ХОТЫН ТӨСӨВ 2025: Автомашины татвар, төлбөрийг нэмэгдүүлснээр нийслэл 2025 онд 155.5 тэрбум төгрөг ОЛНО гэж тооцоолжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 6 секунд

Ирэх оны төсөв тойрсон дуулиан, шуугиан үргэлжилсээр. Тухайлбал, нийслэлийн ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг үргэлжилж байх энэ цаг дор олон нийтийн анхаарал татвар нэмэгдүүлэх асуудал руу чиглэж байна. Тодруулбал, төсвийн төсөлд тээврийн хэрэгслийн албан татвар болон зам ашигласны төлбөрийг 3-5 дахин нэмэгдүүлэхээр тусгаад байгаа юм. Албаныхан татвар нэмэгдүүлж буй үндэслэлээ нийслэлийн хүн ам, авто тээврийн хэрэгслийн тоо эрс нэмэгдэж байгаагаас авто замын сүлжээ хэрэгцээ шаардлагаа хангаж чадахгүйд хүрээд буйтай холбоотой хэмээн тайлбарлаж буй. Харин иргэдийн зүгээс үүнийг татварын аргаар "иргэдийнхээ халаас"-ыг хоослох үйлдэл хэмээн дүгнэх нь ч бий. Тэгвэл нийслэлийнхэн тээврийн хэрэгслийн албан татвар болон зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлэх бодлогыг дэвшүүлэхдээ дараах тооцооллыг "барьж авчээ".

НЭГ. ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН АЛБАН ТАТВАРЫГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ

Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуульд заасан татварын хувь хэмжээг тогтоох дээд, доод хязгаарыг УИХ-аас өнгөрсөн хугацаанд дөрвөн удаа өөрчлөн баталж байжээ. Үүнээс хойш дорвитой өөрчлөлт оролгүй өнөөдрийг хүрсэн аж.

Тэгвэл суурь шалтгааны нэгд тооцогдож буй тээврийн хэрэгслийн тоонд ямар өөрчлөлт гарсныг харья.

Дээрх графикаас харахад, нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоон өсөлт өнөөдрийн байдлаар 725 мянга байна. 2020 онд эл үзүүлэлт нь 510 мянга байжээ. Өөрөөр хэлбэл, хотын зам дээр түгжирч буй автомашины тоо дөрвөн жилийн хугацаанд 200 мянгаар нэмэгдсэн аж.

Тээврийн хэрэгслийн тоотой уялдан нийслэлийн замын санд төвлөрч буй татвар ч өсөх нь зүй. Энэ утгаараа автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын орлого 2024 оны аравдугаар сарын байдлаар 44.1 тэрбум төгрөг болоод буй бөгөөд энэ нь 2020 оноос 15 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн дүн юм.

Эргэн сануулахад, албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоосноор дараах тээврийн хэрэгслийн төлөх дүнг ийнхүү харуулсан байдаг.

Тухайлбал, Prius маркийн авто машины хувьд жилд 36.0 мянган төгрөгийн албан татварыг төлдөг байсан бол нэмэгдүүлсэн татварын хувь хэмжээгээр 144.0 мянган төгрөг, Lexus 570 маркийн авто машины хувьд жилд 188.1 мянган төгрөгийн татвар төлдөг байсан бол 752.4 мянган төгрөг, Huindai Porter авто машины хувьд жилд 30.0 мянган төгрөгийн албан татвар төлдөг байсан бол 75.0 мянган төгрөг, цахилгаан тэжээлт автомашины хувьд “0” хувийн албан татвар төлөх тооцоолол гарч байна.

Харин энэ талаар төсвийн төсөлд "Энэ нь өрхийн сарын дундаж зардлын 0.4-2.0 орчим хувийг эзлэхээр тооцоо гарч байгаа нь иргэдийн амжиргаанд төдийлөн дарамт болохгүй гэж үзэж болно" хэмээн дурджээ

ХОЁР. ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ

Автозам ашигласны төлбөрийг 5 дахин нэмэгдүүлэхээр төсвийн төсөлд тусгажээ. Тодруулбал, тээврийн хэрэгслийн моторын багтаамжаас шалтгаалж өдөр, сар, жилд төлөх төлбөрийн тооцооллыг хот дараах байдлаар гаргаад буй.

Ийнхүү төлбөрийг нэмэгдүүлэх нь нийслэлийн автозамын сүлжээг сайжруулах , өргөтгөх, шинэчлэх, түгжрэлийг бууруулах зардлыг санхүүжүүлэх замын сангийн эх үүсвэр нэмэгдэж, автозамын ачаалал түгжрэлийг бууруулахад эерэг нөлөө үзүүлнэ хэмээн онцолжээ. Мөн нэмэгдэж буй дүнгүүд нь өрхийн сарын дундаж зардлын 0.3-0.9 орчим хувийг эзлэхээр байгаа нь иргэдийн амжиргаанд төдийлөн дарамт болохооргүй байна хэмээн тусгажээ.

-Нийслэлийн замын санд 75-80 тэрбум төгрөг нэмэгдэнэ-

Тэгвэл эдийн засгийн үр нөлөө нь хэрхэн гарч ирэх вэ. Энэ тооцооллыг албаныхан дараах байдлаар гаргасан байна. Үүнд:

-Тээврийн хэрэгслийн албан татварын хувь хэмжээг 3 дахин нэмэгдүүлснээр нийслэлийн замын санд төвлөрөх татварын орлогын эх үүсвэр 75.5 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ гэж үзэж байгаа аж.

Харин

-Автозам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэхээр санал болгож буй энэ шийдлийн дүнд нийслэлийн замын сангийн эх үүсвэр 2025 онд 80 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ гэжээ.

ЭЗБХ: “Нэр дэвшигчийг бүртгэх тухай“ Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
ЭЗБХ: “Нэр дэвшигчийг бүртгэх тухай“ Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
 
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!