УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Анхны 126 гишүүнтэй шинэ парламент байгуулагдсан цагаасаа хойш үндсэндээ улсын төсвийн асуудлыг хэлэлцэж шинэ оны босгон дээр шахуу батлалаа. Энэ парламентад УИХ-ын дэд даргаар сонгогдон ажиллаж буй гишүүний хувьд улирч буй 2024 онд ЗГ болоод УИХ-ын үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байна вэ?
-Ес дэх удаагийн парламент илүү мэргэжлийн, чадварлаг залуучуудаар бүл нэмж байгуулагдсанаараа онцлог юм. Нэг л жишээ хэлье. Хуучин бол ЗГ нэг л төсвөө өргөн барьж хэлэлцүүлсэн болоод батлуулчихдаг байсан. Энэ удаад ЗГ 126 гишүүнтэй парламентын босгоор нөгөө л нэг хөөсрөлтэй төсвөө оруулж ирээд эсэргүүцэл, шүүмжлэлтэй тулгарч түүний дагуу Ерөнхийлөгч хориг тавьснаар буцсан. Ингээд Монгол Улсын түүхэнд анх удаа алдагдалгүй төсөв батлагдлаа. Хуучны 76 биш, шинэ 126 гишүүнтэй олуулаа бүрдсэн парламентын давуу чанар энэ. Үүнийг ЗГ мэдэрч, цаашид оруулж ирэх хуулийн төсөлдөө бодолтой хандаж үйлдэл хийх хэрэгтэй байгаа юм. Цаашид улстөрчид бодлогын мэтгэлцээн хийж, хуулиуд ч тэр хэрээр чанартай батлагдана гэдэгт эргэлзэхгүй байгаа.
-Тэгэхээр өмнөх үед УИХ, ЗГ-ын хяналт тэнцэл алдагдаж, нийгмийн бүлгүүдийн төлөөлөл хангагдаж чадахгүй байсан бол энэ удаад 126 гишүүнтэй болсноор парламент бүрэн эрхээ хэрэгжүүлж, гүйцэтгэх засаглалын эрх үүргийг тэнцвэртэй хангана гэсэн үг үү?
-Яг тийм. Түрүүчийн парламентаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, тоо болон тогтолцооны өөрчлөлтийг хийсний үр дүнд цаашид УИХ өөрөө Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэх дархлаагаа баталгаажуулсан гэсэн үг. Тухайн үед миний бие давхар дээлтэй сайд нарын асуудлыг хөндөж, УИХ-ын гишүүн ЗГ-ын гишүүнийг давхар хийж болохгүй гэсэн байр сууриа илэрхийлж шүүмжлээд ядсан. Харамсалтай нь дэмжигдээгүй. Гол учир нь давхар дээлтэй 20 гаруй сайд танхимын хэд хэдэн гишүүнийг ятгаад л хуулиа хурдан батлуулаад алга ташаад явдаг болчихсон байсан. Гэтэл олон гишүүнтэй парламент бүрдэхээр ЗГ-ын гишүүд дан гишүүдийнхээ саналыг бүрэн ятгаж авч дийлэхгүй хэмжээнд хүрчхэж байгаа юм. Дээр нь сайд нарын нөлөөнд автахгүй, өөрийн гэсэн үзэл бодол, байр суурьтай шинэ гишүүд ороод ирсэн учраас гүйцэтгэх засаглалын хувьд УИХ-ын үйл ажиллагааг хүссэнээрээ бужигнуулдаг үе нь ард хоцорч байна гэсэн үг.
Анзаарсан бол төсвийн хуулийн төслийг хэлэлцэж байх явцад 126 гишүүнтэй байх ер нь дэмий юм байна гэдэг яриа явсан. Тиймээс бид зоригтой хийж чадсан тогтолцооны өөрчлөлтөөсөө ухарч болохгүй. Олон ургалч үзэлтэй, нийгмийн бүлгийн төлөөллүүд багтсан чанартай парламент бүрдсэн гэж хэлмээр байна.
