СУРВАЛЖИЛГА: Иргэд Цагаан сарын баярыг гэртээ тэмдэглэхээс илүү ресторанд тэмдэглэх нь ихэсч, ресторанууд сар шинийн баярын захиалгаа авч эхэлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
10 минут 50 секунд

Цагаан сар болоход нэг сар гаруйн хугацаа үлджээ. Энэ жил хаврын тэргүүн сарын шинийн нэгэн тасарч байгаа тул шинийн 2-ны өдрөөс золголт эхэлнэ. Урьд жилүүдийг бодвол цагаан сар гуравдугаар сард тохиож байгаа ч айлууд баярын гол зоог болох бууз, тавгийн шүүсээ бэлдээд эхэлжээ. Сүүлийн жилүүдэд иргэд уламжлалт баяраа гэртээ зочид урьж нүсэр тэмдэглэхээс илүү ах дүүсээрээ ресторан, амралтын газар тэмдэглэх соёл дэлгэрээд байна. Баярын уур амьсгал орсон энэ үед ресторан зоогийн газруудын эрэлт, үнэ ханш ямар байгааг энэ удаагийн сурвалжилгаар бэлтгэв.

------------------------

ИРГЭД: РЕСТОРАНД ЗОЛГОХ НЬ ГЭРТЭЭ ЗОЧИД УРЬСНААС ИЛҮҮ ЦАГ МӨНГӨНД ХЭМНЭЛТТЭЙ

Иргэд Цагаан сарын баяраа гэртээ зочид хүлээн авч, айл хэсч явснаас илүү ресторанд тэмдэглэхийг хүмүүс илүүд үзэх болжээ. Нэг айлд ороод гурван бууз амсчихаад дараагийн айл руу явах хооронд замын түгжрэлд өлсөж ядарснаас ресторанд бөөндөө цуглах нь цаг, мөнгөнд илүү хэмнэлттэй тусдаг гэнэ.

Тэдний төлөөлөл иргэн Ц.Түвшинбаяр хоёр дахь жилдээ ресторанд тэмдэглэхээр ресторан, зоогийн газар, лоунж судалж явна. Түүний хувьд 150 хүн хүлээн авах боломжтой, менюгүй заал түрээсэлдэг ресторан хайж байгаа аж. Тэрбээр "Манайх өнгөрсөн жилээс цагаан сараа ресторанд тэмдэглэдэг болсон. Энэ жил бас ах дүү нараараа ресторанд тэмдэглэхээр үнэ ханш судалж байна. Ер нь гэртээ цагаан сар тэмдэглэснээс илүү хямд зардал гардаг юм билээ. Өнгөрсөн жил манайх ах дүү нараараа мөнгөө нийлүүлээд ресторанд ахмадуудтайгаа золгосон.

Нэг айлаас ихдээ 500 мянган төгрөг л гарсан байх. Бас яаж зүгээр байх вэ, гэртээ ёсолно. Нийтдээ 1.5 сая төгрөг болсон.

Урьд жилүүдэд гэртээ цагаан сараа тэмдэглэхэд багадаа л хоёр сая төгрөг болдог байлаа шүү дээ. Би хувиараа хөдөлмөр эрхэлдэг, сарын орлого маань 3 сая төгрөг байхад л баярт тэр чигтээ явдаг. Хамгийн гол нь, түгжрэлд айл, айл хэсч өдрийг барж ядрахгүй ресторанд ах дүү нараараа нэг дор цуглаж бэлгээ солилцоод, ахмадууд нь бэлгээ өгчихдөг нь амар байдаг. Зарим ах дүү нарынхаараа баяраар орж амжихгүй үе байна. Гэтэл тэрнийдээ, эднийдээ очихгүй бол болохгүй нь гэж явсаар ядарсаар амарч чадахгүй ажилдаа ордог болохоор ресторанд бөөндөө золгохоор амар байдаг. Дөрвөн цаг байхад л хангалттай байдаг юм дөө. Харин гурван цаг бол багаддаг. Бас амралтын газрууд судалж үзлээ, ихэнх нь дүүрсэн байна" гэв.

