Шотландын Гэгээн Эндрюсийн их сургуулийн эрдэмтэд агаарын бохирдол, үзэгдэх орчин бүүдгэр байх нь сэтгэл санааг гутралд оруулдаг болохыг судалгаагаар баталжээ. Орчны бохирдол ихтэй газар удаан амьдарсан хүмүүс сэтгэцийн эмнэлэгт хэвтэх нь их байдаг байна. Тэдний явуулсан судалгаанд 200 мянга гаруй хүн хамрагджээ.
Судлаачид азотын давхар ислийн бохирдол ихтэй газар удаан амьдрахад хүний зан чанар эвдэрч, догшин эсвэл сэтгэлийн гутралд орж, эмнэлэгт хэвтэх нь нэмэгдэж байна гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Судалгааны үр дүнд агаарын бохирдолд илүү өртөх нь сэтгэцийн болон бие махбодын өвчнөөр эмнэлэгт хэвтэх хүмүүсийн тоо нэмэгдэхтэй шууд холбоотой гэж дүгнэсэн байна.
Өөр нэг судалгаа. 2019 онд АНУ-ын эрдэмтэд 150 сая гаруй хүний эрүүл мэндийн даатгалын мэдээлэлд дүн шинжилгээ хийжээ. Авсан мэдээллээ судлаачид АНУ-ын янз бүрийн дүүрэг дэх агаарын бохирдлын түвшинтэй харьцуулсан байна. Агаарын чанар харьцангуй бага үзүүлэлттэй газруудад амьдардаг хүмүүсийн мэдрэлийн хоёр туйлт тэнцвэр алдагдах өвчнөөр шаналах эрсдэл 27 хувиар нэмэгдэж байсан бол сэтгэл санааны гүн хямралд орох магадлал 6 хувиар илүү байсан аж. Эрдэмтэд судалгаандаа нас, хүйс, орлогын дундаж хэмжээ зэрэг хүний сэтгэл санааны байдалд нөлөө үзүүлдэг хүчин зүйлүүдийг тооцож оруулснаа онцлон тэмдэглэжээ.
Судалгааны хоёрдугаар үе шатанд эрдэмтэд Данийн 1.4 сая гаруй иргэний эрүүл мэндийн даатгалын мэдээллийг судалж, мэдээллээ орчны агаарын бохирдлын түвшинтэй харьцуулсан байна.
Агаарыг бохирдуулагч бодисын агууламж өндөртэй газруудад амьдардаг хүмүүсийн сэтгэл санааны гүн хямралд орох эрсдэл 50 хувиар нэмэгдэж байсан бол шизофрен буюу солио өвчин хийгээд сэтгэцийн бусад эмгэгүүд илрэх магадлалыг байгалийн цэвэр агаарт өсөж торнисон хүмүүсийнхтэй харьцуулахад 2 дахин илүү байжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!