“Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж танилцууллаа. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: 2007 онд УИХ-ын тогтоолоор Стратегийн ордуудыг 1, 2-р хавсралтаар баталсан. Үүнээс 15 стратегийн ордыг нэгдүгээр хавсралтаар баталсан байгаа. Эндээс 34 хувийг Баялгийн сан руу авах хэлэлцээр ямар шатанд явж байгаа вэ. Мөн 2007 оны УИХ-ын 27-р тогтоолын хоёрдугаар хавсралтаар 39 ордыг стратегийн ордод оруулсан байдаг юм билээ. Эдгээр ордууд Баялгийн сангийн хуулийн хэрэгжилтийг хангахад хэрхэн оролцож байгаа вэ.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Үндэсний Баялгийн сангийн тухай хууль өнгөрсөн парламентаар батлагдсан нь Үндсэн хуулийн 6.2 гэдэг заалтыг амилуулах зарчмыг бий болгож чадсан. Стратегийн ордуудад хувь тогтоож, Баялгийн сангаар дамжуулан иргэд хуримтлалын сантай болж, түүндээ үр өгөөж хүртэж болдог гэдгийг оны өмнө харуулж чадсан. Уул уурхайн тавхан төрийн өмчит компани хуримтлал бүрдүүлэхэд 480 орчим тэрбум төгрөг хуримтлагдана гэдэг бол үр дүн.
Цаашид стратегийн ордуудаас төрийн эзэмшлийн 34 хувийг хэрхэн хэлэлцээр хийж авах вэ гэдэг асуудал ажил хэрэг болоод явж байна. Өчигдөр ЗГ-ын хуралдаанаар Эрдэнэтийн үүсмэл орд болох "Ачит ихт" ХХК-тай 34 хувь эзэмшлийн хэлэлцээр хийхийг ажлын хэсэгт даалгасан. Бид санхүүгийн шинжээч, хуулийн багийг авч ажиллуулна. Ингэж байж бид иргэдэд ч, төрд ч ашигтай хэлэлцээрийг хийнэ. Үүнийг УИХ Үндэсний Баялгийн сангийн тухай хуулийг баталж өгснөөр амилуулсан.
Хэрэв УИХ энэ долоо хоногт Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагалдуулсан хуулийг баталж, АМНАТ-аар орлуулах боломжийг нээж өгвөл тэр нь иргэдийн хуримтлалын данс руу шилжих юм. Өөрөөр хэлбэл 34 хувийн тодорхой хэсгийг тусгай АМНАТ-аар орлуулж, нөгөө хэсгийг хуримтлалын сан руу хийдэг, тодорхой хэсгийг нь давуу эрхийн хувьцаа болгох байдлаар зохицуулах боломж бүрдэнэ. Ингээд явбал ирэх оны 12 сар гэхэд иргэд хуримтлалын дансандаа ямар компанийн үр ашиг орж ирэв гэдгийг хардаг болох юм.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!