Х.Нямбаатар: Богино хугацаанд олон хүн тээвэрлэх боломжтой трамвай явуулахаар төлөвлөж байна. Тендерийг ирэх 5-6 дугаар сард зарлана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 19 секунд

Ерөнхий сайдаар ахлуулсан “Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, Дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх” Шуурхай штабын анхдугаар хуралдаан өчигдөр болж, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, 2025-2028 онд Улаанбаатар хотод хэрэгжих томоохон төсөл хөтөлбөрийн талаар хэлэлцсэн юм.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байна. Уг хууль батлагдсанаар агаар, орчны бохирдлыг бууруулах шар болон ногоон бүсийг байгуулж, 50.000 гаруй айлыг хийн түлшний дэд бүтцэд холбоно. Харин агаар, орчны бохирдлыг бууруулах шар бүсэд 147 мянга гаруй айл өрхийг хамруулна. Шар бүсэд хамрагдах айл өрхөд стандартын шаардлага хангасан давхар шаталтат зуухыг нэвтрүүлж, 95 мянган өрхийг дулаалгын төсөлд хамруулна” хэмээн онцлов.

Мөн тэрбээр 2025-2028 онд Улаанбаатар хотод хэрэгжих томоохон төсөл хөтөлбөрүүд буюу Туулын хурдны зам, Тойрог хурдны зам, метро, трамвай, V цахилгаан станцын ажлын явцын талаар танилцуулсан юм. Энэ тухай тэрбээр, "Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Баянзүрхийн гүүрээс Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт 32 км үргэлжлэх 6 эгнээ бүхий Туулын хурдны замыг барих төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд ирэх хавар бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ. Мөн Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахын тулд нийтийн тээврийг төрөлжүүлнэ. Үүний нэг нь богино хугацаанд олон хүн тээвэрлэх боломжтой трамвай бөгөөд ирэх 5-6 дугаар сард тендер зарлахаар бэлтгэл хангаж байна. Трамвайн эхний шугам Нисэхээс Д.Сүхбаатарын талбай хүртэл байх юм" гэлээ.

А.Амартүвшин: Шингэрүүлсэн хийн түлш ашиглавал агаарын бохирдол 95-98 хувиар буурах боломжтой
А.Амартүвшин: Шингэрүүлсэн хийн түлш ашиглавал агаарын бохирдол 95-98 хувиар буурах боломжтой
 
ЦЕГ: Найз бүсгүйгээ зодож, дарамталсан Ж гэгчид эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хорьсон
ЦЕГ: Найз бүсгүйгээ зодож, дарамталсан Ж гэгчид эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хорьсон
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!