МУГТ, Мэргэжлийн боксчин Э.Цэндбаатар хоёрдугаар сарын 15-ны өдөр "АСА Арена"-д болох Аваргын бүс хамгаалах тулааныхаа талаар мэдээлэл хийсэн. Тодруулбал, тэрбээр "Би бокс тоглоод 16 жил болсон байна. Мэргэжлийн бокс тоглоод хоёр жил болжээ. Өнгөрсөн оны аравдугаар сард WBA холбооны төвийн бүсийн бүсний эзэн болж байна. Энэ бүсийг авах гэж хоёр жил хөдөлмөрлөсөн. Энэ бүсээ авсандаа маш их баяртай байгаа. Ингэснээр мэргэжлийн боксын карьертаа нэг ч ялагдаагүй цувралаа үргэлжлүүлж байна. Миний бүсээ хамгаалах 12 дахь тулаан хоёрдугаар сард болно. Би 61.2 кг биш дээд жиндээ тоглохоор болсон. Өрсөлдөгч болох 2-3 тамирчин маань бараг хожигдол байхгүй гэхэд болно. Дэлхийн чансааны топ 15-т багтдаг тамирчид. WBA холбооны Ерөнхийлөгч Монголд ирнэ. Майк тайсонг бид зурагтаар үздэг байсан. Ийм тоглолтыг Монголын ард түмэндээ харуулахыг зорьж байгаа. Би Монголдоо анх удаа тулалдах гэж байна. Ард түмэнтэйгээ 12 дахь ялалтаа хуваалцмаар байна. Би их хичээж байгаа. Гэхдээ Монголд утаа түгжрэлд бэлтгэл хийхэд хүнд байгаа тул АНУ-д бэлтгэлээ хийнэ. Нөгөөдөр би буцаад Америк явна. Би хоёрдугаар сарын 10-нд буцаж ирнэ.
Миний дараагийн тулаан тавдугаар сард товлогдсон. Хэрэв би энэ удаа хожвол дэлхийн аваргын төлөө тоглох боломж нээгдэнэ. Би ямар ч хожигдолгүй байх ёстой.
Гадаад улсад тулаан хийхээр Монголчуудын уухай дутдаг. Бид нар чинь гадаад хэл мэдэхгүй. Гадаадад тулалдахаар, монгол ах эгч нар дандаа ирж дэмждэг. Монголынхоо төрийн далбааг мандуулсан хүмүүсийг харахаар огшдог. Гадны орны тамирчинг ялахын тулд би хичээдэг. Эх орондоо тулалдаж байгаагийн давуу тал нь гэвэл би дошин дээрээ байна. 16 жил хөлсөө дуслуулж энэ спортод амьдралаа зориулсан. Эх орондоо хийх гэж байгаа тулаандаа заавал ялна" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!