Прокурорын байгууллага 2025 оны хоёрдугаар сарын 3-наас 7-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 48542, мөрдөн байцаалтын 2857 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 233 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.
Нийслэлийн прокурорын газраас “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн тэмдэг, хэвлэмэл хуудас бүхий албан бичгийг хуурамчаар үйлдэж, хуурамч гэдгийг мэдсээр байж БНХАУ-ын нэр бүхий хуулийн этгээдүүдэд “нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулах тухай мэдэгдэл хүргүүлэх” агуулга бүхий албан бичгийг дээрх компанийн ижил төстэй мэйл хаягуудаас илгээж ашигласан Д.О-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 /Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.