Б.Тулга: Нарансэвстэйн боомтыг эсэргүүцэж байгаагийн цаана ашиг сонирхол, хууль бус нинжа байх хардлага байна

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
8 минут 7 секунд

УИХ-ын гишүүн, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга өнөөдөр боомт тойрсон асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр түүнтэй цөөн хором ярилцлаа.

-------------------------------------

-УИХ-аар 2025 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэж байна. Алдагдалгүй төсөв батлах тодотголтойгоор энэ удаагийн төсвийг хэлэлцүүлж урсгал зардлаас таналаа. Өчигдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар шигшээ багийн тамирчдын зардлыг нэмэгдүүлж, харин зарим боомтын бүтээн байгуулалтын зардлыг танаж хойшлуулсан тухай та яриандаа дурдлаа?

-Засгийн газрын зүгээс барьж буй бодлого бол шинээр барьж буй автозам, төмөр замын дэд бүтцийн хувьд эрэмбээр нь худалдаа явагдаж буй боомтууд руу холбох автозамууд руу ач холбогдол өгч байгаа. Энэ үүднээс Алтанбулаг-Дарханыг холбосон дөрвөн эгнээ автозамын төсөл жилээр хойшилж байх шиг байна. Яагаад гэвэл, санхүүжилт нь хийгдэж чадахгүй. Түүнчлэн урагшилж буй төслүүдийн хувьд Завхан аймгийн Арцсуурь руу тавигдах зам энэ жил эхэлнэ. Сүхбаатар аймгийн баруун урдаас Бичигт боомт руу тавигдах замын ажил эхэлнэ. Өмнө нь жил явж байсан Дорнод аймгийг Чойбалсан хот-Хавирга боомттой холбох замын төсөл үргэлжилж байгаа. Өчигдрийн байдлаар энэ боомтын төслөөс тодорхой тооны зардал хасагдаж тамирчдын урамшуулал руу шилжих шийдвэр гарлаа. Яах вэ, энэ онд дуусах хуваарьгүй зам байсан л даа. Тэгэхээр энэ жил хийх ажил багасч байна гэсэн үг. Уг нь мөнгө олж, орлого олж буй газрууд руу нэн тэргүүнд дэд бүтцээ тавих нь бидний нэгдүгээр эрэмбийн зорилго байх ёстой. Энэ зорилгоосоо жаахан хойшоо сууж байна. Гэхдээ нэгэнт Ерөнхийлөгч, УИХ дээр төсвийг алдагдалгүй болгох шийдвэр гарсан учраас ингэхээс өөр арга байхгүй. Үгүй бол төрийн албан хаагчдын цалин руу, эмч, багш төрийн тусгай албан хаагчдын зардал руу илүү орно гэсэн үг.

-Бид аливаа нэг бүтээн байгуулалт эхлүүлэхийн өмнө эсэргүүцдэг бичигдээгүй хуультай боллоо. Энэ удаа Нарансэвстэйн боомт дээр давтагдаж байна. Хэрэв энэ боомт ашиглалтад орвол эдийн засгийн хувьд ямар үр өгөөжтэй вэ?

-Маш богино хугацаанд баруун бүсийг Замын-Үүд-Эрээн шиг боомттой болгоно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, баруун бүсийн иргэд 100 хэдэн км явж байж Хятад улстай, тэр тусмаа Замын-Үүд-Эрээний боомтоор үйлчлүүлэх биш тэр бүс нутагтаа өөрөө тийм боомттой болох бололцоо байна. Яагаад Нарансэвстэй боомтыг онцолж байна гэхээр Өвөрмонголын өөртөө засах орон, Шинжаан-Уйгурын өөртөө засах орноос тусдаа Хятадын засаг захиргааны дотоод мужтай шууд хиллэдэг. Тэр дотоод мужууд нь Хятад дахь засаг захиргааны нэгжүүд дотроос эдийн засгийн өсөлтөөрөө номер 3-т явж буй. Өвөрмонголтой харьцуулбал үндсэн эдийн засаг нь уул уурхай биш аж үйлдвэрийн чиглэлээр илүү эдийн засгаа авч явдаг. Аялал жуулчлал, хөдөө аж ахуйгаар илүү авч явдаг онцлогтой. Иймээс энэ бүс нутагтай худалдаа хийх нь баруун бүс нутаг, үйлдвэрлэл хөгжих ийм бололцоог энэ боомтоор тавьж өгнө. Мэдээж иргэд энэ асуудалд санаа зовж байр сууриа илэрхийлж байгаа. Энэ бол Ардчилсан нийгэмд байдаг хэвийн үзэгдэл. Бид зарим хүмүүсийн яриад байгаа шиг тусгай хамгаалалттай газрыг байхгүй болгож уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа зүйл байхгүй. Тэнд тусгай хамгаалалттай газраа улам илүү менежментийг нь сайжруулж, тусгай хамгаалалттай газрын санхүүжилт, тогтвортой явах нөхцөл байдлыг бүрдүүлэх ёстой гэж үзэж байна. Мэдээж хэрэг эрдэмтэд, иргэдтэйгээ хамтарч ажиллах ёстой. Зөвхөн тэнд Мазаалай, Хавтгай зэрэг амьтан амьдрахаас гадна тэр бүс нутагт маш олон монголчууд амьдарч байгаа. Иймээс монголчууд маань үнэтэй бензин, үнэтэй бараа бүтээгдэхүүн хэрэглэдэг биш, өөрсдөө үйлдвэрлэл явуулах, бий болгосон бүтээгдэхүүнээ үнэ хүргэж зарах бололцоог бий болгох байх.

