Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд гэр хорооллын айл өрхүүдийг хийн түлшинд холбоно гэдгээ хотын удирдлагууд мэдэгдсэн. Тухайлбал өчигдөр нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин "Гэр хорооллын иргэд газ ашигласан тохиолдолд цахилгааны үнийг 50 хувиар хөнгөлнө" гэсэн юм.
Тэгвэл хотын дарга Х.Нямбаатар "2022 онд Агаарын тухай хууль батлагдсан. Уг хуулийн 6.1.6-д цахилгаан болон хийн түлшинд шилжсэн гэр хорооллын шаардлага хангасан өрхөд урамшуулал олгох тогтолцоог хуульчилсан. Уг урамшуулал олгох журмыг удахгүй Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ.
LNG/LPG гэсэн хийн 2 сонголтоор гэр хорооллын өрхүүдийг хийн шилжилтэд шилжүүлэх судалгаа, тооцоо хийгдэж байна. Туршилт ч явагдаж байгаа. Амины сууц нь шаардлага хангасан айлуудад LNG буюу байгалийн шугам оруулах, гэр сууцанд LPG хоолой халаагчтай нь оруулах тооцоо судалгааны дүн удахгүй гарна" гэв.
Мөн тэрбээр жишээ татаж "Гэрт LPG халаагч, плиткатай тавьж 1 сар боллоо. Уг айл цахилгаан плитка хэрэглэлгүй газан плитка дагнан ашиглаж гэр нь тогтмол 25-аас дээш градус байхаар тохируулж (автомат асаж унтардаг тохиргоотой) хэрэглэхэд 12 сард өнөөгийн худалдаалж бгаа LPG үнээр 165 мянган төгрөг гарсан. Тэгвэл Агаарын хуульд заасны дагуу халаалтын улирлын 7 сард сар бүр тогтоосон хэрэглээний 50 хувийг төрөөс даахаад уг айл 83000 орчим төгрөг төлөхөөр байна. Мэдээж дулаалга маш чухал" гэх мэдээллийг цахим хуудаснаа нийтэлжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!