбоогүй, харин Онцгой комисст нөлөөлж, нийтийн душтай сувиллыг тусгаарлалтын байр болгоход нөлөө үзүүлсэн хүнд хамаарах хэрэг болоод байна. Үндэсний аюулгүй байдлыг алдагдуулсан энэ хэрэгт холбоотой бүх хүнийг шалгаж, буруутныг олох байх аа, Монголын цагдаа, шүүхийн байгууллагаа. Гурван сая гаруй иргэн энэ асуудалд чих тавьж, нүдээрээ харж байгаа...