Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр /2020.01.14/ Говьсүмбэр аймагт ажиллаж, Засгийн газраас явуулж байгаа бодлого, шийдвэр, хэрэгжилтийг танилцуулан, иргэдийн санал бодлыг сонсож, тулгамдсан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж байна. Тэрбээр тус аймгийн төрийн албан хаагчидтай уулзахдаа ажлын хариуцлагаа ухамсарлаж, иргэн бүрт хүрч ажиллахын зэрэгцээ иргэдээ соён гэгээрүүлэх чиглэлээр бодитой ажил хийхийг үүрэг болголоо.
Говьсүмбэр аймгийн удирдлагууд нийгэм, эдийн засгийн байдал болон иргэдийн ая тухтай амьдрахад чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн талаар танилцуулав. 17500 орчим хүн амтай тус аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалт 2016 оноос хойш тасралтгүй нэмэгдэж, 2019 онд 12 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдсэнийг уулзалтын үеэр онцлов.
Түүнчлэн Говьсүмбэр аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 640 хүүхдийн суудалтай сургууль, Нэгдсэн эмнэлгийн барилга, 50 хүүхдийн цэцэрлэг барих зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажил ид үргэлжилж байгаа ажээ. Аймгийн ажилгүйдлийн түвшин жил ирэх тутам буурч байгаа төдийгүй дундаж цалин 918 мянган төгрөг байгаа ажээ. Мөн ажилгүйдлийн түвшин жил бүр буурч байгааг аймгийн Засаг дарга Г.Батсуурь танилцууллаа.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн томилолт Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд үргэлжлэх ажээ.