-Нарансэвстэйн боомтыг эсэргүүцэж байгаагийн цаана ашиг сонирхол байх магадлалтай гэдгийг та хэлсэн шүү дээ. Таамаг бий юу?

-Бидний хийсэн судалгаагаар, говийн дархан цаазат бүсийн А хэсэгт хууль бусаар уул уурхай явуулсан ул мөр 38 цэг дээр бүртгэгдсэнийг бид баримтжуулсан. Магадгүй боомт нээнэ гэхээр дархан цаазат газрыг устгах гэж байна гэж мушгиж байгаагийн цаана зохион байгуулалттай, аль болох хараа хяналт багатай байлгаж хууль бус нинжагийн үйл ажиллагаа явуулах сонирхол байна уу гэх хардлага байна. Үүн дээр тал талаас нь судалж баримтжуулах ёстой байх гэж бодож байна. Бид эхний ээлжид тэнд хөндөгдсөн эвдэрсэн газрын бүртгэлийн тооллогыг нь хийж байна. Онгон бүсээс эхлээд хязгаарлалтын бүс, орчны бүс зэрэг бүгдэд нь уул уурхайн үйл ажиллагаа явуулсан ул мөр байна. Иймээс бид говийн их дархан цаазат газрын хамгаалж сайжруулах хэрэгцээ шаардлага байна уу гэвэл байна гэж дүгнэж байна.

-Засгийн газраас Боомтын сэргэлтэд ач холбогдол өгч байгаа. Гэтэл хууль эрхзүйн орчин нь ямар байгаа юм?

-Одоогоор манай улс хилийн хуулиар явж байна. Зарчмын хувьд боомт шалган нэвтрүүлдэг, шалгадаг цэг биш. Боомт бол ашгийн төлөө бизнесийн байгууллага, үйлчилгээ үзүүлэх ёстой гэх энэ зарчмыг оруулахаар хууль шинээр боловсруулж байна. Ингэж менежмэнтийг авч явахдаа зөвхөн төр биш хувийн хэвшилтэй хамтрах эсвэл хувийн хэвшил дангаараа зэрэг олон хувилбарыг харж байна. Үгүй бол боомт нь хилийн бүс учраас тэнд гарч буй шийдвэр нь жил, хоёр жил дамнадаг маш хүнд сурталтай, хүнд процесс дамнадаг учраас үүнийг зөөллөх шаардлага бидэнд байгаа юм.

-Боомтод байрлаж буй аймаг, сумдын тухайд хөгжлийн тухай яриад ч хэрэггүй. Тэр аймаг, сумдын хөгжлийн хувьд Боомтоос төвлөрүүлж буй орлогыг яаж хуваарилах, хөрөнгийг хэрхэн шингээх вэ?

-Үүн дээр харин хуулиар дамжуулан боомттой аймаг нь өөрөө тухайн боомтоос олсон орлогоос тэр аймаг суманд хөрөнгө оруулалт хэлбэрээр ордог заалтыг оруулж өгье. Тэгвэл Улаанбаатарын төвлөрлийг сааруулах, тэнд эдийн засаг үүсэж байгаа учраас хүмүүсийн төвлөрөл бий болох ийм нөхцөл байна. Тиймээс уурхайтай аймаг өөртөө илүү хөрөнгөтэй байдаг гэдэг шиг боомттой аймаг илүү хөрөнгө оруулалттай хөгжих саналыг л тусгаж байгаа юм.

МИАТ ТӨХК АНУ-ын иргэний нисэхийн газрын аудит шалгалтад тэнцэж, гэрчилгээгээ гардан авлаа
МИАТ ТӨХК АНУ-ын иргэний нисэхийн газрын аудит шалгалтад тэнцэж, гэрчилгээгээ гардан авлаа
 
“Хотын олон талт төлөвлөлт, тогтвортой хөгжил“ форум зохион байгуулагдлаа
“Хотын олон талт төлөвлөлт, тогтвортой хөгжил“ форум зохион байгуулагдлаа
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!