СУРВАЛЖИЛГА: Халуурч, ханиалгасан хүүхдүүдээр “Эх нялхас“ дүүрчээ. Яаралтай тусламжийн тасагт хоногт 250-300 хүүхэд ирж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 48 секунд

Монголчуудад улирлын чанартай олон зовлон бий. Өвөлдөө утаа, ханиадтай. Улирлын жамаар утаа, угаараасаа арай гэж салахаар зам талбай нь үерт урсчихна. Одоо бол томууны улирал эхэлж, эмнэлгүүд халуурч бүлээрсэн хүүхдүүдийн хөлд дарагджээ. Тухайлбал, “Эх нялхас”-ын хүлээн авах хэсэгт ханиалгаж, уйлагнасан, эцэг эхийнхээ энгэрт тэврүүлсэн хүүхдүүдийн цуваа өдөр бүр тасрахгүй байна.

Хүүхдийн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгаар ороход ажилтнууд нь эцэг эхчүүдэд амны хаалт зүүж, гараа ариутгахыг сануулцгаана. Ажиглаад байхад хүмүүс дор хаяж 2-3 хүний хамт эмнэлэгт ирцгээжээ. Энэ нь оргил ачааллын үед хүмүүс багталцахгүй хэрүүл, маргаан гарахад нөлөөлдөг талаар ажилтнууд нь ярив. Эмнэлгийн ачаалал ажлын цагаар харьцангуй бага.

Харин ажил тарах 17:00 цагаас эхлээд эмнэлэг олны хөлд дарагдаж эхэлдэг. Тус эмнэлгийн яаралтай хүлээн авах тасаг шөнийн 03:00 цаг хүртэл ачаалалтай байдаг бөгөөд нэг эмч өдөрт 50-70 хүүхэд үздэг байна.

Ажлын цагаар хоногт 250-300 хүүхэд, амралтын өдөр 350-400 орчим хүүхэд үзүүлж байна

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч М.Пүрэвжаргал "Ажлын цагаар хоногт 250-300 хүүхэд, амралтын өдөр хоногт 350-400 орчим хүүхэд үзүүлж байна. Ажлын цагаар найман эмч, амралтын өдөр 10 эмч үзлэг хийдэг. Хоногт үйлчлүүлж байгаа хүүхдүүдийн 5-7 нь уушгины хатгалгаагаар эмнэлэгт хэвтэж байгаа бол Covid-19 халдвар ханиад томуу шиг улирлын шинж чанартай болж хувирсан учраас тодорхой хэмжээнд бол байгаа. Ханиад, томуутай холбоотойгоор өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж эхлээд манай ачаалал бага зэрэг буурсан. Гэхдээ хоногт үйлчлүүлж байгаа нийт өвчтний 60-70 хувь нь 0-5 насны амьсгалын замын эмгэгтэй буюу ханиадтай хүүхдүүд байна. Томуу төст вирус дотроо 200 гаруй төрөл. Эдгээр нь тус бүр онцлогтой учраас илрэх шинж тэмдэг харилцан адилгүй. Гэхдээ нийтлэг шинж тэмдэг нь халуурах, нусгайрах, хамар битүүрэх, толгой өвдөх, үе мөчөөр шархирч өвдөх зовиуртай ирж байна" гэв.

Хүүхэд өвдөөд халдварын эхний 3-4 хоногт дараагийн хүнийг өвчлүүлэх чадвар нь хамгийн өндөр байдаг аж. Тиймээс энэ хугацаанд хүүхдийг хичээл, сургуульд нь явуулахгүйгээр гэртээ эмийг нь уулгаад ажиглах хэрэгтэй гэдгийг зөвлөв.

ХӨСҮТ долоо хоног бүр аймаг, нийслэлээс цуглуулсан сорьцод шинжилгээ хийдэг. Энэ долоо хоногт 233 сорьцод шинжилгээ хийхэд Covid 19-ийн вирус, томуу, амьсгалын замын вирусууд голлож байгаа талаар Даваа гарагт мэдээлсэн юм.

Эцэг эхчүүд манай хүүхдийн цээж муурны цээж шиг хүржигнээд байна гэцгээдэг. Ийм зовиуртай хүүхдүүд маш ихээр ирдэг

Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн амьсгалын замын эмгэг судлалын тасгийн эмч Г.Болортуяа "Амбулатори төвөөр үйлчлүүлж байгаа эцэг, эхчүүд "Манай хүүхэд сургууль, цэцэрлэгт явахгүй гэртээ байж ханиад авчихлаа" гэдэг. Тэгвэл гадуур явж байгаа хүн вирус тээгээд байна гэсэн үг.

Тиймээс эцэг эхчүүд амны хаалт зүүж хэвших нь маш чухал. Гэртээ ороод ам, хамраа зайлаад, гараа угаах хэрэгтэй. Үүний дараа хүүхэдтэйгээ харьцах ёстой.

