Польшийн үндсэн хуулийн шүүх үр хөндөлтийг эсэргүүцсэн шийдвэр гаргажээ. Засаж боломгүй гажиг эсвэл ургийн амь насанд халтай эдгэршгүй өвчин илэрсэн тохиолдолд жирэмслэлтийг зогсоохыг зөвшөөрсөн хуулийн зүйл заалтуудыг Үндсэн хуульд нийцэхгүй гэж шүүгчид үзжээ.
Өнгөрсөн онд үр хөндөлт хийлгэсэн тохиолдлуудын 98 хувь ийм зүйл заалтан дээр үндэслэсэн байна. Үндсэн хуулийн шүүх ийм шийдвэр гаргасан нь Польшид далд үр хөндөлтийг улам бүр нэмэгдүүлж, олон мянган эмэгтэй хууль бус үр хөндөлтийн хохирогч болох үр дагаврыг бий болгоно гэж Хууль тогтоомжийг чангатгахыг эсэргүүцсэн идэвхтнүүд, хүний эрхийг хамгаалагчид мэдэгдсэн байна. Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрийг одоогийн Польшийн эрх баригчдын нэлээд хэсгийг бүрдүүлдэг барууны болон консерватив хүчний төлөөлөгчид сайшаан дэмжжээ.
“ Өнөөдөр II Гэгээн Иоанн Павелыг эх оронд нь дурсаж, Амьдралын үндэс үхлийг ялж байна. 2020 оны 10 дугаар сарын 22-ны энэ өдөр бол түүхэн өдөр. Бид өөрийгөө хамгаалах чадваргүйчүүдийн амийг хөнөөх явдлыг төгсгөл болгож байна” хэмээн Польшийн Сеймийн (парламент) депутат Томаш Жимковский “Твиттер” хуудсандаа тэмдэглэжээ.
“Хүүхэдтэй болох эсэх талаарх шийдвэрийг цаашид гарах үр дагавар дээрээс нь үндэслэн ураг бий болохоос өмнө гаргах хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй тахир дутуу хүүхэд гарч болзошгүй гэсэн сэжгээр хүүхдийн амийг хөнөөнө гэдэг үндсэн хуульд нийцэхгүй” хэмээн тус улсын хуульч Магдалена Кожеква-Калишук мөн тэмдэглэсэн байна.
Польшийн үр хөндөлтийн тухай хууль нь энэ шийдвэр гарахаас өмнө ч Европтоо хамгийн хатуу хуулиудын нэгд тооцогдож байсан юм. 90-ээд оны эхээр коммунист дэглэм унасны дараа Польшид үр хөндөлтийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлаар ширүүхэн хэлэлцүүлэг өрнөсөн юм. Тус улсад асар их нөлөө бүхий каталокийн сүм, консерватив улс төрийн хүрээнийхэн үр хөндөлтийг бүрэн хориглохыг дэмжсэн. Харин Зүүний болон либераль намууд үр хөндөлтийг хуулиар хориглохыг эсэргүүцсэн байна.
1993 онд тус улс гэр бүл төлөвлөлт, ургийг хамгаалах, жирэмслэлтийг зогсоох нөхцөлүүдийн тухай хуулийг баталжээ. Энэ хуульдаа үр хөндөлтийг хуулиар зөвшөөрөх гурван нөхцөлийг тусгажээ. Үүнд:
-Жирэмслэлт эхийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулахаар бол,
-Урагт засаж боломгүй гажиг илэрсэн, амь насанд нь халтай эдгэршгүй өвчин илэрснийг батлан эмнэлгийн баталгаатай тохиолдолд,
-Жирэмслэлт эрүүгийн гэмт хэрэг үйлдэгдсэний улмаас үүссэн бол,
Эдгээр зүйл заалтууд нь Польшид “үр хөндөлтийн аялал жуулчлал” гэх үзэгдлийг бий болгожээ. Энэ нь үр хөндөлт хийлгэх зорилгоор европын бусад орнуудыг зорих, далд үр хөндөлтийг бий болгох үзэгдэл юм.