Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Монгол Францын хамтран хэрэгжүүлэх ураны төсөл бол цэвэр эрчим хүчний тухай хөрөнгө оруулалтын их сэргэлтийг авчрах эхлэл цэг болно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 53 секунд

Засгийн газар БНФУ-ын “Орано майнинг” компани хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэх ёслолын ажиллагаа болж байна. Энэхүү гэрээ нь урав дагч хөршийн хоёр дахь том хөрөнгө оруулалт болж байгаа бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлсэн юм. Тэрбээр,

-Эрхэм хүндэт монголчуудаа, эрхэм олон улсын хөрөнгө оруулагчид аа, өнөөдөр Монгол Улс Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай хөрөнгө оруулалтын төсөлд гарын үсэг зурж байна. Энэхүү гэрээ бол Монгол Улс гуравдагч хөрш оронтойгоо хийж буй хоёр дахь хөрөнгө оруулалтын гэрээ гэдэг утгаараа түүхэн ач холбогдолтой юм. Монголын за бол андгай хэмээх эцэг дээдсийн үг байдаг. Энэ бол Монголын парламенттай нээлттэй мэтгэлцээнээр хийх хялбар биш ч нэгэнт хэлцэл хийгдсэн бол эрхзүйн хувьд тогтвортой гэсэн агуулга юм. Монгол Улсын Засгийн газар УИХ-аар батлуулсан соёрхон батлуулсан ЗГ хоорондын хэлэлцээрийг ирээдүйд хэлбэрэлтгүй дагаж мөрдөх болно.

Энэ жил тохиож буй Монгол Улс, Франц хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 60 жилийн ойн халуун мэндийг дэвшүүлж байгааг минь хүлээн авна уу. БНФУ бол манай улсын гуравдагч хөрш, Европын дотны итгэлт түнш гэдгийг өнөөдөр онцлон тэмдэглэхийг хүсэж байна.

"Алсын хараа 2050" урт хугацааны бодлогын хүрээнд бид хамтдаа тогтолцооны шинэчлэл хийсэн. 2023 оны Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орж Монгол Улс сонгуулийн холимог тогтолцоо руу шилжсэн. 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд хамтарсан Засгийн газар байгуулагдаж хурдтай хөгжлийн төлөөх урт хугацааны зорилго дэвшүүлж олон жилийн хугацаанд улс төржин гацсан 14 мега төслийг хэрэгжүүлэхээ зарласан билээ.

Хамтарсан Засгийн газар өнөөдөр ийнхүү гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа. Энэ төсөл нийгэм эдийн засгийн ач холбогдлын хувьд олон улсад Монголын хөрөнгө оруулалтын орчныг цоо шинээр ойлгуулж, тэр дундаа цэвэр эрчим хүчний тухай хөрөнгө оруулалтын их сэргэлтийг авчрах эхлэл цэг, эхлэл цан болж чадна гэдэгт итгэж байна.

Төслийн хүрээнд ногоон эрчим хүч болох цөмийн эрчим хүчний үндсэн түүхий эд 68.9 мянган тонн ураныг үйлдвэрлэж уламжлалт нүүрсэнд суурилсан цахилгаан станцуудтай харьцуулахад улс орнуудын хүлэмжийн хийн ялгарлыг 3.9 тэрбум тонноор бууруулж уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх 2015 оны Фарисын хэлэлцээрээр НҮБ-ын олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн чухал үүрэг амлалтаа биелүүлэх чухал алхмыг Монгол Улс хийж чадлаа. Монгол Улс байгалийн баялгаа цэвэр эрчим хүч үйлдвэрлэхэд зориулан эдийн засгийн эргэлтэд оруулж байгааг өнөөдөр энд дурдахыг хүсэж байна. Энэ төслийг хэрэгжүүлснээр Монголын ард түмэн 5 орчим тэрбум ам.долларын ашиг орлого авчрах бөгөөд орон нутгийн хөгжлийн санд Баялгийн сангаар дамжиж 44 сая ам.долларыг шууд шилжүүлж орон нутгийн иргэдэд дэмжлэг үзүүлэх боловсрол эрүүл мэнд, нийгмийн хөгжилд зориулагдах боломж бүрдэнэ. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу уг төсөл ногдол ашиг хүлээхгүйгээр төсөл хэрэгжиж эхэлсэн цагаас Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сангийн иргэдийн хадгаламжийн дансанд шууд төвлөрч эхлэх болсноороо онцлог юм. Үндэсний баялгийн сангийн тухай хуульд хөрөнгө оруулагчдыг хязгаарлах биш харин ч хөрөнгө оруулагчидтай харилцан ашигтай зөвшилцөх том төслүүдээ хөдөлгөхөд иргэдийн оролцоог хангах, дэмжлэгийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой эрхзүйн орчин бүрдсэн гэдгийг энэхүү хөрөнгө оруулалтын гэрээ олон улсад нотолж байна. Төсөл хэрэгжих олон улсын стандартыг Казахстан улсын сайн туршлагыг хэрэгжүүлэхээр талууд тохиролцсон бөгөөд гэрээний үүргээ биелүүлж байгаль орчин нөхөн сэргээлт чанарын стандартыг нарийвчлан гаргаж ажиллахыг Монголын ард түмэн, иргэний нийгмийн байгууллагууд шаардаж байгааг хөрөнгө оруулагч талд бас сануулъя.

Мөн Франц, Европын Холбооны стандартад нийцсэн уран олборлох шинэ техник технологи, нөү хау-г Монгол Улсад нутагшуулж, шинэ төрлийн үйлдвэр баригдах, нарийн мэргэжлийн, өндөр үнэлэмжтэй 1600 мэргэжилтэн бэлтгэж, монгол иргэдээс чадварлаг хүний нөөц бүрдүүлэх гэрээний үүргээ биелүүлж ажиллахыг хүсье. Монгол Улс ковидоос хойш хамгийн хурдтай өсөж буй эдийн засагтай улсын хувьд дэлхийн бүхий л улс орны Засгийн газар, хөрөнгө оруулагчид, баялгийн сангуудтай эрдэс баялаг, цэвэр эрчим хүчний үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, тээвэр логистик, дэд бүтцийн хөрөнгө оруулалтад харилцан ашигтай хамтран ажиллахад бэлэн байна.
Мөнх хөх тэнгэрийн дор Монгол Улс мандан бадрах болтугай гэлээ.

Д.Амарбаясгалан: Гишүүдийг хоол унданд оруулж, худлаа үнэн мэдээллээр хангаад хуулийн төслөө авч гарах гэж ажилладаг байдлыг цаашид явуулж болохгүй
Д.Амарбаясгалан: Гишүүдийг хоол унданд оруулж, худлаа үнэн мэдээллээр хангаад хуулийн төслөө авч гарах гэж ажилладаг байдлыг цаашид явуулж болохгүй
 
СТАТИСТИК: Амьгүй төрөлтийн тоо 15.7 хувиар буурчээ
СТАТИСТИК: Амьгүй төрөлтийн тоо 15.7 хувиар буурчээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!