ИРЭХ ХАВРЫН ЧУУЛГАН ХУУЛИЙН ТӨСЛҮҮДЭД ДАРАГДАЖ, АЧААЛАЛ ИХТЭЙ ХУРАЛДАНА
-УИХ-ын намрын чуулган өндөрлөхөд сар хүрэхгүй хугацаа үлдсэн байна. Гэтэл шинэ оны босгон дээр УИХ-ын байнгын үйл ажиллагаа тасалдаж, өргөн барьж хэлэлцүүлж байгаа хуулийн төсөл ховор байна шүү дээ. Зарим тохиолдолд товынхоо дагуу хуралдахгүй байгаа тохиолдол ч олон гарч байна. Шалтгаан нь юу вэ?
- Нэг асуудлыг энэ дашрамд хэлье. Өнгөрсөн үе үеийн парламентын үед дараагийн парламент бүрдэхэд өмнөх парламентын үед өргөн барьж байсан хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцдэг байсан. Энэ удаад УИХ-ын дэгийн хуульд өөрчлөлт оруулахдаа өмнөх парламентаар өргөн барьсан байсан хуулийн бэлэн төслийг шинэ парламентаар хэлэлцэхгүй болчихсон юм. Үүнээс болоод шинээр бүрдсэн ЗГ, УИХ-ын гишүүд шинээр хууль санаачилж боловсруулах гээд хугацаа авах шаардлага тулгарсан. Нэг талаас энэ байдал байнгын ажиллагаатай парламентын эрчмийг сааруулж байна гэж хэлж болно. Тиймээс энэ удаад төсвөөс гадна батлагдсан гурав, дөрөвхөн хуулийн төсөл, нэлээд хэд нь тогтоолын төслүүд байлаа.
Батлагдсан цөөн хуулийн нэг нь миний ажлын хэсгийг нь ахалсан Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл байлаа. Хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг 97 хувиар дэмжиж, эцсийн хэлэлцүүлгийг 87 хувиар дэмжиж баталсан байдаг. Энэ бол улс орны өнцөг булан бүрээс ард түмний төлөөлөл болж шударгаар сонгогдсон гишүүдтэй шинэ парламентын нэг том ололт гэж харж байна.
- Үндсэндээ хаврын чуулганаар нэлээд хуулийн төслүүд овоорч, хэлэлцэгдэнэ гэсэн үг үү?
- Миний хувьд хаврын чуулганаар 6 хуулийн төсөл өргөн барихаар төлөвлөн ажиллаж байна. Жишээ нь, Хуурамч шатахууны тухай хууль, Малчдын зээлийг тэглэх тухай хууль, Уул уурхайн боомтоос тухайн орны царигийн дагуу төмөр зам тавих тогтоолын төсөл, зэрэг хуулийн төслүүдээ өргөн барьж хэлэлцүүлнэ. Мэдээж энэ намрын чуулганаар хуулийн төслөө өргөн барьж амжаагүй гишүүдийн хувьд хаврын чуулган руу оруулж таарна. Ирэх хавар УИХ нэлээд ачаалалтай ажиллах нь тодорхой байна.
"МАЛЧДЫН ЗЭЭЛИЙГ ТЭГЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХАВРЫН ЧУУЛГАНД ӨРГӨН БАРЬЖ ХЭЛЭЛЦҮҮЛНЭ"
-Малчдын зээлийг тэглэх тухай хуулийн төсөл өргөн барина гэж байна. Шууд утгаараа татвар төлөгчдийн эсэргүүцэлтэй тулах юм биш үү. Нөгөө талаас Хөдөө аж ахуйн салбарт хэрэгжиж байгаа олон төрлийн бодлогын дэмжлэгүүд байсаар атал төсөвт дарамт үүсгэх хэрэг бий юу?
-Малчдын амьдрал маш хүнд байгаа. Зуднаар байгаа хөрөнгөө алдчихдаг. Төрөөс үзүүлж буй дэмжлэг харамсалтай нь бага. Хуулийн төслийн хувьд эдийн засгийн тооцооллыг нь хийгээд боловсруулж байна. Хуулийн төслийг өргөн барих үедээ олон нийтэд дэлгэрэнгүй танилцуулах болно.
