Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шарын голын уурхайчид нүүрсний үнийн тарифыг чөлөөлөхийг шаардлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 28 секунд

 “Шарын гол” ХК-ийн 500 гаруй ажилчны төлөөлөл өнөөдөр мэдэгдэл хийлээ. Тус уурхай эрх мэдэлтнүүдийн буруугаас болж санхүүгийн алдагдал хүлээж, улмаар ажилчдынхаа цалинг олгож чадахгүйд хүрсэн ба үйл ажиллагаагаа түр хугацаагаар зогсоосон байна. Төрийн зүгээс “Шарын гол” ХК-ийн 1 тонн нүүрсийг 40500 төгрөгөөр тогтоосон нь 46 тэрбум төгрөгийн өр хуримтлагдахад хүргэж, уурхайн үйл ажиллагаа зогссон гэв.  

Ажилчдын төлөөлөл “Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан нар нь 1 тонн нүүрсийг 40500 төгрөгт хянан тогтоож “Эрдэнэт”, “Дархан” зэрэг төрийн өмчит компаниудад нийлүүлэх шийдвэр гаргасан. Үүний улмаас зах зээлийн үүнээс доогуур өртгөөр нүүрсээ нийлүүлснээр алдагдал хүлээж байна. “Таван толгой” ХХК-ийн 1 тонн нүүрс 73 ам.доллар байдаг бол Налайхын уурхайн 1 тонн нүүрс 150 мянган төгрөг байдаг.  Гэтэл хувийн хэвшлийн уурхайд төрийн зүгээс хяналт тогтоож, нөгөө талдаа хямд үнээр нийлүүлж байгаа нь шударга бус үйлдэл” хэмээн ярилаа.

Шарын голын уурхайн үйлдвэрчдийн төлөөлөл “Шарын гол ХК-ийн зүгээс Эрчим хүчний зохицуулах хороонд /ЭХЗХ/  нүүрсний үнийн тарифийг нэмэх нөхцөл байдал үүссэн талаар удаа дараа шаардлага хүргүүлсэн. Гэвч дорвитой арга хэмжээ авахгүй байсаар байтал санхүүгийн хувьд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн гэж “Шарын гол” ХК-наас мэдэгдэж холбогдох шаардлагыг дахин хүргүүлсэн” гэлээ.

Энэ асуудлаар ЭХЗХ-ны үнэ тариф, зах зээлийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ хариу мэдээлэл өгсөн юм. Тэрээр “Эрчим хүчний тухай хуулийн 9.1.14- т зааснаар эрчим хүчний зориулалттай түлшний үнийг тооцох аргачлалыг батлах, үнийг хянах гэсэн хуулийн заалт бий. Шарын голын уурхайн хувьд 2016 онд 6500 төгрөг, 2018-2019 онуудад 1 тонн тутмын нүүрсний үнийг 2000 төгрөгөөр нэмэгдүүлсэн байдаг.  Үнэ нэмүүлэх, аргачлалын дагуу үнийн тарифын саналыг нэмэгдүүлэх хангалттай хэмжээний нотлох баримт бүхий үндэслэлийг ирүүлээгүй. “Шарын гол” ХК-ийн зүгээс ирүүлж буй материал баримт нь шаардлага хангасан үйл ажиллагааны бодит өртөгийн талаарх баримт байхгүй. “Тавантолгой” ХХК-ийн хувьд л гэхэд 20 хуудас бүхий материал ирүүлдэг, харин “Шарын гол” ХК 6 хуудас л материал ирүүлсэн байна” гэв.

Шарын голын уурхайчдын зүгээс нүүрсний үнийн тарифийг чөлөөлөх хүсэлтэй байгаа ч Эрчим хүчний тухай хуульд зааснаар хянана гэж заасан учир чөлөөлөх хуулийн заалт  байхгүй гэлээ. “Энэхүү асуудлын шийдэхийн тулд бид үнийн тарифын аргачлалын дагуу бодит өртөгт тулгуурлах хэрэгтэй. Үнийн тарифыг өсгөх нь хэрэгчлэгчийн талд шууд нөлөөлөдөг учир аль аль талдаа ашигтай байдлаар шийдвэрлэх хэрэгтэй” гэж ЭХЗХ мэдээлэв.

Б.Баярчимэг

Элчин сайд нар итгэмжлэх жуух бичгээ гардан авлаа
Элчин сайд нар итгэмжлэх жуух бичгээ гардан авлаа
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.