ШШГЕГ-ын харьяа Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллага /СХТБ/-д Боловсролын сайд П.Наранбаяр, Боловсролын яамны Тэгш хамран сургах боловсролын хэлтсийн дарга Г.Саранхүү нар зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа.
СХТБ нь 2013 онд Сургалт явуулах тусгай зөвшөөрөл авснаар хүүхдүүдэд бүрэн дунд боловсрол олгох болжээ. Энэ хичээлийн жилд 48 хүүхэд ерөнхий боловсролын үйлчилгээнд хамрагдаж байна.
Тус байгууллагын барилга нь 2012 онд гарсан дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй болж, 2020 онд ашиглалтыг зогсоох акт гарсан ч үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн байна. Өнгөрсөн оны есдүгээр сард улсын төсвийн хөрөнгөөр шинэ барилгын ажил нь эхэлсэн бөгөөд 2026 онд ашиглалтад орох юм. Шинэ барилга ашиглалтад ормогц шаардлагатай ширээ сандал, техник, тоног төхөөрөмж зэргээр хангахад анхаарна гэдгээ Боловсролын сайд П.Наранбаяр хэллээ.
СХТБ-ын дарга, дэд хурандаа Ц.Баяртбаатар “Манай байгууллагад анх удаа Боловсролын сайд зочилж байна. Бидний хүсэлтийг хүлээн авч, шинэ барилга ашиглалтад орж цахим танхимтай болмогц ширээ сандал, шаардагдах тоног төхөөхөмжөөр хангахаар болсонд баяртай байна” гэв.
Тэрбээр тус сургуульд олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа багш нарыг Засгийн газрын шагналаар шагнаж, сургуульд нь зөөврийн компьютер, таблет, хэрэгцээт сурах бичгүүдийг олгон, суралцагчидтай ярилцаж, тэдний хүсэл мөрөөдлийг сонссон нь хүүхдүүдэд урам зориг өгч, сэтгэл зүйн дэмжлэг боллоо.
Мөн сургалтын орчныг бүрдүүлж, сургалтын хэрэглэгдэхүүн, ном сурах бичгээр ханган, ахлах ангийн сурагчдыг цахим сургалтад хамруулах, мэргэжлийн боловсрол эзэмших, их сургуульд элсэн суралцахад дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ, багш, хүний нөөцийг сургах, бэлтгэхэд нь хамтран ажиллахаар тогтов.
Ташрамд, Кристина Ноблийн Хүүхдийн сан тус сургуультай нягт хамран ажилладаг. Тус сангийн сургалт, үйлчилгээнд хамрагдсан хүүхдүүдээс 26 хувь нь их сургууль, коллежид элсэн, 33 хувь нь улирлын чанартай цагийн ажилд орж, 68 хувь нь чөлөөлөгдсөний дараах үйлчилгээ авчээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!