Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.11.11/ коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээлэл хйилээ. Сүүлийн хоёр хоногт ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ аймгийн салбар лабораторит нийт 993 хүнд шинжилгээ хийхэд 14 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ.
Тодруулбал,
- Арваннэгдүгээр сарын 9-нд Алтанбулагаар орж ирсэн хоёр жолоочийн шинжилгээнд халдвар илэрсэн. Нэг нь Беларусийн иргэн бөгөөд ХӨСҮТ-д эмчилгээ хийлгэж байгаа бол нөгөө нь ОХУ-ын иргэн өөрийн болон тус улсын албаныхантай зөвшилцөж, нутагтаа эмчилгээ хийлгэхээр буцсан.
- Арваннэгдүгээр сарын 8-нд Алматы-Улаанбаатарын онгоцоор ирсэн хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.
- Аравдугаар сарын 19-нд Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн хоёр хүний давтан шинжилгээнд коронавирус илэрсэн.
- Аравдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирж тусгаарлагдан хянагдаж байсан дөрвөн хүний давтан шинжилгээнд коронавирус илэрлээ.
- Аравдугаар сарын 20-нд Дели-Улаанбаатарын нислэгээр ирж тусгаарлагдан хянагдаж байсан нэг хүний давтан шинжилгээнд коронавирус илэрлээ.
- Мөн түрүүн илэрсэн сувилагчтай хамт ажиллаж байсан хүний хоёр дахь шинжилгээнд халдвар илэрсэн.
- Хоёр хүний хяналтын шинжилгээнд халдвар илэрч нийт 14 тохиолдлыг илрүүллээ.
- Манай улсад нийт батлагдсан 378 тохиолдлоос 312 нь эдгэрсэн бол ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 64 хүн эмчлүүлж байна.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү
"Нөхцөл байдал хүндэрч байна. Хиагт болон хил залгаа бүс нутаг эрсдэлтэй байна. Өдөр бүр хойд хилээр нэвтэрч буй тээврийн жолооч нараас коронавирусийн халдвар илэрсээр байна. Энэ нь эрсдэлийг улам нэмэгдүүлж байна. Ойрын хавьтлын 24 хүний шинжилгээг авч тусгаарласан. Эхний хариу удахгүй гарна.
Ямар нэгэн сэжигтэй тохиолдол илэрвэл иргэд сайн дураараа шинжилгээг үнэ төлбөргүй өгч болно. Халдвар авсан 31 настай сувилагчийн биеийн байдал сайн байна. Түүнчлэн эмчийн биеийн байдал сайн байгаа юм. Эмчилгээнд эмнээс гадна сэтгэлзүйн нөлөө их байдаг. Халдвар авсан эмч, сувилагчдаа сэтгэл санаагаар нь дэмжиж байна. Манай төвд эмч сувилагч баг эмчилгээ үйлчилгээ рүү орохдоо 14 хоногийн хугацаатай ажилладаг. Гарсны дараа 14 хоног ажиглалтад ордог. Бид бүхэн хамгаалах хэрэгслийн хувцсыг тайлахдаа маш сайн анхаарч байна. Халдвар авсан иргэн бидний 30 асуултад үнэн зөвөөр хариулбал бидний ажилд маш том тус болно. Түүнчлэн хаягаа маш зөв хэлэх хэрэгтэй. Халдварын тохиолдол цаашид нэмэгдэх хандлагатай байгаа ч бид хяналтад авна” хэмээв.