Агаарын замаар халддаг учраас гаднаас орж ирээд ханиаж найтаагаад ярих болгонд шүлсээр вирус агаарт тархахад хүүхэд тэр агаараар амьсгалж ханиад авна гэсэн үг. Өвдсөн хүүхдэд шингэн юм сайн уулга. Бүлээн ус, хярам, цайг бага, багаар шимүүлж уулгах хэрэгтэй. Ундаа, чихэрлэг зүйлсээс татгалзаж витаминлаг цутан шөл хийж өгөх хэрэгтэй.

Ялангуяа шуугиант халдварын үед дэглэм эмчилгээ маш чухал байдаг. Шуугиант амьсгал буюу гуурсан хоолой агшиж, цээж нь шуугьдаг. Эцэг эхчүүд манай хүүхдийн цээж муурны цээж шиг хүржигнээд байна гэцгээдэг. Ийм зовиуртай хүүхдүүд маш ихээр ирдэг. Ийм үед эмчилгээний нэг номерт хурц, үнэртэй зүйлсээс татгалзах хэрэгтэй.

Үүнд үнэртэй ус, тамхины утаа арц, хүж, хиншүү, хярвас гэх мэт багтана. Хүүхдээ эмнэлэгт эмчлүүлээд гэртээ ирэхээр эмээ, өвөө нар нь арцаар утчихдаг. Тэгэхээр хүүхэд буцаад л гуурсан хоолой нь шуугиад эмнэлэгт хэвтдэг" гэдгийг анхааруулав.

Иргэдийн стресс, бухимдал нь эмч, ажилтнуудыг ажлаас нь илүү ихээр ядраадаг аж

Хүний эрхийн Үндэсний комиссын 2021 оны судалгааны дүнгээс харахад "Эмнэлэгт үзүүлэхээр ирсэн иргэд 15 минутаас 1 цаг гаруй хугацаагаар хүлээдэг. Үүнээс харахад агаар сэлгэлт муутай байранд хүний бөөгнөрөл үүсдэг" гэжээ.

Ялангуяа шөнө, оройн цагаар хүүхдийн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт "алаан" болдог. Уртын урт дугаарт, агааргүй битүү орчинд хүүхэд эцэг эхгүй ядарцгааж, томчууд нь хоорондоо хэрэлдэнэ. Ёстой л зодолдох нь холгүй байдаг гэнэ.

Тухайлбал, өнгөрсөн хугацаанд эцэг эхчүүд эмч, сувилагчийг харааж зүхсэн, дараалал булаалцалдаж хэрэлдэх зэрэг эмнэлгийн ажилчдад уур уцаараа гаргасан тохиолдол цөөнгүй гарсан байна. Үйлчлүүлэгч орж ирээд элдвээр дайрч доромжлоод гардаг. Эмч нарыг ийм тохиолдолд тэр хүнээ сонсоод, тэвчээд, тайтгаруулаад гарга гэдэг чиглэл өгдөг болохоос ийм тохиолдолд эмч, эмнэлгийн ажилтны аюулгүй байдлыг хамгаалах тогтолцоо огт үйлчилдэггүй. Гомдол, зарга үүсгэвэл эцэст нь эмчийн буруу болж дуусдаг тул гомдол гаргадаггүй байна.

Тиймдээ ч иргэдийн стресс, бухимдал нь эмч, ажилтнуудыг ажлаас нь илүү ихээр ядраадаг аж.

Хүнд нөхцөл дунд эмч нар ажиллаад удаж байна. Адилхан хүн юм болохоороо өвдөнө, зовно, айна, бачимдана, стресстэнэ. Гэтэл иргэд тэднийг үхчихээгүй бол "өргөсөн тангарагтаа үнэнч байх"-ыг шаардана. Уг нь харилцаанаас харилцаа үүснэ гэдэг дээ.

Амны хаалтаа зүүж хэвш

“Амны хаалтаа зүү, гараа тогтмол угаа, ариун цэврийг сахь” гэж Эрүүл мэндийн яам болон бусад холбогдох байгууллагуудаас сануулсаар байгаа. Хэлж анхааруулсаар байтал монголчуудын нэг чихээрээ сонсоод нөгөө чихээрээ гаргадаг хэнэггүй зантай. Автобусанд ханиалгаад яваад л байна. Гудамжаар зөрөх хүмүүсийн ихэнх нь амны хаалтгүй. Иймээс сүржигнэлээ гэж бодолгүй, дор бүрнээ ухамсартай хандах хэрэгтэй болжээ.

ХҮНСЧДИЙН ХОЛБОО: Евразийн эдийн засгийн холбоотой ТҮР ГЭРЭЭ байгуулах гэж буй нь дотоодын үйлдвэрлэлийн хөгжил зогсох аюул дагуулж байна
ХҮНСЧДИЙН ХОЛБОО: Евразийн эдийн засгийн холбоотой ТҮР ГЭРЭЭ байгуулах гэж буй нь дотоодын үйлдвэрлэлийн хөгжил зогсох аюул дагуулж байна
 
Ж.Галбадрах: Ирээдүйн Монгол орон хөгжье гэвэл хүнээ л хөгжүүлэх хэрэгтэй
Ж.Галбадрах: Ирээдүйн Монгол орон хөгжье гэвэл хүнээ л хөгжүүлэх хэрэгтэй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!