ДЭЭД ЗЭРЭГЛЭЛД ТООЦОГДОХ РЕСТОРАНД ЗОЛГОЛТ ХИЙХЭД ДУНДЖААР 15 САЯ ТӨГРӨГ БОЛНО

Улаанбаатарт тав алхаад л таарах ресторан, лоунж, зочид буудал цагаан сарын золголтын захиалгаа авч эхэлжээ. Одоогоор рестораны захиалга хараахан дүүрээгүй бололтой. Монголдоо дээд зэрэглэлд тооцогдох хотын А бүсэд байрлах Шангрила, Туушин зочид буудал цагаан сарын золголтын захиалга авч эхэлсэн бол зарим нь хоёрдугаар сараас менюгээ танилцуулахаар төлөвлөж байна.

Шангрила зочид буудал: Цагаан сарын золголт авч эхэлсэн бөгөөд гуравдугаар сарын 1 буюу шинийн 2-нд 11:30-14:30 цаг хүртэл захиалга өгөх боломжтой юм байна. Тус зочид буудал 150 хүн хүртэл хүлээн авах боломжтой бөгөөд үнийн хувьд буфет хоол нэг хүн 100 мянган төгрөг. Үүн дотор өглөөний цай, өдрийн зоог багтсан байна. Одоогоор 15:30 цагаас 87 хүний захиалга аваад байгаа аж. Хэрэв захиалга өгсөн бол ууц, тавгийн идээ зэргийг золголт болохоос цагийн өмнө өөрсдөө ирж засна гэдгийг хэлж байв.

"Туушин" зочид буудал: Саяхнаас цагаан сарын золголтын захиалга авч эхэлжээ. Энэ жилийн хувьд шинийн нэгэн тасарсан учраас захиалга өгөх өдрийг тодорхой хэлэхийг сануулж байлаа. Тэгвэл шинийн 2 хамгийн эрэлттэй байна. Урьдчилсан байдлаар 6 айл энэ өдөр захиалга өгчээ. Одоогоор 2 айл цагийн хуваариа гаргаагүй байгаа бол гуравдугаар сарын 1-нд нэг айл 08:00-11:00 цаг хүртэл захиалга өгсөн байна. Хэрэв энэ цагт захиалгатай бол дараагийн айл нь тухайн өдрийн 13:00-17:00 цагийн хооронд захиалга өгөх боломжтой болохыг тус зочид буудлаас мэдээлэв. Мөн өнөөдрийн байдлаар менью гаргаагүй байгаа аж.

"Баянгол" зочид буудал: Цагаан сарын захиалга авч эхэлжээ. Хамгийн багадаа 75 ба 100 түүнээс дээш 350 хүн хүртэл хүлээн авах боломжтой бөгөөд гуравдугаар сарын 1, 2, 3-ны өдөр хүлээн авалт хийх боломжтой. Харин өглөөгүүр цаг байхгүй бөгөөд өдрийн 12:00-18:00 цаг хүртэл цаг захиалж болох юм байна. Нэг хүний меню 100 мянган төгрөг. Үүнд зургаан ширхэг бууз, зууш, шөл, сүүтэй цай, архи, ус, ундаа багтжээ. Хэрэв 150 хүний захиалга өгөх тохиолдолд 15 сая төгрөг болох бөгөөд меню дотор рестораны заал гурван цаг үнэгүй багтсан байна. Захиалгын тухайд хоёрдугаар сарын 17-ноос хойш хүртэл авах боломжтой гэдгийг тус зочид буудлын зүгээс хэлж байв.

РЕСТОРАНУУД ЗААЛ ТҮРЭЭСЛЭХЭЭС ИЛҮҮ МЕНЬЮ САНАЛ БОЛГОЖ БАЙНА

"Сүнжингранд" зочид буудал: Цагаан сарын захиалгаа авч эхэлжээ. Тус зочид буудал нь 30-280 хүртэл хүн хүлээн авах боломжтой юм байна. Ингэхдээ заалны түрээс байхгүй бөгөөд меню нь 55.000, 65.000, 85.000 төгрөгийн үнэтэй. Меню дотор найман ширхэг бууз, зутан шөл, сүүтэй цай, ус, ундаа архи багтсан байна. Ерөнхийдөө багцууд адилхан бөгөөд хамгийн боломжийн үнэтэй 55 мянган төгрөгийн багцад архи багтаагүй гэдгээрээ хямд аж. Тухайлбал, 85 мянган төгрөгийн багцаас дунджаар 85 хүн захиалга өгвөл 7 сая 225 мянган төгрөг болох юм байна. Захиалгаа урьдчилж өгөөд цагаа эртлэн захиалах боломжтой бөгөөд мөн л шинийн 2-ны өдөр эрэлттэй байна.