Өнгөрсөн парламентаар батлуулсан нэг чухал хууль Малчны тухай хууль байсан. Өөрөөр хэлбэл малчдөд нийгмийн даатгалаа нөхөж төлөөд тэтгэврээ тогтоолгох боломжийг уг хуулиар олгож өгсөн атал одоо хэр нь засгийн газраас журмыг нь батлаагүй байгаа. Хуулийн хүчин төгөлдөр хэрэгжих хугацаа 2024 оны долоодугаар сарын нэгнээс 2025 оны 12-р сарын 31-нийг дуустал гэж заасан байдаг. Үндсэндээ жил хагасын хугацаанд үйлчлэх байсан хуулийн хагас жил нь журам гарч батлагдаагүйгээс цаасан дээрээ бий. Энэ асуудлыг чуулганы хуралдаанд ЗГ-аас байнга сануулж шаардах болно. Журам хэрэгжиж эхэлвэл 11 мянган малчин даатгалаа нөхөж төлөөд тэтгэвэрт хамрагдах боломжтой болох юм.
МАН 2024 оны сонгуульд малчдын саналыг авахын тулд л энэ хуулийг зориуд баталчхаад одоо зорилгодоо хүрчхээд эс үйлдэхүйгээрээ өөрсдийгөө луйварчин гэдгээ харуулж байна гэж миний хувьд бодож байгаа.
"ЗАСАГТ ХАМТАРСАН МАНАЙ НАМЫН СОНГОГЧДЫН ИТГЭЛИЙГ ХАДГАЛАХ ГОЛ НАЙДВАР ТОМ ТӨСЛҮҮД БОЛЖ БАЙНА"
-Ардчилсан нам УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд өмнөх удаад 14 гишүүнтэй байсан тоогоо ахиулж 42 болгож чадсан. Дангаараа сөрөг хүчнээ хийгээд явах бүрэн боломж байсан ч хамтарсан Засгийн газарт орсноос хойш танай намын рейтинг унаж эхэлсэн шүү дээ. Таны байр суурийг сонсвол?
- Анх л шинэ парламент бүрдсэн цагаас эхлээд эрх баригчидтай манай нам хамтарч Засгийн эрхийг барьж болохгүй гэдэг байр сууриа илэрхийлж, хэвлэлийн бага хурал хүртэл хийж байсан. Ардчилсан намд ард иргэд итгэсэн учраас бид энэ парламентад суудлынхаа тоог ахиулж чадсан. Сонгогчдын итгэлийг хадгалж, дангаараа сөрөг хүчин хийх нь манай намын хувьд алс холын ирээдүйгээ бодоход хамгийн оновчтой сонголт байх байсан гэдэгт би одоо ч эргэлздэггүй.
Одоо хамтарсан ЗГ-т “найдах” нэг зүйл нь ирэх дөрвөн жилд хийхээр төлөвлөсөн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн дагуу том төслүүдээ амжилттай эхлүүлэх нь гол юм. Нөгөө талаараа 2025 оны төсөв “жалгын” хөрөнгө оруулалт тараахгүйгээр, хөрөнгө оруулалт татсан 38 төсөл хөтөлбөрт чиглэсэн төсөв батлагдсан гэдгээр итгэл төрүүлж буй. Эрчим хүчнийхээ асуудал, төмөр замын хил холболтын асуудлууд, ураны төслийг эхлүүлэх гэх мэт улс орны эдийн засаг, дэд бүтэц, хөгжилд том дэмжлэг болох ажлуудыг хийхээр зорьж байгаа нь сайн хэрэг. Гол нь эдгээр зорилтоосоо няцаж, сонгогчдын итгэлийг хөсөрдүүлж болохгүй.
Гэхдээ Засгийн газарт хамтарлаа гээд МАН-ын болохгүй, бүтэхгүй бодлогыг дэмжээд алга ташаад байх ёстой гэсэн үг биш шүү дээ. МАН бүхнийг зөв шийддэг байсан бол өнөөдөр Монгол Улс хөгжчихгүй яах вэ дээ. Тиймээс миний хувьд буруу бодлогыг нь шүүмжлээд л явна. Олон шударга залуучууд манай намаас гишүүнээр сонгогдож орж ирсэн учраас бид хамтдаа дуу хоолойгоо нэгтгээд явах болно.
Залуучуудын маань хувьд жаахан баригдмал байгаа үйл бий. Намын дарга, намын гишүүдээс нь хамтарсан засагт орчихсон учраас нэг талаас намынхаа бодлого, гишүүдийнхээ үйл ажиллагааг дэмжээд явах, зарим зүйлд дутуу дуугарах, үгээ залгих асуудал гарч л байгаа. Гэхдээ бид сөрөг хүчний ажлаа цаашид хийгээд л явна.
Ярилцсанд баярлалаа
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!