Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2020.01.14) хуралдаан 10 цаг 48 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэй эхэлж, “Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ хийсэн.
Тэрбээр "Хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг холбогдох шатны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Байнгын хорооны 2019 оны 10 дугаар тогтоолоор байгуулсан. Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ. Г.Тэмүүлэн, Д.Мурат, Д.Тэрбишдагва. Б.Саранчимэг нар ажиллав" гэв.
Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалт буюу 9 дүгээр зүйлд “усны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн” гэснийг “байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн” гэж хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Усны тухай хуулийн нэр томьёотой жигдэллээ. Хуулийн төслийн 16 дугаар зүйлд 16.4.1, 16.7.4 дэх заалтыг өөрчлөх саналын томьёоллыг бэлтгэв. Төслийн 3 дугаар зүйлийн “байгууллага” гэсний өмнө “төв” гэж нэмэн, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд нийцүүллээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, А.Сүхбат нар асуулт асууж, хариулт авсны дараа Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх Ажлын хэсгээс гаргасан тав, тогтоолын төслийн талаарх гурван саналын томьёоллоор санал хураалт явуулав.
Мөн төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалт буюу 16 дугаар зүйлд “16.4.1.улсын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөний төсөл боловсруулах, уг төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулах;” гэсэн заалт нэмэх, төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалт буюу 16 дугаар “16.4.7.усны экологи-эдийн засгийн үнэлгээ, усны үнэ, тариф тогтоох чиглэлээр судалгаа хийх аргачлал, зааврыг боловсруулах, усны нөөцөд учруулсан хохирлыг тооцох;” гэж өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн.
Түүнчлэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд “2.Монгол Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийн “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг” гэсэн хэсгийн “4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22” гэсэн дугаарыг “5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20,21,22, 23” гэжтустус өөрчилсүгэй.” гэсэн агуулгатай 2 дахь заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь дэмжих нь зүйтэй гэж үзэв.
Ингээд хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. Хуралдаан “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг байгуулах асуудлыг хэлэлцсэн. Уг Ажлын хэсгийг ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Л.Элдэв-Очирыг томиллоо.
Хуралдааны төгсгөлд Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцсэн. Уг Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэгийг томилов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.