ЗАХИАЛГАА ЭРТ ӨГӨХГҮЙ БОЛ ШИНИЙН 2-НЫ ӨДӨР ОЛДОХГҮЙ БАЙХ МАГАДЛАЛ ӨНДӨР

дим сам ба бичвэр нарын зураг байж магад

Баянзүрх дүүрэгт байрлах Bunny Irish House гэхэд 50- 100 хүн хүртэл хүлээн авах бөгөөд Цагаан сарын гурван хоног золголт хүлээн авах юм байна. Шинийн нэгэн тасарсан ч шинийн 2, 3, 4-ны өдрийн золголт авах бөгөөд захиалга өгөхөөр бол урьдчилгаагаа эрт өгөхийг тус рестораны зүгээс зөвлөлөө. Учир нь, одоогоор захиалга дүүрч эхэлж байгаа юм байна. Тухайлбал, Шинийн 2-нд гурван айл, шинийн 3-нд нэг айл, шинийн 4-нд нэг айл одоогоор захиалга өгчээ. Үнэ ханшийн тухайд уян хатан бололтой. Хэрэв заал түрээслэхээр бол цаг нь 600 мянган төгрөг бөгөөд өөрсдөө бууз, хоол, ус, ундаа, архи, тавгийн идээ, ууцаа авчирна. Мөн меню гаргасан бөгөөд 72 мянган төгрөгийн багцад 6 ширхэг бууз, салат, үхрийн махан зууш, сүүтэй цай, ундаа багтсан бол 30 мянган төгрөгийн хүүхдийн багцад пицца, шаржигнуур тахиа, десерт багтжээ.

Хэдий меню захиалсан ч нэмэлтээр өөрсдөө бууз болон архи, жимс, ундаа, чихрээ авчирч болох юм байна. Хэрэв захиалга өгсөн бол цагийн хязгаарлалт байхгүй аж. Иймээс аль болох урьдчилгаа төлбөрөө эрт өгөх тусам захиалга баталгаажих бөгөөд цагийн хувьд өөрсдөө сонгож болохыг хэлж байв.

Рестораны зүгээс "Цагаан сараа ресторанд тэмдэглэх нь гэртээ тэмдэглэхээс илүү хямд тусдаг төдийгүй цаг, мөнгөнд хэмнэлттэй тусдаг. Нэг айлаас дунджаар 200 гаруй мянган төгрөг гарна. Үүнийг хүмүүс ч мэддэг болсон. Сүүлийн үед айл айлд очиж золгохоос илүү ресторанд гэр бүлээрээ цагаан сараа тэмдэглэдэг болж байна. Тийм болохоор эрэлтээ дагаад ачаалал ч тодорхой хэмжээгээр нэмэгддэг" гэв.

АМРАЛТЫН ГАЗРУУД Ч БАС ЗОЛГОЛТЫН ЗАХИАЛГА АВЧ ЭХЭЛЖЭЭ

Хоттой хамгийн ойр амралтын газрын төв болсон Тэрэлж байгалийн цогцолборт газарт байрлах амралтын газрууд эхнээсээ захиалга авч эхэлсэн байна. Гэвч одоогоор менюгээ гаргаж амжаагүй байна. Ингэхдээ хоолоо өөрсдөө авч ирэх эсвэл ресторан болон гэр түрээслэх боломжтой. Ресторан авч байгаа тохиолдолд зарим амралтын газар гэр үнэгүй дагалдуулах аж. Тухайлбал, "Good resort" амралтын газар нь 100-250 хүн хүлээн авах бөгөөд ресторанд захиалга өгөх тохиолдолд нэг гэр дагалдуулах юм байна.

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлд олон улсын экспертүүдийг урьж ажиллуулах шийдвэр гаргалаа
Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлд олон улсын экспертүүдийг урьж ажиллуулах шийдвэр гаргалаа
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 4 жилийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнав
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 4 жилийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнав
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!