4,000 гаруй хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө оруулалтаар “Эрүүл Мэндийн Ус Ундааны үйлдвэр”-ийг ашиглалтад оруулаад байгаагаа Монос ХХК мэдээллээ. Нийт 1,700 гаруй метр квадрат талбайд үйл ажиллагаа явуулах энэхүү үйлдвэр нь олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015, хүнсний аюулгүй байдлын HACCP, үйлдвэрлэлийн зохистой дадал GMP зэрэг стандартуудыг хангах олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн сүүлийн үеийн техник технологиудаар тоноглогдсон бүрэн автомат үйлдвэр гэдгээрээ онцлог юм.
Тус үйлдвэр нийт ард иргэдийнхээ гарт тун удахгүй эрүүл мэндийг дэмжсэн Эко зөөлөн ус, Цэнэг эрүүл мэндийн бэлдмэл болон бусад шинэ бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн хүргэхэд бэлэн боллоо. Эрүүл мэндийг дэмжих үйлдэлтэй шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэхээс өмнө Монгол Улсын хүн амын эрүүл мэндийн төвшин болон зонхилон тохиолддог өвчлөлийн талаарх судалгаан дээр үндэслэн ард иргэдийн дунд зайлшгүй хэрэгтэй байгаа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаагаа хэлэв. Тус компанийн үйлдвэрлэж буй эрүүл мэндийг дэмжигч шингэн хүнс нь аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчилгээний үр дүнг дэмжих үйлчилгээтэйгээрээ онцлог байна.