Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг томилох асуудлыг хэлэлцлээ. Улмаар Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргад Н.Ууганбаатарыг 60.2 хувийн саналаар, Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшиж буй Сугарын Лхагвадоржийг 66.7, Гэрэлтийн Тэлмэнг 61.3, Тунсагийн Тэлмэнг 67.7, Ундраагийн Хосжаргалыг 66.7, Данзанбалжирын Энхжаргалыг 64.5, Гомбын Эрдэнэбаяр 65.6 хувийн саналаар дэмжигдсэн байна.
С.Лхагвадорж нь 1985 онд Дорнод аймагт төрсөн, 40 настай. 2004-2008 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуульд суралцан, эдийн засгийн онолын бакалаврын зэрэг, 2012-2013 онд UCLA-д төслийн удирдлага, 2011-2013 онд CIU, бизнесийн удирдлагын магистр (MBA)-ын зэрэг хамгаалж, 2019 онд GIZ ХБНГУ-ын засгийн газрын богино хугацааны менежер бэлдэх хөтөлбөрт, 2019 онд Harvard Business хөтөлбөрт тус тус хамрагджээ. Тэрбээр 2008-2011 онд Голомт банканд Байгууллагын банк хариуцсан менежерээр ажиллаж, 2014-2017 онд Улаанбаатар хотын банканд Салбар, хэлтсийн газрын захирал, 2017-2019 онд Улаанбаатар хотын банканд Иргэдийн банкны орлогч захирал, 2019 оноос одоог хүртэл “Дарь Финанс” ББСБ-ын Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа юм байна.
Гэрэлтийн Тэлмэн нь 1985 онд Улаанбаатар хотод төрсөн, 40 настай. Г.Тэлмэн нь 2008 онд МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийг Олон улсын эдийн засгийн харилцааны чиглэлээр бакалаврын боловсрол эзэмшсэн. 2011-2013 онд БНСУ-ын Сонгюньгуан их сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалжээ. 2008-2009 онд LG International Corporation-ий Монгол дахь Төлөөлөгчийн газарт туслах менежерээр ажиллаж байгаад 2012 онд “Samsung C&T Corp. Trade and Investment Group”-т дадлагын ажилтан; 2013 онд “LG International Corporation”-д туслах менежер; 2013-2015 онд тус группын Худалдаа, хөрөнгө оруулалтын Монгол дахь төлөөлөгч, ахлах менежерээр ажиллажээ. 2014-2016 онд “Эм И Си Партнерс” ХХК-ийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал IT /Он-лайн худалдаа/; 2016-2019 онд “Монгол шуудан” ХК-ийн Дэд захирал; 2020-2024 онд “Ард Кредит” ХК-ийн Гүйцэтгэх захирал; 2024.04 сараас одоог хүртэл “Монгол шуудан” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа аж.
Тунсагийн Тэлмэн 1978 онд Улаанбаатар хотод төрсөн. Т.Тэлмэн нь 47 настай. 2000 онд СЭЗДС-ийг санхүүч, банкны эдийн засагчаар төгссөн. 2004 онд ХБНГУ-ын Гадаад худалдааны академийн мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан, 2009 онд АНУ-ын Миссури мужийн их сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалжээ. Нэр дэвшигч 2000-2003 онд Монголбанкны Дотоод хяналтын газарт аудитор; 2004-2007 онд тус газарт аудитор, улсын байцаагч; 2010 онд Монголбанкны Хяналт шалгалтын газарт хянан шалгагч, улсын байцаагчаар ажиллажээ. 2010-2013 онд “Монгол даатгал” ХХК-ийн Даатгал эрхэлсэн дэд захирал; 2013-2014 онд “Монголын Алт Корпорац”-ын Хөрөнгө оруулалт, эдийн засгийн газрын захирал; 2014-2016 онд “Микрокредит” ББСБ-ын Гүйцэтгэх захирал; 2016-2020 онд Санхүү эдийн засгийн их сургуулийн Санхүүгийн удирдлагын тэнхимийн Мэргэжлийн зөвлөлийн гишүүн; 2016-2017 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын зөвлөхөөр ажилласан байна.
2018-2021 онд Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газар, “Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн эрх зүйн орчин бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх төсөл”-ийн зөвлөх; 2019 оноос хойш “Амар Даатгал” ХХК, Бизнес эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байгаа аж.
Ундраагийн Хосжаргал 1983 онд Улаанбаатар хотод төрсөн, 42 настай. У.Хосжаргал нь 2006 онд ОХУ-ын Кемеровын их сургуульд эдийн засгийн ухааны бакалаврын зэрэг хамгаалж, 2006 онд мөн сургуульдаа эдийн засгийн ухааны магистрын зэрэг хамгаалжээ. 2021 онд Манчестр Метрополитан их сургуульд FinTech магистрын зэрэг хамгаалсныг сонсгол даргалагч танилцуулсан юм. У.Хосжаргал нь 2006-2007 онд Голомт банканд эдийн засагчаар; 2007-2010 онд тус банкны Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн менежерээр; 2010-2014 онд Салбарын захирлаар; 2014-2018 онд Сувгийн удирдлагын газрын захирлаар; 2018-2019 онд БПР төслийн захирлаар ажиллаж байгаад 2021-2022 онд “МИГ” ХХК, Дэд захирал; 2022 оноос “BPM Mongolia” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!